Мэргэжлийн тодорхойлолт
Биохими буюу биологийн хими нь амьд организд явагдах химийн процессийг судалдаг шинжлэх ухааны асар том салбар. Анагаах ухаан, хүнс, хөдөө аж ахуй болон орчин үеийн шинжлэх ухааны бүхий л салбарт хийгдэж байгаа нээлт биохимийн ололт, арга зүйд суурьлан хийгдэж ирсэн. Учир нь амьд эс, эд, организмын доторх биомолекулын бүтэц, үйл ажиллагааг химийн үүднээс тайлбарлах, тэдгээрийн уялдаа, холбоо, хамтын ажиллагааг судлах, биосистемын зохицуулга, удирдагыг тайлах, улмаар удирдах боломж олгодог нь энэхүү шинжлэх ухааныг орчин үеийн эсийн болон молекулын биологи, биотехнологийн суурь болгоод байна. МУИС-ийн биохимийн хөтөлбөр нь Монгол улсад биохимич мэргэжилтэн бэлтгэж байгаа анхны бөгөөд цорын ганц хөтөлбөр ба дараах зорилт дагуу төгсөгчдийг бэлтгэдэг. Үүнд:
- Биохимийн шинжлэх ухааны онолын өндөр түвшний мэдлэгтэй;
- Хөдөлмөрийн зах зээл дээр хөрвөх чадвартай;
- Гүйцэтгэгчээс анхан шатны удирдлагын түвшинд ажиллах;
- Анагаах ухаан, хөдөө аж ахуй, хүнс, хүрээлэн буй орчны салбарт технологи боловсруулах чадвартай;
- Бүх шатны сургуульд багшлах онолын болон дадлагын өргөн мэдлэгтэй хүний нөөцийг сурган бэлтгэх.
Бэлтгэгдэн гарч байгаа манай төгсөгчид мэргэжлээрээ болон бусад салбарт эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, багш, мэргэжилтэн, биохимич, технологич зэргээр ажиллаж байна. Тухайлбал:
- Төрийн удирдах байгууллагууд (БОАЖЯ, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Гаалийн Ерөнхий Газрын лабораториуд, Стандарт, хэмжил зүйн газар, салбарууд)-ад мэргэжилтэн, байцаагч, шинжээч, биохимич;
- Гадаад, дотоодын (ШУА-ийн ХХТХ, ШУА-ийн Биологийн хүрээлэн, МЭХ, МААХ, Ургамал хамгаллын ЭШХ, ЗӨСҮТ, АУХ, НЭМҮТ) эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгаа шинжилгээний байгуллага, лабораториудад судлаач, биохимич;
- Их дээд (МУИС, ШУТИС, АУИС, ХААИС, Монос дээд сургууль) болон Кембрижийн сургалттай ерөнхий боловсролын сургуулиуд (Орчлон, Шинэ үе болон бусад), гадны хөрөнгө оруулалттай технологийн коллеж (Монгол Коосэн болон Шинэ Монгол Технологийн коллеж)-д багш;
- Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа хүнс (Сүү ХХК, АПУ ХХК, MSC, Талх чихэр ХХК, Гум ХХК, ТЕСО, Витафит ХХК болон бусад), хөдөө аж ахуй, анагаах ухаан, эм (Монэнзим ХХК, Монос Группын эмийн үйлдвэр), гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэр (Монос косметик)-үүдэд судлаач, шинжээч, технологич, биохимич;
- Биохими, биотехнологи, инновацийн компаниуд (Монветмет, Синапс, Амброс ХХК)-ыг үүсгэн байгуулж ажиллаж байна.
Биохими мэргэжлээр суралцах бол дараах шаардлагыг хангасан байна:
- МУИС-ийн Ерөнхий Суурьт санал болгож байгаа Байгалийн ухааны багцын Молекулын ба эсийн биологи (BIOL 101)
- Мэргэжлийн Суурьт санал болгож байгаа хичээлүүдээс Математик, Ерөнхий хими, Ерөнхий физик зэрэг хичээлүүдийг судалсан байвал биохимийн хөтөлбөрт элсэн суралцахад давуу тал болно.
Биохими мэргэжлээр төгсөгчид дараах шаардлагыг хангасан байна:
- Cypгалтын төлөвлөгөөний дагуу 120-ooc доошгүй багц цаг цуглуулсан;
- Англи хэлний дундын дээд (Upper Intermediate) түвшний шаардлага хангасан;
- Нийт 96 цагийн үйлдвэрлэлийн дадлага (INTE400)-ыг мэргэшүүлэх хичээлүүдийн агуулгаар 4 долоо хоног (өдөрт 6 цаг) хийсэн;
- Нийт суралцах хугацааны сургалтын голч дүн 1.8-аас дээш байна.