“НИЙГЭМ-ЭДИЙН ЗАСАГ, БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДАЛД ХАНДАХ ЭКОЛОГИЙН ШИЙДЭЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

МУИС-ийн Экологийн хөтөлбөр нь анх Монгол улсад судалгаанд суурилсан бакалавр, магистр, докторын шаталсан сургалт явуулж эхэлсэн бөгөөд экологич мэргэжилтэн бэлтгэх тэргүүлэх сургууль болсон.

Экологийн хөтөлбөрийн 35 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал 2023 оны 11-р сарын 17-нд МУИС-д зохион байгуулагдаж, 16 аман илтгэл, 13 ханын илтгэлээр Экологийн судалгааны үр дүнг, нийгэм-эдийн засаг, байгаль орчны тулгамдсан асуудлуудын шийдлийг олох, бодлого боловсруулахад нөлөө болохуйц шинэлэг асуудлуудыг судлаачид хэлэлцүүллээ. Онцловоос:

  • Монгол орны экологийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа бэлчээрийн хэт ашиглалтын асуудлаар профессор Л.Ариунцэцэг нар Монгол орны бэлчээрийн даацыг хэрхэн зөв тооцох, доктор А. Отгонсүрэн нар Монгол орны бэлчээрийн төлөв байдлыг иргэд оролцооны аргаар үнэлэх чиглэлээр, мөн усны экосистемийн асуудлаар доктор Я. Оюунчулуун нар усны экосистемийн төлөв байдлыг үнэлэхэд сээрнуруугүйтний олон хэмжигдэхүүнт индекс боловсруулсан зэргээр Монгол орны нөхцөлд тохирсон арга зүйг боловсруулсан нь эдгээр салбарын бодлогыг зохицуулахад түлхэц болох шинжлэх ухааны үндсийг гаргасан суурь ажлууд болох боломжтой байв.
  • Түүнчлэн профессор Ч. Сономдагва агаарын бохирдлыг бууруулах шийдвэр гаргалтад судалгааны үр дүнг хэрхэн ашиглах талаар, доктор М. Хишигжаргал уур амьсгалын өөрчлөлт бүхий энэ цаг үед Монгол орны ойн өсөлт төлөв байдал ямар байгааг, хэрхэн хамгаалах вэ гэсэн асуудлуудыг тус тус танилцуулав.
  • Экосистемийн тэнцвэртэй байдлыг хангадаг биологийн төрөл зүйлийн хамгааллын чиглэлээр доктор Б. Нямбаяр амьтдад ээлтэй байдлаар хэрхэн эрчим хүчний шугам сүлжээг бий болгох вэ, докторант М. Ууганбаяр туруутан амьтдын холбоос нутгийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хэрхэн уялдуулах вэ зэргээр байгаль орчинд экологийн үндэс суурьтай хандах чухал асуудлуудыг хөндлөө.
  • Эцэст нь ХБНГУ-ын “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” (SPACES) төслийн зохицуулагч Торстен Хардер “Монголын экосистемд нүүрлэж буй сүйрлийн аюул: Байгаль хамгаалалгүйгээр “Алсын хараа-2050”-д хүрэх боломжгүйг анхааруулсан сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн нь шийдвэр гаргагчдын түвшинд эрдэмтэн судлаачийн судалгаанд суурилсан үр дүн чухал болохыг хөндсөн байлаа.

Монгол орны биологийн нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стратеги, хөдөө аж ахуй болон анагаах ухааныг үр ашигтай, оновчтой хөгжүүлэх гэх мэт олон асуудлуудад шийдэл олоход экологийн шинжлэх ухааны суурь болон хавсарга салбарын суурь мэдлэг инновацийн гол түлхүүр болно.

Экологийн хөтөлбөрийн 35 жилийн ойд зориулсан “Нийгэм-эдийн засаг, байгаль орчны асуудалд хандах экологийн шийдэл” эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн нийт судлаачдадаа судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье. Хурлыг зохион байгуулахад ивээн тэтгэсэн Экологийн хөтөлбөрийн 2005 оны төгсөгч Д.Түвшинжаргал, 2014 болон 2020 оны төгсөлтийн хамт олон, SPACES төслийн хамт олон талархал илэрхийлье.

 

Экологийн хөтөлбөрийн хамт олон

80 ЖИЛ