Тус сургуулийн Химийн тэнхимийн эрхлэгч, профессор О.Болормаагийн санаачилгаар БУС-ын лаборантуудад зориулагдсан “Химийн бодисын аюулгүй байдал, химийн хог хаягдлыг ангилах” сэдэвт хагас-өдрийн сургалт МУИС-ийн хэмжээнд анх удаа 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хичээлийн I байрны 120 тоот танхимд зохион байгуулагдлаа.
Хөтөлбөрийн бодлого, дотоод зохион байгуулалт, Байгалийн ухааны салбар хариуцсан дэд захирал, профессор Ц.Баатарчулуун сургалтыг албан ёсоор нээж хэлсэн үгэндээ химийн болон биологийн аюулгүй байдлын асуудал онцгойлон тавигдах болсон энэ цаг үед байгалийн ухааны салбарт одоо ажиллаж байгаа лаборантуудаа чадавхжуулах, мэдлэг мэргэшлийг нь дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой, цаг үеэ олсон сургалт болж байгааг дурдаад, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсэв.
Химийн тэнхимийн эрхлэгч, профессор О.Болормаа сургалтын нээлтэд хэлсэн үгэндээ, сүүлийн үеийн нийгмийн хэрэгцээ, олон нийтийн шаардлагад тулгуурлан цаашид улс даяар тус тэнхимээс шинээр лаборант бэлтгэх модуль сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгааг дурьдаад, энэ сургалт нь тэрхүү модуль сургалтын эхлэл болж анхлан зохион байгуулагдаж байгааг цохон тэмдэглэв.
Энэхүү сургалтыг тус тэнхимийн багш дэд профессор Ч.Буян, дэд профессор Ж.Ирэхбаяр нар лекц ба дадлагын ажил хэлбэрээр удирдан явуулав. Сургалтанд БУС-ын дөрвөн тэнхимийн нийт 16 лаборант, Физикийн тэнхимийн зочин профессор багш Ц.Гантөмөр нар хамрагдав.
Сургалтанд хамрагдсан нийт багш, ажилтан нартаа цаашдын ажилд нь амжилт хүсье.