Эрдэм шинжилгээний хурал

Европын улс орнуудын хэл, уран зохиол, түүх, соёл, боловсрол, нийгэм, эдийн засаг, улс төрийн чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг дотоод, гадаадын байгууллагуудтай хамтран хэл шинжлэл, орчуулга, олон улс, орон судлал, гадаад хэлний боловсролын чиглэлээрх онолын судалгааны дэлхий нийтийн чиг хандлагыг баримжаалах, шинэ тутам үзэл баримтлалыг нэвтрүүлэх, мэдээлэл солилцох, өөрсдийн судалгааны үр дүнг хэлэлцэх, хамтарсан судалгааны ажлыг эхлүүлэх, хөгжүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний хурлыг тогтмол зохион байгуулах, олон улсын нэр хүндтэй эрдэм шинжилгээний хуралд оролцох, тэдгээрийг эх орондоо зохион байгуулах чиглэлээр идэвхийлэн ажиллаж ирсэн. Үүнээс онцлон зарим хурлыг дурдая.

   Европ судлалын хурал

Тус тэнхимээс санаачилж, ШУА-ийн Олон Улс Судлалын хүрээлэн, Монгол Улсын Их Сургууль, МУИС-ийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сити Их Сургууль зэрэг сургалт судалгааны байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг “Европ судлал: Олон улсын харилцаа: хэл шинжлэл, орчуулга судлал, гадаад хэлний боловсрол” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 2017 оноос хойш жил бүр уламжлал болж тогтсон. Монгол Улсад Европ судлалыг олон улсын харилцаа-орон судлал, хэл-уран зохиол, түүх-соёл, боловсрол, нийгэм-эдийн засаг, улс төрийн чиглэлээр хөгжүүлэх, хамтран ажиллахад уг бага хурал тодорхой хувь нэмрээ оруулж байгаа юм. Мөн орчин үеийн сургалт, судалгааны чиг хандлагад ойртуулахад чухал ач холбогдолтой билээ. Иймд тус хурал нь багш судлаачид шинэ арга зүйд суралцах, мэдээлэл солилцох, туршлагаасаа хуваалцахад чухал индэр болж байна. Тус хуралд холбогдох төрийн байгууллага, Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, Төлөөлөгчийн газар, Эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, гадаад хэлний сургалт явуулдаг дотоод, гадаадын төрийн болон төрийн бус өмчийн их, дээд, дунд сургууль, мэргэжлийн холбоод уг хуралд хамрагдан оролцож, АНУ, ХБНГУ, БНФУ, ОХУ, БНПУ, Монгол улсаас нийт 100 гаруй эрдэмтэн, судлаач, багш нар оролцож, 3-4 салбар хуралдаанаар нийтдээ 50-70 илтгэл хэлэлцүүлдэг.

 

Герман судлалын хурал

МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Европ судлалын тэнхимийн Герман судлалын хамт олон “Монгол улс дахь герман хэлний сургалт – Уламжлал, туршлага, хэтийн төлөв” сэдэвт ОУЭШБХ-ыг хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Тус хуралд Монгол, Герман, Япон, Хятад, Мальта зэрэг улсын их дээд сургуулийн эрдэмтэн профессор, герман судлаачид, багш нар, түүнчлэн магисрантур, докторантурын сургалтад суралцагсад, соёл, боловсролын байгууллагын төлөөлөгч нар олон орон дахь герман судлал, герман хэлийг гадаад хэл, хоёрдагч гадаад хэл болгон заах арга зүй, шинэ тутам онол, судалгааны чиг хандлага, уран зохиол судлал, хэл шинжлэлийн асуудал, хэлмэрчлэхүй ба орчуулга зүй, хэл ба соёл хоорондын харилцаа, хамаарал, бүс нутаг судлал, орон судлалын холбоотой сэдвээр илтгэлээ хэлэлцүүлсээр ирлээ. Илтгэлийн сэдэвтэй холбоотой хэлэлцүүлэг өрнүүлж, судлаач, багш нарын хооронд сургалт, эрдэм шинжилгээний тал дээр шинэ хэлбэрээр хамтран ажиллах цаашдын төлвийг тогтоох, мөн герман судлалын салбар, герман хэлний сургалт дахь шинжлэх ухаан, заах арга зүйн орчин үеийн хандлагыг нээн харуулах, салбар хоорондын хамтын ажиллагааны шинэ хэлбэр, санаачлагыг хөгжүүлэх нь хурлын чухал зорилт юм. Герман судлалын салбарт хамтран ажиллагсад туршлага, санал солилцох, холбоо тогтоох, цаашид хамтран мэргэжил мэдлэгээ дээшлүүлэн хамтран хөгжих, шинэ чиг хандлагыг баримжаалж судалгаа явуулахад тус хурал чухал үүрэг гүйцэтгэж байна.

 

Орос, Слав-Еврази судлалын хурал

Европ судлалын тэнхим, Төв Зүүн Европ Судлалын  Монголын Холбоо, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнтэй хамтран 2018 оны 6-р сарын 30, 7-р сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Слав-Еврази судлалын  Зүүн Азийн олон улсын нэр хүндтэй хурлын 9-р бага хурлыг анх удаа МУ-д зохион байгууллаа. Хурлын сэдэв: “Даяаршил ба өнөөгийн Еврази: түүх, хандлага, өөрчлөлтийн сорилт, Монголын оролцоо” Энэхүү хуралд Япон, БНСУ, БНХАУ, ОХУ, Казахстан, Киргизстан, Украин, Молдав, Азербайжан, ХБНГУ, Польш, Финлянд, Швед, Бельги, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, АНУ, Монгол  зэрэг  20 гаруй орны  120 төлөөлөгчид тус хуралд оролцож, нийт 29 панелд 88 илтгэл тавьж хэлэлцүүлсэн. МУ тэр дундаа МУИС-ийн Орос судлалын салбарыг хөгжүүлэхэд, сургуулийг гадаадад сурталчлах, мөн гадаад дотоодын эрдэмтэд цаашид хамтран ажиллаж, судалгаа шинжилгээний цар хүрээ өргөжихөд уг хурлын ач холбогдол оршино. Түүнчлэн Монголын Орос ба Европ судлал, түүний дотор Слав-Еврази судлалын өнөөгийн байдал, монголын эрдэмтэдийн судалгааны үр дүнтэй танилцах, монголын талын оролцогч нарт эх орондоо олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд биечлэн оролцох  боломжийг нээсэн юм. Мөн хурлын үеэр Слав болон Төв, Зүүн Европ судлалын Азийн Холбоодын удирдлага, ICCEES – Дэлхийн Холбооны Удирдах Зөвлөлийн хуралдаан болсон.

 

Франц судлалын хурал

Европ судлалын тэнхим, Франц хэлний монгол багш нарын холбоо, Франц хэлтэн орнуудын хамтын ажиллагаа, инновацийн төв хамтран Франц хэлний Багш нарын олон улсын Холбоо-ны нэр хүндтэй хурлын ээлжит бага хурлыг  МУИС-д  2010 оны 9-р сарын 19, 20-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан. Энэ нь франц судлалаар МУ-д зохион байгуулж буй 2 дахь олон улсын хурал, бүсийн хэмжээнд 4 дэх хурал нь юм. «Ази-Номхон далайн орнуудын франц хэлний сургалт : Уламжлал, шинэчлэл” сэдэвт тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд Япон, Өмнөд Солонгос, Хятад, Тайланд, Сингапур, Бельги, Франц, Австрали зэрэг 10 гаруй орноос ирсэн франц хэлний багш нар 2 өдрийн турш Ази Номхон далайн бүс нутгуудад франц хэлний сургалтын өнөөгийн байдал болон заах арга зүйн туршлага зэрэг асуудлаар харилцан санал солилцлоо.

 

Испани судлалын хурал

МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Европ судлалын тэнхимээс “Испани хэл, соёл судлал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2015 оны 12-р сарын 16-ны өдөр амжилттай зохион байгуулсан. Дэлхий нийтэд испани хэлний хэрэглээ өсч буй өнөө үед МУИС-д испани хэл, орон судлалын бүх түвшний сургалтыг үндсэн болоод хавсарга хөтөлбөрөөр өргөжүүлэх, испани судлалыг хөгжүүлэх нь нэн чухал билээ. Хуралд Монгол улс болон испани хэлт орнуудын харилцаа хамтын ажиллагаа, антропологи, испани хэлт орнуудын уран зохиол, хэл, соёл судлал, орчуулгын чиглэлээр олон сонирхолтой илтгэл хэлэлцүүлжээ.