ШУС, БУС, Биологийн тэнхимийн ахмад багш доктор, профессор Мишиг-Очирын Цогбадрах Монгол Улсын Гавьяат Багш Цол хүртсэнд баяр хүргэе.

Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн зөвлөх багш, доктор, профессор Мишиг-Очирын Цогбадрах 2023 оны 4-р сарын 10-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат багш цол хүртлээ. М. Цогбадрах нь Боловсролын салбарт 40 гаруй жил үр бүтээлтэй ажиллахдаа Биологийн факультетийн декан, МУИС-ийн Магистр докторын сургалтын албаны эрхлэгч, МУИС-ийн Төгсөлтийн дараах сургуулийн захирал, Биологийн тэнхимийн профессор, МУИС-ийн Экологийн Боловсролын төвийн захирал, МХЗЭ-ийн Хорооны нарийн бичгийн дарга зэрэг хариуцлагатай албан тушаалд ажиллаж байсан. М.Цогбадрах нь биофизикийн мэргэжлийн сургалт судалгааны ажлыг үүсгэн хөгжүүлэх, биологийн мэргэжлийн сургалтын болон эрдэм шинжилгээний ажлыг шинэчлэн сайжруулах, эх орондоо дээд боловсролтой физикч, биологич мэргэжилтэн бэлтгэх, бүх нийтэд экологийн боловсрол олгох, МУИС-ийн магистр, докторын сургалтыг олон улсын түвшинд хүргэх, орчин үеийн молекул биологи, биотехнологийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, МУИС-ийг судалгааны их сургууль болгон хөгжүүлэх үйл хэрэгт идэвх санаачлага, үр бүтээлтэй ажиллаж үнэтэй хувь нэмэр оруулсан. М.Цогбадрах эрдэм шинжилгээний 10 гаруй төслийн удирдагч болон гүйцэтгэгчээр ажиллаж, судалгааны ажлын үр дүнгээрээ гадаад дотоодын эрдэм шинжилгээний 180 гаруй бүтээл хэвлүүлж, тэдгээрийг гадаадын судлаачид бүтээлдээ 800 гаруй удаа эшлэсэн байна.

 

 М.Цогбадрах нь Улсын Биологийн олимпиадын хорооны дарга, Биологийн факультетийг төгсөгч дэмжигчдийн “Биота” холбооны гүйцэтгэх захирал, Монголын Биофизикчдийн Холбооны нарийн бичгийн дарга, ерөнхийлөгч,Азийн биотехнологийн нийгэмлэг”-ийн дэд ерөнхийлөгч, “Солонгост сургууль төгсөгчдийн холбоо”-ны дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч, МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн (19 жил), Биологийн факультетийн Эрдмийн Зөвлөлийн дарга Байгалийн салбарын Эрдмийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж ирсэн ба Монголын Биофизикчдийн Холбооны ерөнхийлөгч,Азийн биотехнологийн нийгэмлэг”-ийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Мөн 2011-2014 онд Биологийн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга, 2014 оноос Физикийн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

80 ЖИЛ