МУИС-ийн орос хэлний салбарын багш нар

ОРОС ХЭЛНИЙ САЛБАРЫН ТҮҮХ

Монгол Улсын ууган их сургууль дэлхийн хоёрдугаар дайны хүнд үед, 1942 онд үүсгэн байгуулагдсан. Чухам энэ жилээс эхлэн орос хэл монголчуудын хувьд боловсрол, шинжлэх ухаан, хөгжлийн гол хэл болжээ.

1942-1943 оны хичээлийн жилд орос хэлний тэнхим С.И. Абакумов, А.Г. Абакумова, В.Г. Карченко нарын гурван  багштай байгуулагдсанаар дээд боловсролтой, орос хэлний мэдлэгтэй боловсон хүчин эх орондоо бэлтгэж эхлэв. 1954-1955 хичээлийн жил хүртэл монгол хэл, монголын уран зохиол, түүхээс бусад хичээл орос хэлээр заадаг байсан бөгөөд энэ үеийн төгсөгчид утга зохиолын орос хэл төгс эзэмшиж гарч байсан. Тэнхимийн эрхлэгчээр зөвлөлтийн мэргэжилтэн С.А. Абакумов, В.К. Клюева, Н.А.Лысяков, Н.Г. Марковичева, К.М. Шабалин и  А.С. Лавша нар ажиллаж байсан. 1958 оноос эхлэн үндэсний боловсон хүчин, М.В. Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн төгсөгч анхны монгол тэнхимийн эрхлэгчээр Г. Очирбат, 1960 оноос Л.Жамбалдорж ажлын халааг нь авч ажиллаж байгаад намын ажилд шилжин орсноор Орос хэлний тэнхимийн эрхлэгчээр Т. Пэлжид сонгогдож, 30 гаруй жил эрхлэгчээр ажилласан байна.

Монгол Улсад гадаад хэлний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх сургалтын эхлэл орос хэлээр тавигдсан түүхтэй. Орос хэл, утга  зохиолын салбар анх 1954 онд нээгдэж 1958 онд анхны төгсөлтөөрөө орос хэл уран зохиолын 28 багш бэлтгэн гаргажээ (Туяа, 2017, х.30 ). Энэ үеэс монгол багш нар монгол хүүхдүүдэд орос хэл зааж эхэлсэн байна.

Тухайн үеийн ректор Д. Цэвэгмидийн санаачилгаар анхны төгсөлтөөс Г. Билэгт, У. Дамдинсүрэн, Ж. Бадамдаш,  Г. Бадамгарав, Б. Пүүшил, Ц. Цэдэн,  Г. Жамьяндорж, Б. Шагдар, Ц. Доржсүрэн, Ц. Гомбо зэрэг шилдэг төгсөгчид болон Монголд суурин амьдардаг оросын иргэд Н.И. Власов, М.Н. Таракановская, В.У.Лхагва, Н.И. Климов, Бузин нарыг дадлагажигч багшаар үлдээж, ажиллуулж эхэлжээ (Туяа, 2017, х.30).

Орос хэл заах, судлах оргил үе болж байсан 1977-1978 оны хичээлийн жилд мэргэжлийн бус ангид орос хэл заадаг тэнхимд 47 багш ажиллаж байв (Цэцэгмаа, 2010, х.41). Орос хэлний салбарыг үүсгэн байгуулах, суурийг нь бат бөх тавихад их хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүс бол ЗХУ-ын эрдэмтэд В.И.Гарин, Л.И.Малова, С.Ф. Гладкий, В.П. Трушкин, М.И. Щетинина болон оросын иргэд Н.И.Григорьева, А.Е.Тугутова, М.Д.Батуева, В.У.Лхагва, С.Е.Морозова, С.Е.Разуваева, О.Д. Ращева, Г.И.Егорова нар юм. Үүний зэрэгцээ үндэсний боловсон хүчин Д. Шаравнямбуу, Р. Эрдэнэ, Б. Загдаа, А. Шархүү, Ц. Цэдэндамба, Д. Дашдаваа, Э. Равдан, С. Төмөр-Очир, У. Сэлэнгэ, Ш.Туяа, Н. Нансалмаа, Г. Эрхэмбаяр, Ц. Туяа, Г. Сарантуяа, С. Эрдэнэмаам, Ц. Батмөнх нарын  монгол багш нарын оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй.

1979 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор МУИС, УБДС-ийн  орос хэл утга зохиолын мэргэжлийн ангиудыг нэгтгэн МУИС-ийн бүрэлдэхүүнд Орос хэлний Институт байгуулсан нь 1982 онд Орос хэлний Институт Орос хэлний багшийн дээд сургууль нэртэйгээр бие даан гарсан ажээ.

Боловсролын яамны сайдын МУИС-ийн бүтэц, зохион байгуулалтын тухай гаргасан 1991 оны 162 дугаар тушаалын дагуу МУИС-ийн захирлын 1991 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 343 дугаар тушаалаар Өрнө, Дорно дахины судлал, Орос хэлний тэнхимийн суурьт үндэслэн Олон Улсын Харилцааны Сургууль байгуулагдаж, 1991-1992 оны хичээлийн жилээс сургалтын үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Тухайн үед ОУХДС нь англи, герман, орос, словак, солонгос, франц, хятад, япон хэлний 8, олон улсын харилцааны 1 нийт 9 тэнхимтэй байлаа. 1991 онд МУИС-ийн ОУХДС-д Зөвлөлт судлалын салбар нээж, тэнхимийн эрхлэгчээр проф. Э.Равданг томилсон байна. 1992 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан тус тэнхим Слав судлалын тэнхим болж өргөжжээ.

МУИС-ийн захирлын 2000 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 333 дугаар тушаалаар Олон улсын харилцааны тэнхимийг Олон улсын харилцааны сургууль, гадаад хэлний тэнхимүүдийг Гадаад хэл соёлын сургууль болгон бүтцийн өөрчлөлт хийв.

2000 онд  МУИС-д ГХСС байгуулагдаж, 2000 оны 10 дугаар сарын 1-нээс Слав судлалын тэнхимийг дахин сэргээж, тэнхимийн эрхлэгчээр д-р Ш.Туяаг томилжээ. 2009-2014 онд Слав судлалын тэнхимийн эрхлэгчээр проф. Н. Нансалмаа ажилласан.

Слав судлалын тэнхимийн орос хэлний салбарт Энхбаярын Равдан, Цогтын Батмөнх, Увенто Сэлэнгэ, Егорова Галина Игнатьевна, Гонгорын Эрхэмбаяр, Цогт-Очирын Цогзолмаа, Балжиннямын Дэмбэрэлмаа нар ажиллаж, монгол мэргэжилтэн  бэлтгэхэд жинтэй хувь нэмрээ оруулжээ. Өнгөрсөн хугацаанд Л. Нямсүрэн, Ш. Солонго, П. Уранчимэг, Д. Энхтуул, Д. Энхжаргал, М. Уранчимэг, С. Нинжбадгар, Б. Намжилмаа, Ж. Сүрэнхор нар хичээлийн туслах ажилтнаар тус тус ажиллаж байжээ.

МУИС 2014 онд хөтөлбөрийн болон бүтцийн өөрчлөлт хийсэн билээ. Энэхүү бүтцийн өөрчлөлтөөр Орос судлал болон Слав судлалын тэнхимийг татан буулгаж, орос хэлний багш нарыг шинээр байгуулагдсан Европ судлалын тэнхимд харьяалуулсан. 2014-2015 оны хичээлийн жилд орос хэлний 10 багш ажиллаж байв. Орос хэлний салбарын төгсөгчдийн ажлын байр, нийгмийн эрэлт, хэрэгцээнд үндэслэн “Гадаад хэл, орос хэл шинжлэл”, “Гадаад хэлний орчуулга, (Орос)” хөтөлбөр тус тус боловсруулж батлуулсан. 2019 – 2020 оны хичээлийн жилээс МУИС-ийн Орхон салбар сургууль боловсруулж батлуулсан “Багш, гадаад хэлний боловсрол, (Орос)” хөтөлбөрийг элсэгчдийн сонголтын дагуу хэрэгжүүлж эхэлсэн.

Орос хэл уран зохиолын салбар анх 1954 онд нээгдэж 1958 онд анхны төгсөлтөөрөө орос хэл, уран зохиолын 28 багш бэлтгэн гаргаснаас хойш 2022 он хүртэлх 64 жилийн хугацаанд орос хэл, уран зохиолын багш; орос хэл, утга зохиол судлаач; орос хэлний багш; зөвлөлт судлаач; орос хэлний багш, орчуулагч; орос хэл, олон улс судлал; орос хэл шинжлэл; орос хэлний орчуулагч зэрэг мэргэжлээр бакалаврын зэрэгтэй 813, магистр зэрэгтэй 117, доктор зэрэгтэй 34 мэргэжилтэн бэлтгэжээ.

82 дахь хичээлийн жилд МУИС-ийн орос хэлний салбарт 3 үндсэн багш, 1 зөвлөх багш, 1 цагийн багш ажиллаж, “Гадаад хэлний орчуулга, (Орос)” хөтөлбөрөөр 41, “Багш, гадаад хэлний боловсрол, (Орос)” хөтөлбөрөөр 34, нийт 75 оюутан суралцаж байна.

2013 онд  “Гадаад хэл, орос хэл шинжлэл”, 2022 онд “Гадаад хэлний орчуулга, (Орос)” хөтөлбөрүүд үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн болно.

МУИС-ийн орос хэлний салбарын 80 жилийн түүх Монгол Улсад үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, ард иргэдээ соён гэгээрүүлэхэд ЗХУ, ОХУ-ын үзүүлсэн тус дэм, орос хэлний гүйцэтгэсэн үүргийг онцгойлон тэмдэглэж байна.

Салбарын мэргэжилтэн монгол эрдэмтэн багш нар орос хэлтэй үндэсний мэргэжилтэн бэлтгэх, орос хэлний багш, орчуулагч, орос судлаач бэлтгэх сургалт, судалгаа, үндэсний ном, сурах бичиг зохиох, залуу үеэ бэлтгэх олон талт үйл ажиллагааг 80 гаруй жилийн түүхийн бүх цаг үед нэр төртэй, хариуцлагатай гүйцэтгэж ирсний зэрэгцээ онолын хэл шинжлэлийн салбарт олон бүтээл туурвиж, орчуулж, хэл шинжлэлийн олон салбар ухааныг эх орондоо түгээн дэлгэрүүлэх, хэл шинжээчдийн залгамж холбоог бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар иржээ.