Европ судлалын тэнхимийн танилцуулга
Зорилго, зорилт: МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхим нь Монгол улсын ижил төстэй Их Дээд сургуулиудын дунд харьцуулсан, зэрэгцүүлсэн хэл шинжлэл, орос, герман, франц, испани, итали, чех, польш хэл судлал, орон судлалын чиглэлээр бакалавр, магистр, докторын шаталсан сургалт эрхэлж, судалгаа, эрдэм шинжилгээний ажлаараа манлайлан, олон улсад нэр хүндтэй, ижил төстэй судалгааны сургуулиудын жишигт хүрэх зорилго тавин ажиллаж байна.
МУИС-ийн эрхэм зорилгын хүрээнд Монгол улсын хэмжээнд Европын орнуудын хэл, соёл судлалын сургалт судалгааны төв байж, орчин үеийн чиг хандлага шаардлагад нийцсэн шинэ мэдлэг бүтээх, хөрвөх хийгээд өрсөлдөх ур чадвартай, хэл шинжлэл, орон судлалаар мэргэжилтэн бэлтгэх нь манай хамт олны гол зорилт юм.
Түүх: МУИС 1942 онд байгуулагдаж, анхны хичээлийн жилээс орос хэл заах болсон нь Монгол Улсын дээд боловсролын түвшин дэх гадаад хэлний сургалтын эхлэл байсан юм.
1954 оноос гадаад хэлний бие даасан тэнхимүүд байгуулагджээ.
1954 оноос ОРОС СУДЛАЛ
1963 оноос ФРАНЦ СУДЛАЛ
1968 оноос ГЕРМАН СУДЛАЛ
1992 оноос ЧЕХ, ПОЛЬШ СУДЛАЛ
2003 оноос ИСПАНИ СУДЛАЛ
2004 оноос ИТАЛИ СУДЛАЛ мэргэжлээр элсэлт авч сургалт судалгаа явуулж байна.
2013 онд “Герман хэл судлал”, “Орос хэл, судлал”, “Франц хэл судлал” сургалтын хөтөлбөрөө Боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний зөвлөлөөр амжилттай магадлан итгэмжлүүлж баталгаажуулсан.