Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим нь 1945 онд байгуулагдсан МУИС-ийн ууган тэнхимийн нэг бөгөөд байгуулагдсан цагаасаа үндэсний хэл бичгийн мэргэжилтэн, багш судлаач бэлтгэх боловсрол, судалгааны гол байгууллага байсаар ирсэн төдийгүй гадаадын монгол судлаачдыг бэлтгэхэд их үүрэг гүйцэтгэж ирсэн юм. Тус тэнхим нь монгол орноо бусад улс оронд таниулах, сурталчлах улмаар гадаад хаирлцааг хөгжүүлэх нэг төв болж байдаг. Тодруулбал, монгол хэл сурахаар 27 улсаас 2400 гаруй оюутан суралцаж, мөн ази, европ, америк тивийн 17 улсаас 26 их сургуульд манай тэнхимийн багш нар мэргэжлийнхээ дагуу зочин профессороор ажилласаар ирсэн бөгөөд гадаадын суралцагчдад зориулсан монгол хэлний олон арван сурах бичиг, толь бичиг зохион хэвлүүлж ашигласааар иржээ.
Тэнхим 1945 оноос үүсэн байгуулагдсанаас хойш Академич Ш.Лувсанванданы үүсгэсэн дэг сургуулийг хэл шинжлэлийн бүх түвшний судалгаанд онол арга зүйн үндэс болгон дэлгэрүүлэн гүнзгийрүүлж, авиа зүй, бүтээвэр судлал, өгүүлбэр зүй, үгийн сан утга зүйн ерөнхий тогтолцоог тодорхойлж бие даасан бүтээлүүд гарчээ. Үүний зэрэгцээ авиа, авиалбараас эхлээд цогцолбор эх хүртэлх хэлний бүх нэгжийн утгыг мэдэгдэхүүн, мэдэхүүн, хэл, хэлэхүйн шүтэлцээнд тогтолцоотой тодорхойлохдоо монгол хэлний утгат нэгж нь үелбэр-утгалбарын бүтцээс үүтгэлтэй гэсэн үзэл баримтлал, хэлц нэгжийг хэл шинжлэл, сэтгэл судлал, угсаа судлал, соёл судлал, танихуйн онол зэрэг хүмүүнлэгийн ухааны уулзвар дээр шинжлэн тайлбарлах арга зүйн чиг хандлагууд нь шинэ чиглэлийн судалгааны суурь болж байна. Мөн монгол бичгийн хэл, түүний дурсгалыг судлан тайлбарлах нь бие даасан судлагааны чиглэл болж ирсэн. Энэ хүрээнд монголчуудын хэрэглэж ирсэн арав гаруй бичиг үсгээрх уламжлалт мэдлэг ухааны эх сурвалжуудыг харьцуулан судлах, монгол хэл, манж хэл, төвөд хэлээрх түүх соёлын сурвалж бичгүүдийг шинжлэн тайлбарласан цувралууд, судалгааны бүтээлүүдийг судлаач, олон нийтийн хүртээл болгосоор байна.
Эдүгээ тус тэнхим нь “багш, монгол хэл уран зохиолын боловсрол”, “Хэл шинжлэл-Монгол”, “Хэл, уран зохиол” зэрэг бакалаврын хөтөлбөр, “Монгол хэлний бэлтгэл анги”-ийн хөтөлбөрийг сонгосон оюутны сурах зорилго, цаг хугацаа, суралцах чадвар зэрэгт таацуулан сонгож болохуйц уян хатан байдлаар хэрэгжүүлж байна. Мөн ахисан түвшинд магистр, докторын “Хэл шинжлэл” хөтөлбөрөөр элсэлт авч сургалтын үйл ажиллагаагаа идэвхтэй явуулсаар байна.