Эдийн засгийн тэнхимийн багш, доктор, профессор Банзрагчийн Отгонтөгс МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2023 оны 9-р сарын 29-ний хурлын шийдвэрээр МУИС-ийн Дэд профессорын цолын болзлыг хангаж, цол хүртсэн байна.
Б.Отгонтөгс 1995 оноос хойш Эдийн засгийн тэнхимд багшилж байгаа туршлагатай багш нарын нэг юм. Б.Отгонтөгс багш микро эдийн засаг, хөдөлмөр, боловсрол болон жендер эдийн засгийн салбарт сургалт эрхлэх, бакалаврын болон ахисан түвшний хичээлүүдийг хөтөлбөрийг шинээр боловсруулж, ном сурах бичиг орчуулсан бөгөөд эдгээр хичээлүүд нь Эдийн засгийн хөтөлбөрийн олон оюутан сонгон судалдаг, чухал хичээл болсон байна. Б.Отгонтөгс багш дээрх чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүллүүд хэвлүүлсэн, Канадын засгийн газрын санхүүжилттэй Асрахуйн эдийн засгийн томоохон төслийг хэрэгжүүлж буй, ахисан түвшний оюутнуудыг судалгаанд туслахаар хамруулж, тэдний судалгааны ажлыг удирдаж буй эрдэмтэн юм. Түүний бэлтгэсэн шавь нар нь Монгол Улсын төрийн байгууллага болон хувийн хэвшилд чадварлаг мэргэжилтнүүд болж ажиллаж байгаагаас гадна зарим нь Канад, Япон зэрэг улсуудад эдийн засгийн магистр, докторын хөтөлбөрт амжилттай суралцаж байгаа билээ.
Б.Отгонтөгс багш Монгол Улсын дээд боловсролын сургалт, эрдэм шинжилгээний ажил, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, сургалтын агуулга, заах арга зүй, бакалаврын болон ахисан түвшний сургалтын тогтолцоог төлөвшүүлэхэд идэвх санаачилга гарган ажиллаж ирсэн.
Б.Отгонтөгс багшдаа баяр хүргэж, сурган хүмүүжүүлэх болон эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе!
Эдийн засгийн тэнхим