АНТРОПОЛОГИ, АРХЕОЛОГИЙН ТЭНХИМ
Антропологи, археологийн тэнхим нь антропологи, археологи, хүн ам зүйн 3 үндсэн хөтөлбөрт бакалавр, магистр, докторын түвшний 400 гаруй оюутантай, 19 багш, 2 гэрээт профессор, 3 цагийн багштай ажилладаг. 2023 оны байдлаар доктор, профессор У.Эрдэнэбат тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна. МУИС-ийн 2013 оны 12 сарын 16-нд хийгдсэн бүтцийн өөрчлөлтөөр тухайн үеийн Нийгэм, соёлын антропологийн тэнхим, Антропологи-археологийн тэнхимийг нэгтгэж “Антропологи, археологийн тэнхим” байгуулсан юм. 2022 онд Хүн ам зүйн хөтөлбөр нэгдсэнээр Нийгмийн ухааны салбарт 3 хөтөлбөртэй 24 багштай хамгийн том тэнхим болж зохион байгуулагдав. Монголын түүх, археологийн дурсгалыг хамгаалах үндэсний төв, Хүн ам зүйн сургалт судалгааны төв, Жендер судлалын төв, Археологийн судалгааны төв, Археологийн лаборатори, Био-археологийн лаборатори, төвүүд тэнхимийн хажууд, тэнхимтэй хамтран судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэж байна.
АНУ-ын Вэннэр Грений Антропологийг хөгжүүлэх төслийн хүрээнд 2008 оноос нийгэм соёлын антропологийн сургалтын хөтөлбөрийг шинэчилж, докторын 4 оюутныг Кембрижийн их сургуулийн Антропологийн тэнхимийн дэргэдэх Монгол ба Дотоод Азийн судалгааны төв дээр оюутан солилцоогоор ажиллуулах, докторын судалгааг сэндвич хөтөлбөрөөр удирдах ажлыг 2010 оноос зохион байгуулжээ. Европ-Америкт магистр, докторын зэрэг хамгаалж ирсэн багш нарыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрийг Нээлттэй нийгэм сангаас хэрэгжүүлэв. Антропологийн бүх түвшний шаталсан хөтөлбөрийг МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн дагуу дахин 2015 онд шинэчилсэн юм. Археологийн хөтөлбөрийг анх 1996 оноос эхлэн Европын холбооны дээд боловсролыг дэмжих TACIS төслийн хүрээнд Оксфорд, Кембриж, Данийн их сургуультай хамтран боловсруулж, цаашид 2007 болон 2015 онуудад дахин шинэчилэв. Хоёр тэнхим 2013 онд нэгдсэнээс хойш Археологийн судалгааны төвийг МУИС дээр 2021 онд байгуулж, археологийн багшийн хүний нөөцийг эрс нэмэгдүүлжээ. Дээрх шинэчлэлийн хүрээнд археологийн бүх түвшний шаталсан хөтөлбөрийг 2022 онд дахин шинэчлэв. Тус тэнхимээс Нийгмийн ухааны салбарын сонгон суралцах хичээлийн хүрээнд “Дэлхийн эртний агуу соёл иргэншлүүд” бакалаврын хичээлийг 2023 оноос эхлэн анх удаа англи хэлээр зааж эхэлжээ. Тус тэнхимийн бакалаврын 3 хөтөлбөр, хичээлийн тодорхойлолтыг 2023 онд шинэчлэв.