Монгол Улсын гавьяат багш, профессор Г.Жамбын нэрэмжит Микробиологи Иммунологийн Улсын VII олимпиадыг 2023 оны 11 сарын 25-ны өдөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Оюутны Соёлын төвд АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн Дархлаа судлалын тэнхим, АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн Бичил амь судлал, халдварын сэргийлэлт, хяналтын тэнхим, МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Биологийн тэнхимийн Микробиологийн дэд хөтөлбөр, ХААИС-ийн Мал Эмнэлэгийн Сургуулийн Халдварт өвчин судлал, микробиологийн тэнхим хамтран зохион байгуулав. Антиген ХХК, Прецилаб ХХК, Занааспекс ХХК, Экспресс ХХК, АШУҮИС, МУИС, ХААИС ивээн тэтгэв. АШУҮИС-ийн дэд захирал, Монголын Дархлаа Бичил амь судлалын нийгэмлэгийн тэргүүн, Монгол Улсын гавьяат багш, АУ-ны доктор, профессор Г.Батбаатар, уг олимпиадыг зохион байгуулах хорооны дарга, АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн захирал, АУ-ы доктор Г.Дарамбазар, МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Биологийн тэнхимийн Микробиологийн хөтөлбөрийн багш, Биологийн ухааны доктор, дэд профессор Д.Түмэнжаргал нар олимпиадад оролцож буй оюутан залууст амжилт хүсч эрдэм номыг түгээн дэлгэрүүлэн, улам ихийг сурч хийж бүтээхийг уриалж үг хэлэв. Монгол Улсын гавьяат багш, АУ-ы доктор, профессор, академич Г.Жамба багшийн гэргий Монгол Улсын гавьяат багш, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Л.Маналжав, хүү АУ-ны доктор хүний их эмч Ж.Зандраа, охин Ж.Уранбилэг, зээ дүү Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Д.Цэдэн-Иш нарын төлөөлөл хүрэлцэн ирж олимпиадыг зохион байгуулах комисст талархал дэвшүүлж, оюутан залууст эрдэм номдоо хичээн суралцах их үйлст нь амжилт хүслээ.Хоёр жил тутам зохион байгуулагддаг энэхүү олимпиадад Анагаах ухаан, биологи, биотехнологи, мал эмнэлэг, удам зүй, хүн судлалын чиглэлээр сургалт явуулдаг Монгол Улсын төрийн өмчит болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудаас АШУҮИС, МУИС, ХААИС, Ач анагаах ухааны их сургууль, Этүгэн, ЭЗШУИС, ИЗОУИС, Шинэ Анагаах Ухаан Их Сургууль, Монгол Коосэн сургуулийн Микробиологи, Иммунологийн шинжлэх ухааныг шимтэн судалж буй оюутан залуусын төлөөлөл болж 180 гаруй оюутан хувийн болон багийн төрөлд амжилттай оролцлоо.Тэмцээний шүүгчээр МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн профессор Ж.Хулан, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн Халдварт өвчин судлал, микробиологийн тэнхимийн багш доктор Т.Уянгаа, АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн эрхлэгч дэд профессор Т.Хонгорзул нар ажиллав. АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн “Super Shy” баг тэргүүлж удаах байранд МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн “Эсүүд” баг, АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн “Palantaris Microcid” баг тус тус шалгарав.
Олимпиадад амжилттай оролцсон нийт оюутнууддаа талархал дэвшүүье.