Монгол Улсын Их Сургууль 1942 онд байгуулагдсанаар манай улсад дээд боловсрол, шинжлэх ухааны төрөл бүрийн салбар хөгжих, түүний дотор химийн шинжлэх ухаан хөгжин дэвжих боломж нээгдсэн юм. Их Сургуулийн анхны гурван мэргэжлийн салбар хүн эмнэлэг, мал эмнэлэг, багш нарын факультетын сургалтыг эхлэхэд байгуулагдсан долоон тэнхимийн нэгэнд Химийн тэнхим орсон байдаг.
МУИС-ИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙН
БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАРЫН
ХИМИЙН ТЭНХИМИЙН ТҮҮХЭН ОН ДАРААЛАЛЫН ХУУДАС
Монгол Улсын Их Сургууль 1942 онд байгуулагдсанаар манай улсад дээд боловсрол, шинжлэх ухааны төрөл бүрийн салбар хөгжих, түүний дотор химийн шинжлэх ухаан хөгжин дэвжих боломж нээгдсэн юм. Их Сургуулийн анхны гурван мэргэжлийн салбар хүн эмнэлэг, мал эмнэлэг, багш нарын факультетын сургалтыг эхлэхэд байгуулагдсан долоон тэнхимийн нэгэнд Химийн тэнхим орсон байдаг.
Химийн тэнхим, хичээлийн лабораторуудыг шинээр байгуулах ажлыг тэр үеийн ЗХУ-аас уригдаж ирсэн профессор, эрдэмтэн багш нар гардан хийж, Москвагийн Улсын Их Сургууль сургалтын багаж тоног төхөөрөмжөөр тусалсан түүхтэй. Монгол Улсын Их Сургуулийн химийн салбарт анхлан хичээл зааж, эрдэм судалгааны ажлыг эхлүүлсэн үндэсний мэргэжилтэн багш нар 1950-аад оноос бий болж, 1951 онд багш нарын факультетын дэргэд хими-биологийн салбар нээгдсэнээр химийн тэнхим нь Ерөнхий, аналитик хими, Органик-биохими гэсэн хоёр тэнхим болон өргөжиж химийн ангийн анхны оюутнуудыг хими-биологи мэргэжлээр бэлтгэж эхлэв.
1955 оноос Химийн тэнхим бие даасан нэгж болж химич, химийн багш мэргэжлээр оюутан бэлтгэж химийн мэргэжлийн сургалт явуулснаас эхлэн салбарын бүтэц бүрэлдэхүүн, сургалтанд үндсэн өөрчлөлт гарч, химич, химийн багш, эрдэм шинжилгээний ажилтан, үйлдвэрийн газрын химич нарыг бэлтгэн гаргаж эхэлсэнтэй холбоотой хими биологийн анги төгсөгчдөөс А.Авирмэд, П.Даваадорж, Д.Чүлтэм, Ш.Цоодол, М.Юндэн, Ш.Лувсандорж, А.Доржпалам нарыг Их сургуульд мэргэжлийн багшаар үлдээн ажиллуулсан байна. Дараа нь химийн салбарын анхны төгсөгч проф. А.Мөнгөнцэцэг, проф.У.Баатар, проф. С.Дондог, проф. Р.Санжаасүрэн, проф. Д.Жамбал нараар тус тэнхимийн багш нарын хүрээ 1959 оноос өргөжин тэлсэн түүхтэй.
1957 онд Химийн тэнхимүүд Байгалийн ухааны факультетийн бүрэлдэхүүнд оров.
1967 оноос таван жилийн сургалтанд шилжин улмаар диплом хамгаалж төгсгөдөг болсноос гадна оюутнуудыг 3-р ангиас нь органик биш хими, аналитик хими, физик-коллоид хими, нүүрс-нефтийн хими, байгалийн нэгдлийн химийн чиглэлээр мэргэшүүлэн төгсгөдөг болжээ.
Монгол Улсын Гавьяат багш, проф. Д.Дорж, проф С.Дондог, дэд проф С.Мягмар нарын санаачлагаар 1990 онд Улсын химийн анхны олимпиадыг зохион байгуулж явуулснаас хойш улсын XVII олимпиадыг явуулж, улсын олимпиад дотроо задран бага олимпиад, аймаг, дүүрэг, сургууль, нэрэмжит, Улсын химийн олимпиад нь сурагчдын, их дээд сургуулийн оюутнуудын, Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын, химичдийн өдөр гэх мэтээр агуулга нь улам өргөжин тэлж явагдаж байгаа бөгөөд 2006 онд Солонгос улсад болсон Олон Улсын Химийн 38-р олимпиадад Манай улс анх удаа албан ёсоор оролцсон явдал бол Олимпиадын ажлын үр дүнг харуулж байна.
1991-1992 оны хичээлийн жилээс тус сургуулийн бүрэлдэхүүнд байгуулагдсан Шинэ материалын хими технологийн эрдэм шинжилгээний төв нь эх орны эрдэс түүхий эдийг химийн аргаар гүнзгий боловсруулан үйлдвэрлэлд шаардлагатай материал, бүтээгдэхүүн гаргах технологийн шинжлэх ухааны үндэслэл боловсруулахад судалгааны ажлаа чиглүүлэн явуулж байсан.
Хими-технологийн мэргэжлийн сургалт 1992 оноос эхэлсэн бөгөөд 1997 онд Хими технологийн тэнхим бие даан Ерөнхий, аналитик химийн тэнхимээс тусгаарлан гарсан юм.
1993 онд Байгалийн ухааны факультетээс Химийн факультет бие даан шинээр байгуулагдав.
МУИС-ийн сургалт багц цагт шилжсэнтэй холбоотой 1994 оноос химийн салбар 4 жилийн сургалтанд шилжиж, тэнхим дээр ерөнхий ба органик биш хими, аналитик хими, орчны хими, физик хими, коллоид хими, анализын физик химийн арга, химийн дидактик зэрэг мэргэжлийн үндсэн курсууд, мөн усны хими, органик биш нэгдлийн хроматографи, ховор элементийн хими, комплекс нэгдлийн хими, геохими, гадаргуугийн үзэгдлийн хими зэрэг хичээлийн сургалт бакалавр, магистр, доктор зэрэг шаталсан хэлбэрээр явагдаж байсан.
1998 онд экологи химич, нефтийн химич мэргэжлээр оюутан бэлтгэж экологийн химич мэргэжлээр 17 жил эхлэв.
1999 онд эрдсийн химич, хүнсний химич мэргэжлээр оюутан бэлтгэж эхлэв.
2005 онд Байгалийн нэгдлийн химич мэргэжлээр оюутан бэлтгэж эхлэв.
Хими-байгаль шинжлэлийн багш мэргэжлээр 11 дэх жилдээ сургалтыг тус тус явуулж хими-байгаль шинжлэлийн багш мэргэжлээр 2006 онд анхны төгсөлтөө хийсэн билээ.
Засгийн газар, сургалт судалгааны хүрээлэн, төвүүд, нанотехнологийн салбарт ажиллах шинжлэх ухаан технологийн компани үйлдвэрүүдийн гурвалсан харилцаа, тэдний үйл ажиллагааг уялдуулан зохицуулж тодорхой үр дүнд хүргэх зорилгоор 2008 онд Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төв байгуулагдав.
2009 онд Нанотехнологи, нано инженерчлэл мэргэжлээр салбар дундын магистрын оюутан бэлтгэж эхлэв.
2010 онд Хими, хими инженерчлэлийн сургууль болж, бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөв.
2010 онд Нүүрсний химич мэргэжлээр оюутан бэлтгэж эхлэв.
2011 онд Нүүрсний судалгааны төв байгуулагдав. Тус төв нь нүүрсний химийн суурь судалгаа, нүүрс боловсруулах хими технологийн судалгаа ба сургалтын өргөн хүрээтэй үйл ажиллагааг олон улсын түвшинд явуулдаг, үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний шинжлэх ухааны байгууллага болох зорилготойгоор ажилладаг. Төвийн үйл ажиллагаа нь эх орны байгалийн органик нөөцийн шинж чанар ба химийн боловсруулалтын талаар сургалт, судалгааны ажил явуулах, энергийн цэвэр, шинэ технологи боловсруулахад чиглэгддэг.
2012 онд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр Хими хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлсэн.
2014 онд Хими, Хими Инженерчлэлийн Сургууль Шинжлэх Ухааны Сургуулийн Байгалийн Ухааны Салбарын Химийн тэнхим, Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн Хими, Биологи Инженерчлэлийн тэнхим болон тус тус дахин зохион байгуулагдлаа.
2014 онд
Хими, багш, химийн мэргэжлийн хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулан боловсруулав.
2014 онд
Химийн тэнхимийн оюутнууд нефтийн хими, нүүрсний химийн чиглэлээр БНХАУ-ын Ниншиа ӨЗО-ы Инчуан Их Сургуульд очиж үйлдвэрийн танилцах дадлага хийлээ.
2014 онд
Хүннү Коал Хувьцаат компани 321 тоот лабораторид 25000 доллар (USD), нүүрсний шинж чанарыг тодорхойлох тоног төхөөрөмжийг хандивлав.
2014 онд
Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Химийн дидактикийн 224 тоот лабораторийг тохижуулав.
2014 онд
Хүнсний хими хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэв.
2015 онд Химийн тэнхимийн химийн бодисын бүртгэлийн нэгдсэн мэдээллийн санг үүсгэлээ.
Дээд боловсролын шинэчлэл, хөгжил төслийн хүрээнд Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр физик, коллоид химийн сургалтын 229 тоот лабораторийг иж бүрэн тохижуулав.
2016 онд Бакалаврын түвшний хими мэргэжлийн хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр Холбооны Герман Улсын ASIIN байгууллагатай гэрээ байгууллаа.
2017 онд БНХАУ-ын Өвөр Монголын Их Сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
Хими мэргэжлийн хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэх өөрийн үнэлгээний тайлангийн эхний хувилбарыг боловсрууллаа.