XIV удаагийн зуны сургалтыг амжилттай зохион байгууллаа

МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхим нь ХБНГУ-ын Гёрлиц хотын Зенкенбергийн байгалийн түүхийн музейтэй хамтран Монгол орны хөхтөн амьтны биологийн олон янз байдлыг судлах, оюутан залуучуудыг судалгааны арга зүй болон шинжлэх ухааны цуглуулга хийх арга зүйд суралцуулах зорилгоор хамтарсан XIV удаагийн “зуны сургалт”-ыг 2023 оны 6 дугаар сарын 3-25 ны хооронд амжилттай зохион байгууллаа.
Зуны сургалтыг ХБНГУ-ын Зенкенбергийн байгалийн түүхийн музейн проф. др. Х. Анзорге, М. Ханелт, МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн багш, проф. др. Д. Лхагвасүрэн нар удирдан явуулсан бөгөөд МУИС-ийн биологийн нөөц судлалын хөтөлбөр болон Дархан хотын ХААИС-ийн Хүрээлэн буй орны хяналт хөтөлбөрийн оюутнууд оролцлоо. Сургалт, судалгааг Завхан аймгийн Тэс сумын Тэсийн гол, Баянтэс сумын Хачигийн голын орчим зохион байгуулж, хөхтөн амьтны олон янз байдал, тэдгээрийн экологийн судалгааны арга зүй болон цуглуулга хийх арга зүйн чиглэлээр лекц, дадлага ажлын хийсэн нь оюутнуудад ихээхэн сонирхолтой байлаа.
Уламжлал ёсоор сургалт, судалгааны явцад амьтны хамгийн сайн чихмэл хийсэн болон хамгийн олон шувуу таньж тодорхойлсон оюутныг шалгаруулсан бөгөөд энэ жилийн амьтны хамгийн сайн чихмэлийн шагналыг Биологийн нөөц судлалын хөтөлбөрийн оюутан Б. Мөнхзул хүлээн авч, амьтны задаргааны иж бүрэн багажаар шагнуулсан бол шилдэг шувуу ажиглагчаар Дархан хотын ХААИС-ийн оюутан Д. Сүхбат шалгарч, Монгол орны шувуу номоор шагнуулсан байна. Зенкенбергийн байгалийн түүхийн музейгээс хээрийн судалгаанд оролцсон нийт оюутнуудад хээрийн судалгаанд түгээмэл хэрэг болох дуран бэлгэлсэн байна.
Бидний хамтарсан сургалтад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн ХБНГУ-ын Гёрлиц хотын Зенкенбергийн байгалийн түүхийн музейн хамт олонд гүн талархал илэрхийлж байна.
МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхим
2023 оны 6 дугаар сарын 28
80 ЖИЛ