JOB FAIR-2021 онлайн үзэсгэлэн 2 дахь жилдээ

Хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж буй МУИС-ын шинэхэн төгсөгчдийн ажлын байрны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ажил хаанаас хайх, хэрхэн өөрийгөө бэлтгэх, дасан зохицох чадвараа хөгжүүлэхэд дэмжлэг болох, төгсөгчдийг шууд ажлын байрт зуучлах зорилгоор Оюутан, төгсөгчийн хэлтсээс жил бүр “Job fair буюу ажлын байрны үзэсгэлэн” зохион байгуулдаг уламжлалтай. Job fair-2021 өдөрлөг онлайн хэлбэрээр 2 дахь жилдээ ажилттай зохион байгуулагдаж байна.

Тус өдөрлөг нь 2021.05.17-2021.08.06 хооронд 2 үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд

  • 1-р үе шат “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг нийт суралцагчдадаа хүргэх бөгөөд сургалтаар, Ажлын байрны анкет /cv/ хэрхэн бөглөх, ярилцлагад хэрхэн бэлтгэх, ажлын байранд дасан зохицох ур чадварын талаарх сургалт
  • 2-р үе шат төгсөгчдийн ажлын байрт зуучлах буюу ажил олгогч ААН-ийн шинэ мэргэжилтэн шууд ажлын байрт авах боломжит ажлыг танилцуулж төгсөгчдийг зуучлах үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Одоогийн байдлаар ажил олгогч ААН-үүдэд хамтран ажиллах хүсэлтээ хүргүүлсэн бөгөөд эхний байгууллагуудаас ажлын байрны саналууд ирсээр байна.

Job-fair өдөрлөг өмнөх жилүүдэд 4 үе шаттай зохион байгуулагддаг байсан бөгөөд нийт төгсөгчдийн хандлага, ур чадварыг тодорхойлж ажил олгогчдод танилцуулах, үйлдвэр, ААН-үүдэд бизнес аялал хийх, ажил олгогчидтой хамтын ажиллагааны гэрээ байгуулах, шинэхэн төгсөгч оюутан залуусыг дэмжин, хувь хүн талаасаа өөрийгөө таньж мэдэх, давуу болон сул талаа тодорхойлох, хөдөлмөрийн зах зээлд гарах эхний шаардлагуудад нийцэх, хүссэн ажилдаа тохирох хүн нь болоход нь туслах 80 гаруй оронд хэрэглэгддэг, ОУ-ын сорилын хороо (ITC)-оор баталгаажсан “Карьер инкубатор” үйлчилгээг үзүүлэх, Америкийн сэтгэл судлалын хүрээлэн (APA) болон Англи улсын  сэтгэл судлалын хүрээлэн (BPA)-ээр баталгаажсан Central test-ийн сорилын арга, карьер хөгжлийн цогц сургалт, зөвлөгөөг үзүүлж ирсэн.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад

  1. Big 5 – хувь хүний зан чанарын онцлог 5 шинжийг тодорхойлох тест
  2. Professional profile – ажлын байран дахь хувь хүний онцлог,чадвар хандлагыг тодорхойлох тест
  3. Vocation- ажил мэргэжлийн сонирхлыг  тодорхойлох тест
  4. Sales profile – борлуулалтын ур чадварыг тодорхойлох тест
  5. Talent map – авьяасын олон хүчин зүйлийн зураглалд үндэслэн дүгнэлт гаргах

карьерын иж бүрэн үнэлгээ хийж авьяасын олон талын хүчин зүйлийн зураглалыг  нь тодорхойлох ажлуудыг зохион байгуулж байжээ. Тус өдөрлөгүүдэд 40-60 байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн, удирдлагууд төгсөгчидтэй уулзалт, сургалт зохион байгуулж ажлын байраа танилцуулж, ажлын ярилцлага авч 40-50 төгсөгч шууд ажлын байрт зуучлагдаж, олон зуун төгсөгч эхний шатны шалгаруулалтаа өгч чаддаг, өөрийн танилцуулгаа бэлтгэж ажил олгогчид хүргэдэг уламжлалтай.

2020 оноос дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас “Ажлын байрны үзэсгэлэн” онлайн хэлбэрээр зохион байгуулагдаж 40 гаруй байгууллагын 300 гаруй ажлын байрны санал ирж 43 суралцагч шууд ажлын байрт зуучлагдаж байсан туршлагатай билээ.

Харин энэ жилийн хувьд бид илүү олон суралцагчийг ажлын байрт зуучлах, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг нийт суралцагчдад хүргэх зорилготой ажиллаж байна. Ажил олгогч ААН болон нийт төгсөгчдөө JOB FAIR-2021 өдөрлөгт идэвхтэй оролцохыг урьж байна.

 

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС