Биологийн тэнхимийн багш, оюутнууд Өвөр Монголын Өөртөө Засах Оронд хээрийн судалгаанд оролцлоо.

МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхим болон ӨМӨЗО-ны Өвөр Монголын Их Сургуулийн (ӨМИС) хамтран хэрэгжүүлж буй “Монголын тэгш өндөрлөгийн тал хээрийн бэлчээрийн экосистемийн биологийн төрөл зүйл, үйл ажиллагаанд газар ашиглалтын нөлөөг илрүүлэх нь” төслийн хээрийн судалгаа 2023 оны 7-р сарын 6-аас 8-р сарын 15-ны хооронд ӨМӨЗО-ын Баруун Сөнөд, Зүүн Сөнөд, Баруун Абга, Зүүн Абга, Баруун Үзэмчин, Зүүн Үзэмчин, Баруун Барга болон Зүүн Барга хошууд, Монгол Улсын Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Хэнтий зэрэг аймгуудын нутгуудад хийгдлээ. Судалгаанд ӨМИС болон МУИС-ийн 42 багш, оюутнууд оролцлоо.

Монголын тэгш өндөрлөгийн тал хээр нь Монгол  болон ӨМӨЗО-ны газар нутгийн ихээхэн хэсгийг эзэлдэг. Эдгээр тал хээрийн экосистем нь зүйлийн бүрдэл, биологийн олон янз байдал, уур амьсгалын хувьд ижил төстэй боловч газар ашиглалтын хувьд улам бүр өөр болсоор байна. Монгол улсад тал хээрийн экосистемд уламжлалт нүүдлийн бэлчээрийн мал аж ахуй байгаа бол Өвөр Монголын тал хээрт суурин хэлбэрийн мал аж ахуй руу бараг бүрэн шилжсэн. Харин аль алинд нь малын тоо хэт нэмэгдэж уур амьсгалын өөрчлөлтийн эрчимтэй явагдаж тал хээрийн экосистемийг доройтолд хүргэж байна. Тал хээрийн экосистемийн биологийн олон янз байдал, экосистемийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөллийн талаар олон тооны судалгааг хийгдсэн ч дийлэнх хувийг Монгол эсвэл Өвөр Монголын аль нэгнийх тодорхой нэг газарт хийсэн байдаг. Нүүдэлчин болон суурин мал аж ахуйн тал хээрийн экосистемд үзүүлэх үр дагаврыг нэг ижил арга зүйгээр харьцуулан судалсан судалгаа дутмаг байна. Тиймээс энэхүүтөслийн хүрээнд мал бэлчээрлэлтийн янз бүрийн эрчим болон ялгаатай газар ашиглалтаас (суурин болон нүүдлийн) тал хээрийн экосистемийн биологийн олон янз байдал, экосистемийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөг судлахыг зорьж байна.

 

80 ЖИЛ