Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачидтай өнөөдөр /2019.06.26/ уулзаж энэ салбарын өнөөгийн байдал, цаашдын төлвийн талаар санал солилцов. Хэдийгээр ололт амжилт байгаа ч эрдэмтэн судлаачид ихэвчлэн цалин, хөрөнгө оруулалтыг дорвитой нэмэхийг Ерөнхий сайдаас хүсч байлаа.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд болсон уулзалтад ШУА-ийн хүрээлэнгүүдийн удирдлага, эрдэм шинжилгээний ахлах ажилтнууд, Төрийн өмчийн их сургуулиудын захирал, судлагааны төвүүдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцлоо. Уг уулзалтад 21 эрдэмтэн үг хэлж, 30 гаруй санал тавив. Тэд шинжлэх ухааны салбарын санхүү, хөрөнгө оруулалтын хэмжээг эрс нэмэгдүүлэх, оюуны хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, төр засгийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо, судалгаанд үндэслэдэг байхыг Ерөнхий сайдаас хүсэж байлаа.
Шинжлэх ухаанд тулгуурласан урт хугацааны, тогтвортой бодлогогүй, сахилга хариуцлага, дэг журам алдагдсан нь улс орны хөгжилд сөргөөр нөлөөлсөн гэж үздэгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв.
Цаашид эрдэмтэн, судлаачидтайгаа хамтарч ажиллах зайлшгүй шаардлага Монгол Улсын Засгийн газарт байгааг хэллээ. Иймээс ирэх есдүгээр сард улсын зөвлөгөөн зохион байгуулж, хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замын талаар ярилцахаар шийдсэнээ хэлэв.