Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор, доктор Жавзандуламын Ганбаатарын “Монгол хэлний дагавар: байр, үүрэг, хэрэглээ” номын нээлт 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр боллоо.
Энэхүү нэг сэдэвт бүтээл “Үг бүтээх дагаврын байр”, “Хэв, олон тооны дагаврын байр”, “Үг бүтээх дагаврын утгын холбоо” гэсэн гурван бүлэгтэй бөгөөд орчин цагийн монгол хэлний үг бүтээх дагавар, түүний байр, үүрэг, хэрэглээний тухай өгүүлнэ. Үг бүтээх дагаврын байрыг судлах нь шинэ үг бүтээх, нэр томьёог хэл шинжлэлийн үүднээс зөв оноон тогтоох гол шалгуур болдог байна. Тиймээс уг бүтээлд дагаврын байрын тогтолцоог зөрчиж үүссэн үгсийг судлан тогтоохын зэрэгцээ дэд бүтээвэр, нэрших үзэгдэл, өсгөвөр залгах ёс, бүтээврийн авиалбар зүйн үзэгдэл, төсөөгөөр үг бүтэх зэрэг хэлний захын үзэгдлийн тухай бичжээ.
Номын нээлтийн ёслолд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Домийн Төмөртогоо, Монгол Улсын Ардын багш, шинжлэх ухааны доктор, профессор Цэдэвийн Өнөрбаян, Монгол Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор Мөнхжаргалын Базаррагчаа, хэл шинжлэлийн салбарын эрдэмтэн судлаачид оролцлоо.