“Химийн бага олимпиад 2019” болно

МУИС, ШУС, БУС-ын Химийн тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Химийн бага олимпиад 2019” энэ оны 11-р сарын 1-3-ны хооронд зохион байгуулагдана.

Химийн бага олимпиад нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын химийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, химид дур сонирхолтой болгох зорилготой ба олимпиадад ЕБС-ийн 9, 10, 11, 12-р ангийн сурагчид оролцох боломжтой. Бага олимпиад нь онол бодлогын тэмцээн хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд тэмцээний дараа зохион байгуулагчдын зүгээс бодлогын тайлбар өгдөг тул сурагчид химийн хичээлээр эзэмшсэн онолын мэдлэгээ сорьж уралдуулахаас гадна мэдлэгээ гүнзгийрүүлэх, суралцах боломжийг олгодгоороо давуу талтай. Мөн тэмцээнд сурагчдаа оролцуулж буй багш нарт зориулж лабораторийн сорил туршилтыг явуулах арга зүйг таниулах сургалт зохион байгуулдаг. 

Бага олимпиадын үеэр Химийн тэнхимийн Багш, Хувьсал клубын оюутнууд олимпиадад оролцогчдод зориулж Химийн тэнхимийн “Хими”, “Багш (хими)”-ийн хөтөлбөрийг танилцуулах, химийн сонирхолтой туршилтууд хийж тайлбарлах, химийн агуулгатай хөгжөөнт тэмцээн явуулах зэрэг танин мэдэхүйн үйл ажиллагааг зохион байгуулдаг билээ.