ЕВРОП СУДЛАЛЫН ТЭНХИМИЙН “ЧЕХ ХЭЛ, ОРОН СУДЛАЛ” ХӨТӨЛБӨР
1992 оноос эхлэн МУИС-д чех хэлийг албан ёсоор судалж эхэлсэн. 1992-2003 оны хооронд Чех судлаачдыг олон улсын харилцааны сургуульд бэлтгэж, “Гадаад албаны ажилтан” мэргэжлээр төгсгөсөн бөгөөд, 2003 оноос хойш “Чех хэл, орон судлал” хөтөлбөрөөр мэргэжилтэн төгсгөх болжээ. 2014 онд МУИС-д бүтцийн өөрчлөлт хийгдэж, өмнө нь Слав судлалын тэнхимд харьяалагдаж байсан Чех судлалын салбар орос, польш, герман, итали, испани, франц хэлнүүдийн хамтаар Европ судлалын тэнхимд харьяалагдах болсон.
МУИС-д чех хэлийг:
- үндсэн мэргэжлээр;
- хавсарга мэргэжлээр;
- ерөнхий суурь хичээлээр;
- Монгол Улсын иргэний хувиар судлахыг санал болгодог.
“Чех хэл орон, судлал” хөтөлбөрт суралцаад хүрэх үр дүн:
Энэхүү хөтөлбөрт суралцсан оюутнууд чех хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшиж, Чехийн түүх, соёл, нийгэм, улс төр, гадаад харилцаатай холбоотой хичээлүүдийг судалж, өргөн мэдлэг хуримтлуулна. Төгсөөд БНЧУ-д эсвэл Чех-Монголын хамтын ажиллагаатай байгууллага, компаниудад ажиллах боломжтой болно.
Хөтөлбөрийн хүрээнд эзэмших чадварууд:
- Чех хэлээр харилцах чадвар (аман болон бичгийн);
- Чехийн түүх, соёл, нийгмийн талаарх үндсэн ойлголт;
- Европын орнуудад мэргэжлийн харилцаа үүсгэх чадвар;
- Чех Улс болон Европын Холбооны орнуудад суралцах;
- Ерөнхий түвшинд орчуулга, хэлмэрчлэх чадвар;
- Соёл хоорондын харилцааны ур чадвар;
Оюутан солилцоо, тэтгэлгүүд:
МУИС-ийн “Чех хэл, орон судлал” хөтөлбөрт хамрагдсанаар олон улсын хөтөлбөрүүдэд хамрагдах боломжуудыг нээдэг:
- Бакалавр, магистр болон докторын түвшинд чех хэлээр суралцахад үнэгүй;
- Чех Улсад зохион байгуулагддаг Слав судлалын зуны сургалтад оролцох боломж;
- Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд богино хугацааны солилцооны хөтөлбөрүүд;
- Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөр “Илгээлт-2100”;
- Европын Холбооны Erasmus+ хөтөлбөрийн хүрээнд Европын их сургуулиудад суралцах зэрэг болно.
Бүртгэл:
Чех хэлийг үндсэн мэргэжлээр сонгон бүртгүүлэх: https://burtgel.num.edu.mn/bachelor/
Төгсөгчдийн ажлын байр
- Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрууд (дипломат ажилтан);
- Төрийн байгууллага, Засгийн Газар, яамд (төрийн албан хаагч, мэргэжилтэн, гадаад харилцааны ажилтан, Гаалийн Ерөнхий Газрын ажилтан);
- Монгол-Чехийн хамтарсан хөрөнгө оруулалттай компаниуд (эдийн засаг, уул уурхай, хөдөө аж ахуй, дэд бүтэц хөгжүүлэх салбарт орчуулагч, мэргэжилтэн, гадаад харилцааны мэргэжилтэн);
- Боловсрол, эрдэм шинжилгээний байгууллага (чех хэлний багш, эрдэм шинжилгээний ажилтан);
- Хувийн хэвшил (барилгын компанид орчуулагч, хэвлэлийн компанид менежер, бичиг хэргийн ажилтан, сургалтын инженер);
- Олон улсын байгууллага (Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн ажилтан, Харитас хүмүүнлэгийн байгууллагад орчуулагч, мэргэжилтэн);
- Төсөл, хөтөлбөр, хэвлэл мэдээлэл, телевиз, радио, сонин сэтгүүл (сэтгүүлч, орчуулагч, редактор);
- Аялал жуулчлалын салбар (орчуулагч, хөтөч);
- Хэлний сургалтын төв (менежер, багш);
- Орчуулгын товчоо (орчуулагч);
- Чех-Монголын худалдаа, боловсрол, соёлын харилцааны салбар;
- Ашгийн бус байгууллагууд, хөгжлийн төсөл хөтөлбөрүүд гэх мэт өргөн салбарт ажилладаг.
Хөтөлбөрийн давуу тал, онцлог:
- Монгол болон чех зочин багш, хэл орон судлалын эрдэмтэн багш нар;
- БНЧУ-ын Засгийн Газрын тэтгэлэг-жил бүр;
- Оюутан бүр тэтгэлэгт хамрагдах боломж;
- Оюутан солилцооны хөтөлбөр-жил бүр;
- БНЧУ-д үнэ төлбөргүй хүссэн мэргэжлээрээ сурах боломж;
- БНЧУ-д болон Европын Холбооны улсуудад суралцах боломж;
- Ирээдүйтэй, баталгаатай ажлын байр;
- Дипломат, аялал жуулчлал, соёлын менежмент, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр ажлын байрны боломжууд;
- Олон улсын орчинд амжилттай харилцах хэлний болон соёлын мэдрэмжийг хөгжүүлэх;
- Өвөрмөц, сонирхолтой түүх, соёлын үнэт өвийг судлах, мэдлэг хуримтлуулах боломж;
Яагаад чех хэл гэж?
Бүгд Найрамдах Чех Улс нь Төв Европын өндөр хөгжилтэй орон юм. Чех хэл, түүх, соёлыг судлах нь Европын түүх соёлын баялаг уламжлалтай танилцах зам юм. Чех хэл нь IX зуунаас бичгийн уламжлалтай слав хэлний нэг бөгөөд Чехийн уран зохиол, хөгжим, урлаг нь Европын соёлын өвийн салшгүй хэсэг. Чехийн газар нутаг нь түүхийн туршид худалдаа, соёл, улс төрийн чухал замын уулзвар байсан бөгөөд энэ нь Монголтой харилцахад ч тодорхой нөлөө үзүүлсэн. Энэ хөтөлбөр нь оюутнуудад чех хэлийг эзэмшүүлэхээс гадна Европын үнэт зүйлс, соёлын өв болон Чех, Монголын харилцаа, хамтын ажиллагааг гүн гүнзгий ойлгох боломжийг олгодог.
Чех хэл, орон судлал хөтөлбөрийн товч түүх
1992 оноос Монгол Улсад ажиллаж байсан Чехийн монгол судлаачид, Чехийн элчин сайдын яамны ажилтнууд, Чех болон Словакт Сургууль, Курс Төгсөгчдийн Холбоо зэрэг байгууллага, хувь хүмүүс монгол оюутнуудад ном сурах бичиг, техник хэрэгслээр тусалж, өөрсдөө ирж хичээл заан, Чехийн соёлын төвийг бий болгожээ. 1996-2000 онд БНЧУ-аас ерөнхий консулаар томилогдон ажиллаж байсан Зденек Окунек Монгол Улсын Их сургуульд сурган хүмүүжүүлэх ухаанаар докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. Энэ хугацаанд МУИС-д чех хэлний ангийн оюутнуудад чех хэл зааж байв. 2000-2003 онд БНЧУ-аас Монгол Улсад Суугаа Элчин Сайдын Яамны ажилтан Яна Пинъёсова, 2004-2005 онд БНЧУ-ын ЭСЯ-ны консул Олдржих Соммер, 2005-2007 онд Марек Хавличек нар чех хэлний ангийн оюутнуудад хичээл зааж байсан бөгөөд 2007-2008, 2008-2009 оны хичээлийн жилд Людмила Войткова мэргэжилтэн багшаар ажиллаж байв. 2012-2013 онд Карлын Их сургуулийн докторант Клара Кочкова ажилласан. 2023-2024, 2024-2025 оны хичээлийн жилд магистр, ахлах багш Ивона Петрусова мэргэжилтэн багшаар ажиллаж байна.
1992 оноос хойш үе үеийн тэнхимийн эрхлэгч нар, д-р, проф, Ш. Туяа, д-р, проф Н. Нансалмаа, д-р, проф. Б. Алтангүл, д-р, дэд проф. С. Булгантамир, д-р, дэд проф. Н.Мөнх нар чех судлалд анхаарч иржээ. Тэнхимийн эрхлэгч нар чех судлалын хөтөлбөрийг Европын хэлний стандартын дагуу боловсруулах, чех орон судлалын үндсэн болон хавсарга хөтөлбөр, ерөнхий суурийн чех хэлний хөтөлбөрийг батлуулахад ихээхэн дэмжиж, идэвх санаачилгатай ажилласан.
1995-2006 он хүртэл Слав судлалын тэнхимд Ч. Доржбат багшилсан. 1986 онд БНСЧСУ-ын Братислав хотод Техникийн Дээд сургуулийн эдийн засгийн анги төгссөн. 1998 онд “Монгол, чех хэлний гийгүүлэгч авианы тогтолцоог зэрэгцүүлэх нь” сэдвээр хэл шинжлэлийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Орон судлал, хэлзүй, үгийн сан, бичих дадал, орчуулгын хичээл зааж байжээ. 2000-2001 оны хичээлийн жилд МУИС-ийн Чех судлалын салбарын оюутнуудад чех хэл, утга зохиолын чиглэлээр Чехэд төгссөн цөөн төгсөгчийн нэг Д. Алтангэрэл чех-монгол, монгол-чех орчуулгын хичээлийг зааж байв. 2000-2001 оны хичээлийн жилд Чех судлалын оюутнуудад хэлзүй, үгийн сан зэрэг хичээлийг “Чех хэлний өхөөрдөл үг” сэдвээр хэл шинжлэлийн ухааны магистрын зэрэг хамгаалсан Г. Буянхишиг зааж байв. 2004-2006 онд МУИС-ийн Чех судлалын салбарт монгол-чех, чех-монгол орчуулгын хичээлүүдийг П. Нямаа зааж байсан. Тэрээр 1991-1995 онд Чехословак Улсад, Чехословак Улс задарсны дараа БНЧУ-д Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдон ажиллаж байсан билээ.
2006-2007 оны хичээлийн жилд элчин сайд Й. Неквасилын дэмжлэгээр МУИС дээр хэрэгжүүлсэн БНЧУ-ын “Czech Development Cooperation” төслийн хүрээнд чех судлалын төвийг шинэчлэн байгуулж, ном сурах бичиг, гарын авлага, хичээлийн материаллаг баазыг сайжруулж, БНЧУ-аас мэргэжилтэн багш урьж ажиллуулж байв. 2006 оноос хойш өнөөг хүртэл мэргэжилтэн багш нараас гадна чех судлалын багшаар Д. Энхжаргал ажиллаж байна. Тэрээр 2000-2003 онд Слав судлалын тэнхимд ажиллаж байсан Яна Пинъёсовагийн шавь.