Хэл шинжлэлийн докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөлийн ээлжит хурал 2025 оны 1 сарын 7-ны өдөр боллоо. Тус хурлаар МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн докторант, Гадаад хэлний төвийн ахлах багш Б.Нямжав “Англи, монгол хэлний авиалбар зүйн үзэгдлийн зэрэгцүүлсэн судалгаа” сэдэвт докторын зэрэг горилсон бүтээлээ хэлэлцүүлж зөвлөлийн гишүүдийн 100%-ийн саналаар хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг хамгааллаа. Б.Нямжав англи, монгол хэлний авиалбар зүйн үзэгдлийг байгалийн авиалбар зүй, супрасегментийн болон шугаман хамааралт авиалбар зүйн онолын үүднээс зэрэгцүүлэн судалж шинжилсэн бөгөөд эрдэм шинжилгээний удирдагч нь Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессор С.Батхишиг юм. Шинэ докторт баяр хүргэж сургалт, судалгааны ажилд нь их амжилт хүсье.