“Биологич профессорын зам”

Биологийн тэнхимийн санаачилгаар зохион байгуулж буй “Биологич профессорын зам” цуврал лекцийн 2022 оны 4-р сарын 28-ны өдрийн  зочноор  Монгол Улсын гавьяат багш, профессор, Биологийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Каманы Улыкпан оролцож, “Сургалт, судалгааны ажил эрхэлсэн он жилүүдийн хэлхээс минь…” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Профессор К.Улыкпан нь 1968 оноос эхлэн МУИС-д багш, лаборатори, тэнхимийн эрхлэгч, Ховд дахь салбар сургуулийн захирал зэрэг ажлыг тасралтгүй 50 гаруй жилийн турш хийж гүйцэтгэсэн ба 2005-2015 онуудад БНКазахстан Улсын Павлодарын Улсын Их Сургуульд зочин профессороор уригдан ажилласан юм. Энэхүү хугацаанд тэрээр казах хэлээр их, дээд сургуулийн сурах бичиг 3-ыг бичиж хэвлүүлсэн ба 3 докторантын, 18 магистрантын ажлыг тус тус удирдан амжилттай хамгааллуулжээ.

Профессор К.Улыкпан 1970 оноос эхлэн Монгол-Зөвлөлтийн биологийн хамтарсан экспедицийн ажилд 1995 оныг хүртэл 25 жилийн турш оролцон Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн хөрсний амьтан судлалын бүлгийг удирдан ажиллаж, Монгол орны бүх аймгийн 270 гаруй сумдын нутагт тархсан хөрсний амьтны ангилал зүй, экологийн судалгааг хийсэн байна. Тэрээр МУИС-д Монгол орны шавьжийн цуглуулгын санг байгуулан 3400 орчим зүйлийн шавьжийг багтаасан 14500 гаруй шавьжийн эталон материал бүхий сургалт, судалгааны тулгуур санг бий болгосон нь сургалт судалгааны ажилд онц чухал эх материал болсон бөгөөд эдүгээ сургалт, судалгааны ажилд хэрэглэгдсээр байна.

Профессор К.Улыкпан “Их нууруудын байгалийн цогцолбор судалгаа”, “Богдхан уулын экоситемийн судалгаа”, “Ойн хөнөөлт шавьжтай тэмцэх дэвшилтэт технологи” сэдэвт эрдэм шинжилгээний томоохон төслүүдийн удирдагчаар ажиллаж, МУИС ба ХБНГУ-ын Гётенген хотын Их Сургуулийн хамтран гүйцэтгэсэн “Ойт, хээрийн бүсийн мониторинг судалгаа” төслийн Монголын талын удирдагчаар ажиллаж, судлаачдын хамтлаг байгуулан, залуу багш, мэргэжилтнүүдийг судалгаа шинжилгээний ажлын арга зүйд дагалдуулан сургаж, уг төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Мөн 2010 оноос эхлэн хэрэгжсэн Монгол-Герман-Казахстан улсын хамтарсан “Монгол Алтай, Хангайн нурууны ой-хээрийн зааг бүсийн биологийн төрөл зүйл, ойн нөхөн сэргээлтэнд мал бэлчээрлэлтийн үзүүлэх нөлөө” төслийн удирдагчаар ажилласан юм.

Тэрээр Монгол улсад анх удаа МУИС-д Экологийн лабораторийг үндэслэн байгуулж, амьд биесийг экологийн орчинтой нь холбон судлах ажлын эхлэлийг тавьсан бөгөөд уг лаборатори тэнхим болон өргөжин зохион байгуулагдаж, эдүгээ бие даасан экологич, биологичдыг бэлтгэх шинэ мэргэжлийн хөтөлбөрийг нээн 23 дахь жилдээ үр бүтээлтэй  ажиллаж  байна.

 К.Улыкпан оюутны багшлах болон хээрийн ба үйлдвэрлэлийн дадлагыг 40 гаруй жилийн турш тасралтгүй удирдан ажиллаж, нийт 9 хүний докторын ба дэд докторын ажил, 25 магистрын ажил, 116 оюутны дипломын ажлыг удирдаж хамгаалуулсан байна.

Профессор К.Улыкпан дангаараа болон бусадтай хамтарч нэг сэдэвт бүтээл, сурах бичиг, гарын авлага 26, эрдэм шинжилгээний өгүүлэл, тезис 106, сургалт судалгааны аргачлал 30 гаруйг бичиж нийтийн хүртээл болгосон бөгөөд үйлдвэрлэлд нэвтрүүлсэн зөвлөмж, бүтээл 7, редакторласан бүтээл 16, шинэ бүтээлийн гэрчилгээ авсан 4 бүтээлтэй байна.

Шинжлэх ухааны доктор, профессор К.Улыкпан нь тус оронд биологи, экологийн мэргэжилтэн, багш судлаачдыг бэлтгэх, эдгээр шинжлэх ухааны салбар чиглэлүүдийг тус улсад хөгжүүлэх ажилд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан он удаан жил үр бүтээлтэй ажиллаж байгаа манай ахмад багш, эрдэмтэн судлаач билээ.

80 ЖИЛ