“МОНГОЛ ОРОН СУДЛАЛ”-ЫН ТАНИЛЦАХ ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн монгол хэлний бэлтгэл хөтөлбөрийг сонгон суралцагч гадаад оюутны “Монгол орон судлал”-ын намрын улирлын дадлагыг 2025 оны 10 дугаар сарын 21, 22-ны өдөр зохион байгууллаа.
Монгол орны байгаль, цаг уур, газрын гадарга, хөрс ургамал, ан амьтан, монголчуудын хоол хүнс, гэр сууц, уламжлалт шашин, соёлын газартай танилцуулах энэ удаагийн дадлагыг Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Цонжин болдог, Чингис хааны морьт хөшөө, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, Арьяабалын хийд зэрэг түүхэн дурсгалт газар хийсэн бөгөөд дадлагыг тэнхимийн дэд профессор Б.Даваасүрэн, ахлах багш Ч.Баттулга, Л.Халиун, дадлагажигч багш Н. Оюундарь нар удирдан явууллаа.
Дадлагын үеэр оюутнуудын дунд монгол үндэсний уламжлалт наадгайн болон хөгжөөнт тоглоомын тэмцээн зохион байгуулсан бөгөөд шагай шүүрэх тэмцээнд 1 дүгээр байрыг А-1 ангийн оюутан Ван Яа Жин (БНХАУ), 2 дугаар байрыг А-2 ангийн оюутан Бүнми Фоммавон (Лаос), 3-р байрыг Г-1 ангийн оюутан Дамбаева Димид (ОХУ) нар тус тус эзлэв.
2025-2026 оны хичээлийн жилд монгол хэлний бэлтгэл ангийн хөтөлбөрт Засгийн газрын тэтгэлгээр болон хувиараа АНУ, Япон, Хятад, ОХУ, Солонгос, Польш, Чех, Кени, Лаос, Вьетнам зэрэг 20 орчим улсын 80 гаруй гадаад оюутан суралцаж байна.












