Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор, доктор Батдоржийн Даваасүрэн “Морфологические процессы и словообразование в монгольском и тибетском языках” бүтээлээ хэвлүүллээ. Тус номд монгол, төвөд хэлний нийлэг ба задлаг аргаар үг бүтэх ёс хийгээд эдгээр аргын онцлогийг хэл тус бүрээр жишээ баримтаар судлан харуулжээ. Энэхүү хоёр хэл нь үг зүйн бүтцийн хувьд хоёр өөр бүлэгт багтдаг хэдий ч задлаг аргаар үг бүтэх ёс нь монгол, төвөд хэлэнд нийтлэг онцлогтой байдаг юм.