“Биологич профессорын зам” цуврал лекцийн зочноор профессор Ж.Сүхдолгор оролцлоо

Биологийн тэнхимийн санаачлагаар зохион байгуулсан “Биологич профессорын зам” цуврал лекцийн 2022 оны 5-р сарын 26-ны өдрийн зочноор Биохимийн хөтөлбөргийн ахмад багш, доктор, профессор Жигмэдийн Сүхдолгор оролцож “Биохимич мэргэжлээр замнасан 50 жил” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Профессор Ж.Сүхдолгор 1969-1982 онуудад Ж.Самбуугийн нэрэмжит Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Мах, сүү судлалын секторт эрдэм шинжилгээний туслах, дэд ажимлтнаар ажилласан. Энэ хугацаанд төрөл бүрийн үүлдэр, омгийн малын мах, тосны хими, биохимийн бүрэлдэхүүнийг тодорхойлж судлаач, эрдэмтдийн бүтээлийн бүлэг болгож байв.

1972 оноос эрдэм шинжилгээний дэд ажилтнаар дэвшин сүү судлалаар ажиллах бэлтгэл хийсэн. Монгол оронд саалийн механикжсан фермүүд байгуулагдаж хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилго тавьж байсан. Тэр үед гадаадаас авчирсан сүү, мах-сүүний чиглэлийн дөрвөн үүлдрийн үнээний сүүний гарц, хими, биохимийн бүрэлдэхүүн найрлагыг саалийн хугацаа, үүлдэр, нас, улирал ба тэжээлтэй нь холбон фермийн нөхцөлд харьцуулан анх удаа судлаж гурван удаагийн төслийн үр дүнг саалийн механикжсан 400, 800, 1200 үнээний фермүүдийн сүү үйлдвэрлэлийн эдийн засгийн тооцоо хийх, сүүний гарц нэмэгдүүлэх, сүүний суурь тослог тогтоох боломжийг төлөвлөхөд ашиглаж байв. Профессор Ж.Сүхдолгор 1982-1986 онд БНБАУ-ын Софи хотод Академич Кирилл Братановын нэрэмжит “Бие махбодын үржил хөгжлийн иммунологи-биологийн хүрээлэн”-д Биологийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

1987-2021 онуудад МУИС-ийн БУФ-ийн Биохимийн тэнхимд 34 багшлах хугацаанд ургамлын биохими, биологийн идэвхт бодис, биотехнологийн судалгааны чиглэлээр шавь сургалт бий болгож сургалтын хөтөлбөр, хичээлийн тодорхойлолт, программуудыг үе шаттайгаар шинэчлэн их, дээд сургуульд зориулсан биохимийн хичээлийн цөм хөтөлбөр боловсруулахад санаачлагатай оролцож байв. Багшлах хугацаанд 40-өөд овгийн 60 төрөл, 70 зүйл ургамлын дээжинд дараах судалгаануудыг хийжээ.

  1. Ургамлын анхдагч солилцооны бодисууд
  2. Хоёрдогч солилцооны терпен, терпеноид
  3. Зарим пигмент, фенолт нэгдлүүд, алкалоид, хандлагдах бодисууд
  4. Микробиологийн судалгаагаар зарим ургамлын бохирдол, тест бичил биетний өсөлтийг дарангуйлах судалгаа, 1г ургамлын дээжинд агуулагдах бактерийн нийт тоо, бактерийн эсрэг идэвх, антиоксидант идэвх, актиномицетийн нийт тоо, хөгц мөөгний колоний бичиглэл
  5. Фармакологийн судалгаагаар зарим ургамлын төрөл бүрийн ханд уулгасан туршилтын амьтны сийвэнд хялгасан гуурсийн аргаар доторх ба гаднах цус бүлэгнэлт, холестерины хэмжээг бууруулах туршилт, хоруу чанар, бага ба их нягттай липропротеины хэмжээг тодорхойлох
  6. Биотехнологийн аргаар эдийн өсгөвөр хийж ургамал гарган авах
  7. Зарим ургамлын молекул филогенетикийн судалгаа хийж нуклейн хүчил ба уургийн дарааллыг NCBI-д бүртгүүлж
  8. Ургамлын дээжийг ус болон төрөл бүрийн органик уусгагчаар хандлалт ба бүлэглэн хандлалт хийж цэвэр бодис ялгах, НҮХ тавих, цэвэр бодис ялгаж бүтэц байгууламжийг тогтоох
  9. Туршилт судалгаанд авсан зарим ургамлын хөрсний зүсэлт, иж бүрэн судалгаа хийж физик химийн шинж чанар, цахилгаан дамжуулалтын нэгж, хөдөлгөөнт P2O5, K2O, хөрсний механик бүрэлдэхүүн тодорхойлж, эрүүл ахуйн микробиологийн шинжилгээ, макро-, микроэлементүүдийн хэмжээг тус тус тодорхойлж судалсан.

Багшлах хугацаанд доктор 2, магистр 22, бакалавр 70, эрдэм шинжилгээний өгүүлэл 126, оюуны өмчийн шинэ бүтээл 2, шинэ бодис 12, стандарт MNS 16, ШБОС 1, байгууллагын стандарт 4, технологийн заавар, зөвлөмж 5, нэг сэдэвт бүтээл, мэргэжлийн ном 7, дурсамж ном 2, экспертиз хийж, докторын бүтээлд өгсөн шүүмж 10, удирдаж, гүйцэтгэгчээр ажилласан төсөл 10, бакалаврт заасан лекц, лабораторийн хичээл 12, магистрт заасан лекц, лаборатори 7, докторантад заасан лекц, лаборатори 4 бөгөөд 10 бүтээлийг редакторласан.  Өөрийнхөө удирдсан 9 магистрыг Япон, Хятад орны засгийн газрын тэтгэлэгт шууд хамруулж докторын зэрэг хамгаалуулсан. Илтгэл хэлэлцүүлэхэд ШУС-ийн БУС-ын Биологийн тэнхимийн профессор багш, оюутнуудаас гадна үе үеийн шавь нар нь оролцлоо.

80 ЖИЛ