2023 оны 11 сарын 28-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэргэд “Төвөд хэл бичгийн дугуйлан”-гийн нээлт боллоо.
Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын захирал, доктор Н.Алтантөгс нээж хэлсэн үгэндээ: 1300 гаруй жилийн түүхтэй төвөд бичгийн хэлээр манай өвөг дээдсийн туурвиж үлдээсэн арвин өв соёл төрөл бүрийн салбар ухаанаар уламжилж ирсэн нь судалгаа шинжилгээний ихээхэн ач холбогдолтойг дурдаад дугуйлан байгуулж буйг сайшаан цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсэв.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор, доктор Б.Даваасүрэн, дэд профессор, доктор О.Дэмчигмаа, ахлах багш, доктор Л.Халиун нараас гадна Олон Улсын Монгол Судлалын Холбооны зочин судлаач, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор Р.Отгонбаатар, Хэл зохиолын хүрээлэнгийн утга зохиолын салбарын эрхлэгч, доктор, профессор Г.Билгүүдэй, Хэл зохиолын хүрээлэнгийн сурвалж судлал, төвөд судлалын салбарын эрхлэгч, доктор, профессор Д.Наранцэцэг, эрдэм шинжилгээний ажилтан Д.Мөнх-Отгон, Т.Отгонбаяр, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн Шашин соёлын хүрээлэнгийн захирал, доктор Г.Мягмарсүрэн, судлаач М.Нандинбаатар зэрэг хүмүүс зочилж тус тусын төв, хүрээлэнгийнхээ талаар товч танилцуулж, санаа бодлоо солилцон, оюутан судлаачдын сонирхсон асуултад хариулав. МУИС болон бусад сургуулийн оюутан, ажил эрхлэгч нийлсэн 40 орчим хүн оролцлоо.
Судлаач Р.Отгонбаатар төвөд хэлт утга зохиолд юу юу багтах хийгээд төвөд хэл бичгийг сурч судлахын ач холбогдлыг тайлбарлан ярив.
Дугуйланг хөтлөгч багш О.Дэмчигмаа Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд ахмад багш нарын нөр их хичээл зүтгэлээр 1956 оноос төвөд хэл бичгийн сургалт эхэлж, хэрхэн хөтөлж ирсэн түүхэн товчооныг танилцуулаад төвөд хэлээр Монголын 500 гаруй эрдэмтэн лам шинжлэх ухааны төрөл бүрийн салбараар зохиол бүтээл туурвисан нь одоогийн байдлаар мэдэгдэж буй бөгөөд тэдгээр судар сурвалж хаана, хэдий хэмжээгээр хадгалагдаж байгааг мэдээлсний зэрэгцээ дугуйлангийн гол зорилго нь төвөд хэл бичгийн сургалтын цаг багассан, утга учир, ач холбогдлыг ойлгох хүн цөөрч буйг харгалзан ахмад багш нарынхаа залгамжлалыг үргэлжлүүлэх учир зорилгын үүднээс сургуулийнхаа оюутан суралцагчдад чиглэсэн үйл ажиллагаа явуулж, мэдлэг чадварыг нь ахиулах, энэ чиглэлээр судалгаа хийх хүсэл сонирхлыг дэмжих хэмээн онцолсон болно.