БАЙГАЛИЙН УРГАМЛЫГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ? ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

МУИС, ШУС-ийн Биологийн тэнхимийн Ургамал судлалын хөтөлбөрөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Байгалийн ургамлыг хэн сайн мэдэх вэ?” тэмцээн 10 дахь жилдээ “Монгол орны хээрийн ургамлыг хэн сайн мэдэх вэ?” сэдвийн хүрээнд 2021 оны 11-р сарын 13-ны өдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү тэмцээн ургамал судлалын хичээл судалдаг их, дээд сургуулийн оюутан залуусын дунд зохиогддог бөгөөд энэ жил МУИС, МУБИС, АШУҮИС, ОУУБИС, ХААИС, Монос – ЭЗШУИС, Монгол Коосэн технологийн коллежийн 10 багийн 30 оюутан оролцож, мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө. Уг тэмцээний зорилго нь оюутан залууст байгалийн ургамлыг таньж мэдэх, тодорхойлох, ургамлын овог, төрөл, зүйлийн нэрийг цээжлэх, зөв бичиж сурах чадвар эзэмшүүлэхээс гадна цаашид ургамал судлалын чиглэлээр мэргэшин суралцах сонирхлыг төрүүлэхэд оршино.

Биологийн тэнхимийн ургамлын цуглуулгын сангаас 25 овгийн 46 төрөлд хамаарах 100 зүйл хээрийн ургамлын хатаадас сонгон багууд хуваарийн дагуу бэлдсэн ба тэмцээний өдөр 50 зүйл ургамлыг онцлог шинж тэмдгээр нь (цэцэг, навч, иш, үндэс гэх мэт) таньж тодорхойлон, овог, төрөл, зүйлийн нэрийг бичиж өрсөлдөв.

Хамгийн өндөр оноо авсан гурван баг болон багийн ахлагчийн тэмцээнд түрүүлсэн нэг шилдэг оюутныг шалгаруулж мэргэжлийн ном, бүтээл, мөнгөн шагналаар урамшуулав.

  • I байр – МУИС-ийн “Paeonia баг” (Д. Мөнхтулга, А. Ундруул, С. Лхамсүрэн)
  • II байр – МУБИС-ийн “Edelweiss баг” (Б. Даваа, М. Мижиддорж, Г. Ганчимэг)
  • III байр – МУИС-ийн “Beagle баг” (Ж. Баярбаясгалан, Т. Дэлгэрцэцэг, С. Идэржавхлан)
  • Шилдэг оюутан – Д. Мөнхтулга (Paeonia баг)

Энэ удаагийн тэмцээнд хамтран ажилласан ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн болон зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн МУИС, ШУС, Байгалийн ухааны салбар хариуцсан дэд захирал профессор Б. Батжаргал, Биологийн тэнхимийн эрхлэгч профессор С. Гомбобаатар, Залуу экологичдийг дэмжих төв Oikos сан, МУИС-ийн Биологийн тэнхимийн дэд профессор Ө. Баярсайхан нарт талархал илэрхийлье.

Тэмцээнд идэвхтэй оролцсон оюутнууд, шавь нараа бэлтгэсэн багш нарт талархал илэрхийлж, цаашдын хичээл сурлага, ажил үйлст нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

 

 

 

80 ЖИЛ