МУИС МҮОНРТ-тэй хамтран ажиллана
Өнөөдөр Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах, олон нийтийг соён гэгээрүүлэх үүргийнхээ хүрээнд МУИС болон МҮОНРТ нэгэн зорилго дор нэгдэж, МУИС-ийн 2020 он хүртэлх стратегийн зорилго болон нийгмийн хариуцлагын хүрээнд үндэсний болон олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй их сургуулийн судлаачдын судалгааны үр дүнд тулгуурлан хамтран ажиллах Санамж бичигт МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ, МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь нар гарын үсэг зурлаа.
2 тал Монголын үндэсний телевизийн хүүхдийн танин мэдэхүйн нэвтрүүлэгт их сургуулийн тухайн чиглэлийн эрдэмтэд, судлаачдын оролцоог тогтмол хангах, хөндлөнгийн судлаачдын санал шүүмжлэлийг тусгадаг байх; их сургуулийн судалгааны нөөц чадавх, судлаач, эрдэмтдийн боломжид тулгуурлан олон нийтийг судалгаанд суурилсан бодит мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх цуврал нэвтрүүлэг бүтээх, төслийг хамтран санаачилж, хэрэгжүүлэх; МҮОНРТ-ийн хүний нөөцийн хөгжлийн асуудлаар сургалт, мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээг их сургуулийн үндэсний болон олон улсын эрдэмтэн, судлаачид мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх гэсэн 3 чиглэлд хамтран ажиллахаар болсон юм.
Санамж бичгийг баталгаажуулсан энэ өдрөөс хэрэгжүүлж эхлэх бөгөөд ойрын хугацаанд төсөлд хамруулах эрдэмтдийн нэрс, төслийн нарийвчилсан төлөвлөгөө, төсвийг эцсийн байдлаар бэлэн болгох ажлууд хийгдэх ажээ. Улмаар наймдугаар сарын сүүлээр нэвтрүүлгийн зураг авалтыг эхлүүлж, есдүгээр сарын эхээр эфирт цацахаар төлөвлөөд байгаа гэж уг төслийг МУИС-ийн зүгээс удирдан зохион байгуулж буй Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтсээс мэдээллээ.