2023 оны 04 сарын 3 нд МУИС-ШУС-Нийгмийн ухааны салбарын тэнхимүүдийн мэргэжил танилцуулах, сурталчлах өдөрлөг болж өнгөрлөө. Уг өдөрлөгт Нийгмийн ухааны салбарын Антропологи-Археологийн тэнхим, Эдийн засгийн тэнхим, Социологи, нийгмийн ажлын тэнхим, Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим, Боловсрол, сэтгэл судлалын тэнхим, Улс төр судлалын тэнхим зэрэг тэнхимүүд тус өдөрлөгт оролцлоо.
Антропологи-Археологийн тэнхим нь Антропологи, Археологи, Хүн ам зүй гэсэн 3 хөтөлбөр мэргэжлээр сургалтын үйл ажиллагааг хийж байгаа юм.
АРХЕОЛОГИ
1989 оноос хойш Антропологи, археологийн шинжлэх ухааны чиглэлээр сургалт, судалгаа эрхэлж буй манай улсын цорын ганц мэргэжлийн байгууллага юм.
- Археологийн хөтөлбөрөөр бакалавр, магистр, докторын түвшинд нийт 70 гаруй оюутан суралцаж байна.
- Бүх түвшний хөтөлбөрийн чанар олон улсын зэрэгт хүрсэн.
- Археологийн лаборатори, Био-археологийн лаборатори, тэнхимийн номын сан зэрэг суралцах орчин хангагдсан.
- Японы Улсын Шига мужийн их сургууль, Германы Дрездений Технологийн их сургуультай хамтарсан оюутан солилцооны хөтөлбөртэй.
- 2023 оноос эхлэн зарим нэг археологийн хичээлийг дан англи хэлээр НУС-ын оюутнуудад сонгох хэлбэрээр санал болгож эхэлсэн нь хэлний мэдлэг ба хичээл явагдах арга барилын том туршлага болж байгаа.
АНТРОПОЛОГИ
Антропологи нь хүний нийгэм, соёл, угсаа гарвал, угсаатны бүлэг, улс төр, эдийн засаг, шашин шүтлэг, түүх, байгаль орчин зэрэг олон салбарыг хүн төвтэйгөөр онол, практик хослуулан судалж, тайлбарлан таниулж, мэдлэг бүтээдэг мэргэжил юм. Манай тэнхим 1989 оноос хойш угсаатны зүй, нийгэм соёлын антропологи чиглэлээр шаталсан сургалт – судалгаа хослуулсан, тасралтгүй хэрэгжүүлсэн Монгол Улсын цорын ганц мэргэжлийн тэнхим болно.
Антропологи хөтөлбөр нь:
- Нийт 80-90 оюутан суралцдаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судлаачдыг бэлддэг.
- Бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүд нь олон улсын жишигт хүрсэн.
- Оюутны “Антропос” клубтэй, тэнхимийн номын сантай.
- Монгол төдийгүй Хятад, Япон, Буриад, Өвөр Монголоос оюутан ирж суралцдаг, суралцахыг хүсдэг хамгийн эрэлттэй хөтөлбөрийн нэг юм.
- 2023 оны байдлаар тэнхим дээр антропологи чиглэлээр дотоодын 2, олон улсын 3 төсөл тус тус хэрэгжиж, тус төслүүдэд Антропологи хөтөлбөрийн бүх шатны суралцагсад цалинтай ажиллан мэдлэг чадвараа дээшлүүлж, мэргэжлийн хүрээний харилцаа холбоогоо өргөжүүлж байна.
ХҮН АМ ЗҮЙ
Хөтөлбөрийн зорилго: Хүн ам, хөгжил, эдийн засагтай холбогдолтой тоо мэдээллийг цуглуулах, боловсруулах, шинжлэх, тайлбарлах, хүн амын ба хөгжлийн асуудлуудын чиг хандлага, харилцаа уялдаа, шалтгаан, үр нөлөөг судлан тайлбарлах, хөгжлийн төлөвлөлт, үнэлгээнд тусгах чиглэлээр шинжлэх ухааны мэдлэг, ур чадварыг олгоход чиглэгдэнэ.
- Хүн ам зүйн тооцооны техникүүд, загвар ашиглан шинжилгээ хийх, хэтийн тооцоо хийх.
- Хүн ам зүйн үзэгдэл, өөрчлөлтүүдийг нийгэм, эдийн засаг, социологи, антропологи, математик, статистик, улс төр, сэтгэл зүй, газар зүй, анагаах ухаан, биологи зэрэг бусад салбар шинжлэх ухаантай уялдуулан судлах, тайлбарлах.
- Микро болон макро түвшний тоо мэдээллийг боловсруулах, шинжлэх прорамуудтай ажиллах.
- Тоо, мэдээллийг шинжлэх, тайлбарлах, төлөвлөлт, үнэлгээнд ашиглах.
- Нийгмийн судалгааны аргууд, тэдгээрийг хэрэглэх.
- Хүн ам, жендэр, хөгжлийн харилцан уялдааг судлах, хөгжлийн аливаа бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаанд тусган боловсруулах, тэдгээрийг үнэлэх, хэрэгжилтийг хянах, бодлого, хөтөлбөрийг нотолгоо, судалгаанд үндэслэн боловсруулах зэрэг ур чадваруудыг эзэмших юм.