БАЙГАЛИЙН УРГАМЛЫГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ? тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

МУИС, ШУС-ийн Биологийн тэнхим, Ургамал судлалын мэргэшүүлэх хөтөлбөрөөс ургамал судлалын хичээл судалдаг их, дээд сургуулийн оюутан залуусын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Байгалийн ургамлыг хэн сайн мэдэх вэ?” тэмцээн 12 дахь жилдээ Ойн модны салбарын 100 жилийн ойг тохиолдуулан “Монгол орны ойн ургамлыг хэн сайн мэдэх вэ?” дэд сэдвийн хүрээнд 2024 оны 04-р сарын 20-ны өдөр зохион байгуулагдав.

Тэмцээнд МУИС, МУИС-Баруун бүсийн сургууль, МУБИС, ХААИС, ЭмзүйнШУИС, Монгол Коосэн технологийн коллеж зэрэг 6 сургуулийн 19 багийн 68 оюутан оролцож, мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө. Уг тэмцээний зорилго нь оюутан залууст байгалийн ургамлыг таньж мэдэх, тодорхойлох, овог, төрөл зүйлийн нэрийг цээжлэх, зөв бичиж сурах, цаашид ургамал судлалын чиглэлээр мэргэшин суралцах сонирхлыг төрүүлэх зорилготой юм.

Биологийн тэнхимийн ургамлын цуглуулгын санд багууд ойд ургадаг 90 зүйл гуурст ургамал, 10 зүйл хөвдийн хатаадас ашиглан тэмцээндээ бэлдсэн. Тэдгээрээс 50 зүйл ургамлыг сонгон, онцлог шинж тэмдэг болох цэцэг, навч, иш, үндэсний хэсгээр таньж тодорхойлон овог, төрөл зүйлийн нэрийг зөв бичих даалгавартайгаар өрсөлдөв. Мөн багийн ахлагчид ургамлын морфологи шинжийг таньж тодорхойлох даалгавар гүйцэтгэж, “Шилдэг оюутан”-ыг шалгаруулав.

Тэмцээнийг амжилттай зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажилласан МУИС, ШУС, Байгалийн ухааны салбар болон Биологийн тэнхимийн багш, ажилтнууд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ойн газар, Ойн биологийн олон янз байдлын төв НҮТББ, Сараана байгаль хамгаалах сан, Залуу экологичдийг дэмжих төв Oikos сан, ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, мөн Монгол орны ой болон хөвдийн талаар сонирхолтой лекц уншсан МУИС-ийн ИТС, ХБООИТ-ийн багш С. Бямбагэрэл, ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ЭША Э. Энхжаргал нарт талархал илэрхийлье.

Тэмцээнд дараах багууд тэргүүллээ.

I байр – МУИС-ийн “Галбат” баг (ахлагч Ч. Чойном, гишүүд Ч. Отгонжаргал, А. Номин-Эрдэнэ, Б. Мөнхзул)

II байр – МУИС-ийн “Linneae borealis” баг (ахлагч Ч. Билгүүн, гишүүд М. Хулан, Б. Солонго)

III байр – МУБИС-ийн “Edelweiss” баг (ахлагч Д. Ундаръяа, гишүүд Б. Нарандэлгэр, А. Лхамсүрэн)

Шилдэг оюутан”- аар МУИС-ийн Биологийн нөөц судлалын хөтөлбөрийн 4-р түвшний оюутан Ч. Чойном шалгарлаа.

 

 

80 ЖИЛ