БАКАЛАВРЫН ТҮВШНИЙ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ УДИРДАМЖ
Нэг. Үндэслэл
МУИС-ийн ШУС-ийн Эдийн засгийн тэнхимийн Оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахад энэхүү удирдамжийг баримтална. Оюутнуудын судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг үнэлэх, оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг нь гүнзгийрүүлэхэд энэхүү эрдэм шинжилгээний хурлын үндсэн зорилго оршино.
Хоёр. Хамрах хүрээ
МУИС-ийн ШУС-ийн Эдийн засгийн тэнхимийн бакалаврын түвшний оюутнууд хамрагдана.
Нийгэм, эдийн засаг, статистикийн салбарын хүрээнд илтгэлийн сэдвийг оюутан өөрөө сонгох ба багаар болон ганцаарчилсан байдлаар оролцоно.
Гурав. Хугацаа
Бакалаврын түвшний оюутнуудын илтгэлийг цахим хэлбэрээр enkhamgalan_d@num.edu.mn хаягаар болон хэвлэмэл байдлаар хичээлийн 5-р байрны 6 давхарт байрлах Д.Энх-Амгалан багшийн даалгаврын хайрцгаар 2024 оны 4-р сарын 21-ны өдрийг дуустал хүлээн авна. Оюутнуудын ирүүлсэн илтгэлүүдээс 8 илтгэлийг сонгож 2024 оны 4-р сарын 26-ны 11.00 цагаас МУИС-ийн хичээлийн 5-р байрны 601 тоот өрөөнд илтгэл тавиулан шалгаруулна.
ШУС-ийн Оюутны нэгдсэн эрдэм шинжилгээний хурлын тов дээрх хугацаанаас өмнө тавигдвал Эдийн засгийн тэнхимийнхийг түүнээс өмнө болгон өөрчлөх болохыг анхаарна уу.
Дөрөв. Илтгэлд тавигдах шаардлага
4.1 Илтгэл нь агуулгын хувьд дараах бүлгүүдийг багтаасан байна. Үүнд:
Судалгааны хураангуй
Удиртгал-Судалгааны үндэслэл, зорилго, зорилт, ач холбогдол
Сэдвийн судлагдсан байдал
Арга зүй; Онол, судалгааны тогтолцоо
Судалгааны ажлын үр дүн
Дүгнэлт
Ашигласан материал
4.2 Бичилт, боловсруулалтын хувьд дараах шаардлагыг хангасан байна.
Судалгааны хураангуй нь 100-150 үгтэй.
Судалгааны ажил нь word хэлбэрээр, А4 цаасны хэмжээнд, үсгийн хэмжээг 11, мөр хоорондын зайг 1.5, хуудасны хүрээг normal байхаар тохируулсан нийтдээ 10-15 хуудастай байна.
Илтгэлийн нүүр хуудсанд дараах мэдээллийг оруулсан байна. Үүнд:
Судалгааны сэдэв
Илтгэгчийн овог нэр
Илтгэгчийн цахим хаяг, утасны дугаар
Удирдагчийн нэр, эрдмийн зэрэг
Хуралд зориулсан үзүүлэн илтгэл нь PowerPoint, latex зэрэг программ хангамж дээр, нийт 15-20 минутын хугацаанд танилцуулагдахаар бэлтгэгдсэн байна.
Тав. Шалгаруулах журам
Илтгэл шалгаруулах комиссын бүрэлдэхүүн хуралд тавигдсан илтгэлүүдийг дараах шалгуураар дүгнэнэ. Үүнд:
Судалгааны ажлын үр дүн, ач холбогдол (Судалгааны зорилгоо тодорхойлсон байдал, сэдвээ судалсан байдал, Судалгааны дүгнэлт оновчтой эсэх, Зорилго хангагдсан эсэх )- 30 оноо
Судалгааны ажлын арга барилд суралцсан байдал (Академик хэв шинжээр бичигдсэн эсэх, Судалгаанд ашигласан арга зүй, тоо мэдээллийн нийцтэй байдал, Судалгааны боловсруулалт шинжилгээ)- 30 оноо
Илтгэх ур чадвар-20 оноо
Ажлаа эзэмшсэн байдал-10 оноо
Асуултад хариулсан байдал –10 оноо
Бакалаврын түвшинд эхний байрт шалгарсан оюутанд МУИС-ийн ШУС-ийн Нийгмийн ухааны салбарын хуралд илтгэлээ танилцуулах эрх олгоно.
2024-02-23