Физикийн салбарын үүсэл, хөгжлийн түүх

МУИС-ийн Физик-Математикийн салбар нь анх 1942 оны 10-р сарын 5-нд дөрвөн мэргэжлийн багш, үндсэн ангид 21, бэлтгэл ангид 30 оюутантай үүсч бий болжээ. Анхны төгсөлт 1946 онд болж 17 оюутан тоо-физикийн мэргэжлээр дээд боловсролын диплом анх гардан авчээ. Физикийн салбар нь 1942-1957 онд Багш нарын факультетэд, 1957-1962 онд Байгалийн ухааны факультетэд тус тус харьяалагдаж байв.

Багш нарын анхны факультетын анхны декан бөгөөд Физикийн тэнхимийн эрхлэгчээр А.Г.Шафигулин ажиллаж байжээ. Үндэсний мэргэжилтнүүдээс Физикийн тэнхимийн анхны эрхлэгчээр Н.Содном (1948-1949) томилогдон ажилласан байна. МАХН-ын Төв Хороо, Сайд нарын зөвлөлийн 1962 оны 5-р сарын 19-ны 196/266 дугаар тогтоолын дагуу мөн оны 9-р сарын 27-ны өдрөөс МУИС-ийн ректорын тушаалаар Физик-Математикийн факультетыг Физик, Математик, Цаг уур гэсэн гурван салбартайгаар математик-анализ, алгебр-геометр, онол-туршлагын физик, ерөнхий физик, цаг уур, биеийн тамирын тэнхимүүдтэйгээр өөрчлөн байгуулжээ. Факультетын анхны деканаар Д.Ишцэрэн, Тэнхимийн эрхлэгчдээр Г.Гүнжээ, Ү.Санжмятав, Д.Батсуурь, Д.Чүлтэм, Ё.Гира, Ж.Гомбосүрэн нарыг томилон ажиллуулжээ.

МУИС-д физикийн мэргэжилтэнг 1942-1957 онд Багш нарын факультетэд (Декан: А.Г.Шафигулин 1942-1944, И.В.Вейцман 1944-1945, С.М.Попов 1945-1946, Б.Н.Камешков1946-1949, Е.П.Ёычева 1949-1950, В.К.Ефримов 1950-1954, Жамсран 1954-1955, Г.Аюушжав 1955-1957) тоо-физикийн хос мэргэжилтэйгээр, 1957-1962 онд Байгалийн ухааны факультетэд (Декан: Г.Аюушжав 1957-1960, З.Энэбиш 196021961, О.Сандагжав 1961-1962) физик ба математикийн дагнасан мэргэжилтэй багш нарыг 4 жилийн хугацаагаар сурган бэлтгэж байв.

1962-1991 онд физик математикийн факультетэд (Декан: :Д.Ишцэрэн 1962-1964, О.Отгонсүрэн 1964-1967, Д.Цэрэн 1967-1969, А.Самдан 1969-1972, Ч.Раднаа 1972-1973, М.Лувсандорж 1973-1974, О.Отгонсүрэн 1974-1975, Т.Гунаажав 1975-1978, А.Мекей 1978-1989, Э.Дамдинсүрэн 1989-1991) , Физикийн факультетэд (Декан: Д.Дамбасүрэн1991-1992, Д.Сангаа 1992-1996) 5 жилийн хугацаатайгаар, Физик электроникийн сургуульд (Захирал: Р.Галбадрах 1996-1998, Ч.Баярхүү 1998-2002, Ч.Лхагважав 2002-2010) 4 жилийн хугацаанд бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэн гаргаж байна.

1962-1963 оны хичээлийн жилээс эхлэн 5 жилийн сургалтанд шилжин онолын физик, хатуу биеийн физик, оптик, спектр судлал, цөмийн физик, радиофизик, геофизик, биофизик зэрэг нарийн мэргэжлээр мэргэшүүлэх сургалт явуулах болсон нь оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцуулах, курс, дипломын ажил гүйцэтгэх улмаар дээд шатны сургалтыг явуулах эхлэл тавьжээ. Одоо бакалаврын сургалтын үргэлжлэл болох магистр, аспирантурын сургалт манай салбарт явагдаж байна.

Физикийн тэнхим анх 1942 онд байгуулагдан эрхлэгчээр А.Г.Шафигулин 1942-1944, М.В.Майконар 1944-1945, Я.А.Туровский 1945-1947, Н.И.Иванов 1947-1948, Н.Содном 1948¹1949, Р.Жигжиддорж 1949-1951, Д.Т.Кокорев 1951-1953, Н.Содном 1953-1954, М.Лувсандорж 1954-1955, Н.Содном 1955-1956, Г.Аюушжав 1956-1960 нар ажиллаж байжээ. 1960-аад оны эхээр МУИС-ийн политехникийн инженерийн мэргэжлийн ангиудад голчлон сургалт явуулах зорилготой Ерөнхий физикийн тэнхим (анхны эрхлэгч Д.Чүлтэм) байгуулсан нь одоо ШУТИС-ийн Физикийн тэнхим болтлоо өргөжин хөгжсөн байна.

1960 онд физикийн тэнхимийг онол туршлагын физикийн тэнхим болгон өргөжин эрхлэгчээр Д.Батсуурь 1960-1970, Г.Шилагарди 1970-1978, Ө.Баваасан 1978-1982 нар ажиллаж байв. 1982 онд сургалт эрдэм шинжилгээний ажлын хөгжилттэй уялдуулан МУИС-ийн Захирлын тушаалаар уг тэнхмээс Онолын физикийн, Ерөнхий физикийн гэсэн 2 тэнхим үүсгэн буй болгожээ. Онолын физикийн тэнхмийн эрхлэгчээр Ө.Баваасан 1982-1986, Г.Очирбат 1986-1989, Б.Жадамбаа 1989-1991, Х.Цоохүү 1991-1992 онуудад, Ерөнхий физикийн тэнхимийн эрхлэгчээр М.Лувсандорж 1978-1988, Г.Хүүхэнхүү 1988-1989, Ч.Баярхүү 1989-1992 онуудад ажиллаж байв.  

1992 онд физикийн факультет шинээр байгуулагдан сургалт, эрдэм шинжилгээний ажлын холбоог сайжруулах зорилгоор Онолын физикийн тэнхим (Х.Цоохүү), Хатуу биеийн физикийн тэнхим (Ш.Чадраабал), Цөмийн шинжилгээний лаборатори (Ж.Ганзориг), Геофизикийн судалгааны төв (Д.Халтар), Оптик-спектр судлалын тэнхим (Ч.Баярхүү), Электроник –программчлалын тэнхим (С.Лодойсамба), Радиофикизийн тэнхим (Э.Дамлинсүрэн), Физик заах аргын тэнхим (М.Ганбат) байгуулагдсан байна.

1997 оноос Физик-Электроникийн Сургууль болсон бөгөөд 48 багш, эрдэм шинжилгээний ажилтан, 19 инженер, техникч, хичээлийн туслах ажилтантай, 679 оюутан, 95 магистрант, 28 докторант суралцаж Физик, Цөмийн физик, Цөмийн технологи, Геофизик, Хэрэглээний геофизик, Физик, байгаль шинжлэлийн багш, Электроникийн зэрэг төрөл бүрийн мэргэжлээр бакалавр, магистр, докторын сургалт явуулж байсан.

2014 оноос МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль (ШУС)-ийн Физикийн тэнхим болон өөрчлөгдөж өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байна.