Аливаа хэлний үйл үгийн бүтэц эвдэрч, гажуудаад эхэлбэл хэл бохирдож байгаагийн хамгийн тод илрэл болдог хэмээн хэл шинжээчид анхааруулдаг.Тэгвэл сүүлийн үед “Шаардлага тавих, ууланд авиралт хийх, төслүүдэд санхүүжилт хийх, өвдөлт өгөх, барилдаан үзүүлэх, шалгалт явагдаж байна” гэх мэтийн орчуулгын үгээр ярьж, бичих нь элбэгших хандлагатай болж байна.
Монгол хэлний зүй тогтлыг эвдэж ийнхүү буруу ярьж, бичих нь ямар хор уршигтай талаар МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын багш доктор, профессор Г.Буянтогтохтой ярилцлаа.
– Юуны өмнө, таны судалгааны нэг гол чиглэл болох Манж хэлний тухай асуултаас яриагаа эхэлье. Манж хэл үндэстэнтэйгээ хамт мөхсөн гээд байдаг. Ер нь манж судлалын өнөөгийн байдал, түүний ач холбогдол, монголчуудад өгөх сургамжийн талаар товч өгүүлнэ үү?
– Манж судлалын тухайд, хамгийн олон судлаачтай газар гэвэл Монгол Улс л байх. Бусад оронд ганц хоёр хүн манж хэл үзэж, Манжийн судлал эрхэлдэг гэсэн. Сүүлийн жилүүдэд Хятад, ялангуяа Өвөр Монголд нэлээд бодлоготой, тууштай анхаарч байгаа юм уу даа гэмээр шинж мэдэгдсэн.
Манж гэхлээр зарим хүн Хятадтай адилтгаад, хэлийг нь ч хятад хэлнээс ялгаж чадахгүй байх шиг байдаг. Тэр ч битгий хэл, нэлээд боловсролтой, нийгэм, олон түмэнд нөлөөтэй гэгддэг хүн ч монголчууд Манж, Хятадын дарлалд олон зуун жил болсон мэтээр ярьж, бичсэн байдаг. Энэ бол маш хортой, буруу ойлголт, төөрөгдөл. Монголчууд хэзээ ч Хятадад эзлэгдэн дарлагдсан түүхгүй. Монгол, Хятад аль аль нь 300–гаад жил Манж нарт дарлагдан нухчигдсан.
Манж нар энэ олон жил захиран боолчлохдоо “Монгол Улсын аж байдал нь үүл борооны адил болой. Үүл хурваас бороо орно. Монгол аймаг нэгдэж цэрэг байгуулна. Монгол аймгийн нэгдсэн цэрэг бутрах нь үүл сарниж, бороо орох луга адил болой. Тэдний аймгийн нэгдсэн цэрэг сарнисан хойно би мөрдөн хөөж, тасаг тасаг эзлэн авъя” гэсэн Нүрхаачийнхаа бодлого, зарлигийг чанд даган баримталж хэрэгжүүлж чадсанаар Монголын ард түмнийг боолоо болгоод зогсоогүй, эртний түүхт монгол түмэн тэдний энэ хорт бодлогод унан автсаны гайгаар Монгол Улс хэмээх сэтгэлийн албан бус төвтэй, Алтай, Буриад, Өвөр Монгол, Тува, Халимаг зэрэг харь гүрний эрхшээл доорхи нэр төдий улс, мужид хуваагдаад, хоног хоногоор бие биеэс холдсоор байна.
Мэхт мэхэндээ гэгчээр элдвийн аргаар Монголыг бутарган мөхөөсөн манж нар ахуйг нь эзлэн хайлуулах буюу оршихуйг нь ямх ямхаар солих Хятадын төрийн хар хайрцгийн бодлогод автан, аяндаа уусан мөхсөн гэж болно. Ахуй буюу оршихуй алдагдахлаар сэтгэлгээ аяндаа харьжин устах ба хэл ч аяндаа мөхдөг. Ингээд үндэстэн ч дуусна. Манж нарын болон манж хэлний мөхөл оршихуйн энэ зүй тогтлын бодит гэрч төдийгүй монголчууд бидэнд ч дохио санамж болсоор байна.
-Та бол зөв ярих, сайхан найруулж бичих тухай их ярьдаг. Сүүлийн үед харин телевизээр харагдахаа болио юу даа. Том найрагч, гадаадын монгол судлаач шавь нар тань таныг “Монголын яруу найруулгын сайхныг мэдрүүлж ойлгуулсан хүн” хэмээн дурсан бичсэн байна билээ?
– Урмын сайхан үг дуулгасанд баяртай байна. Гэхдээ миний сайн гэж юу байх вэ. Намайг найруулгазүйд гайгүй болгож өгсөн их ачтан Ц.Сүхбаатар багш хийгээд надад ном эрдмийнхээ ариун буянаас хайрласан аугаа их багштан Я.Шаарийбуу, Ц.Шархүү, С.Мөөмөө, М.Базаррагчаа, Чой.Лувсанжав, Ж.Лувсандорж, С.Дулам, Б.Бор, Т.Арслан, А.Лувсандэндэв, С.Лувсанвандан, Ш.Лувсанвандан, С.Галсан, Л.Болд, Х.Сампилдэндэв гээд домог болон мөнхөрсөн, мөнхөрч яваа суут мэргэдийн л ач, аврал юм даа. Хэл найруулгын талаар зурагтаар ярьсан тухайд бол “С1” телевизийн “Миний монгол хэл” нэвтрүүлэгт гурван жил оролцож, болсон болоогүй юм ярьж байгаад, тэр нэвтрүүлэг зогссон болохоор харагдахаа байсан юм шиг санагдсан байх. Хэрэгтэй гэсэн газар ярь гэвэл мэр сэр ярьж л байна.
– Энэ удаад таныг зорьж ирсэн маань бас л үүнтэй холбоотой. Нийтээр нэлээд түгээмэл хэрэглэж байгаа, засууштай жишээнүүдийн тухай ярилцах гэсэн юм. “Явдаг байгаа, өгдөг байгаа, үйлдвэрлэдэг байгаа” гэж ярьдаг болжээ. Энэ зөв үү? Нэг л хэлтгий сонсогдоод байдаг юм. Уг нь явж байгаа, өгч байгаа, үйлдвэрлэж байгаа гэхэд л “байгаа”-г хэрэглэдэг сэн?
– Тийм ээ. Энэ “явдаг байгаа” гэдгийн хувьд “байгаа” гэдэг үг найруулгын нурших алдааны жишээ. Ер нь, сүүлийн үед харь хэл, сэтгэлгээний нөлөөгөөр олон монгол хүн үйл ажиллагаа явагдах, үйл ажиллагаануудыг авч хэрэгжүүлэх, бүртгэлт хийлгэх, өвөлжилтийн байдалд хүндрэл тохиолдох, ууланд авиралт хийх, нислэг үйлдэх, өвчний гаралт ихсэх, өвчний дэгдэлт нэмэгдэх, өвдөлт өгөх, мэс ажилбар хийгдэх гэх мэтээр их нуршдаг, түүнийгээ албаны боловсон найруулга гэж боддог болоод байх шиг байна л даа.
-Адаглаад “Үйл ажиллагаа болох, бүртгүүлэх, өвөлжилт хүндрэх, ууланд авирах, өвдөх, өвчин дэгдэх” гэвэл илүү монголжуу болно байх. “Идет уборка урожайя” гэдэг орос хэлний өгүүлбэрийг “Ургац хураалт явагдаж байна” гэж махчлан орчуулсантай адил, “Барилгын ажил явагдаж байна, Замын ажил явагдаж байна, Шалгалт явагдаж байна” гэх мэтээр ярьж, бичдэг болсон. Энэ бол социализмын үед орос хэлийг болхи сурсан хүмүүсийн “нийгэмшүүлсэн” үг хэллэг байх?
– Тийм ээ. Уг нь бол “Ургац хурааж байна, Барилга барьж байна, зам засч байна гээд л монгол хүн хэлнэ дээ. Үүнтэй адил юм бүр дээр өндөр гэдэг үг хэрэглэж байна. Өндөр сэтгэгдэл, өндөр амжилт, өндөр цалин, өндөр тоо гээд л яриад байна. Энэ бол орос, англи хэлний ярианы хэв шинж шүү дээ. Өчнөөн олон үгийн сонголт байсаар байхад ганц үг л хэрэглээд байна. Энэ “өндөр” гэдэг үгийг яаралтай засмаар байгаа юм. Өндөр сэтгэгдэл гэхийг гүн сэтгэгдэл гэж хэлж болно оо доо.
– “Аав аа, хүү чинь таныгаа . . . ” гэж ирээд л дуулж байна. Үүнтэй адил өөрөөс ахмад хүнтэй ярьж байхдаа “аав чинь, ээж чинь” гэж ярих юм. Уг нь “Аав аа, хүү тэнь” гэх ёстой бус уу. Хамаатуулахын “тань” нөхцөл мартагдаж байх шиг ээ?
– Тоочоод барахгүй ээ. Барилгын насжилт хэтэрлээ, өндөр цолтой бөхчүүд барилдацгааж байна, Цагаан сар бол Монголын ард түмний өндөр баяр юм, 380 км зам баригдаж байна . . . гэх мэт.
Ганц тань, тэнь нөхцөл ч биш, ер нь монгол хэлний олон хэрэглүүр өдөр тутмын харилцаанаас түрэгдэн гарч, мартагдсаар байна гэвэл зөв болно. Тухайлбал, монгол хүн ярих харилцахдаа ах нар, эгч нэр гэдэг ёстой ч одоо ганц нар нь л үлдээд байгаа бөгөөд жолооч нар гэхийг жолоочид, Төрийн тэргүүн нэр гэхийг төрийн тэргүүд гэдэг болоод байгаачлан, яваандаа ах нар гэдгийг ахад, эгч нэр гэдгийг эгчид гэцгээдэг болох юм байгаа биз. Саад тотгор тохиолдох, чирэгдэл болох, түвэг учрах, бэрхшээл тулгарах гэх мэт олон монгол үг хэллэгийг хүндрэл хэмээх хуулбар орчуулгын үг түрэн гаргаж байна. Гачлан зовлонтой болсон хүнийг одоохондоо хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэсхийж байна. Энэ байдлаараа, мөдхөн хөгжлийн хүндрэлтэй иргэд гээд эхлэх юм байлгүй. Бас орос хэлний Еще буюу монголчууд өшөө гэж дуудаад байгаа үг улам, бүр, маш, нэн, тун, үлэмж, асар, нэлээд, ахин, дахин, туйлын гэх мэт олон үгийг мартуулж байна.
-“Малын тоо өслөө, гэмт хэргийн тоо буурлаа” гэж ярих юм. Гэмт хэргийн тоо нь буурсан уу, гэмт хэрэг нь цөөрсөн үү гэдэгт ялгаа бий. Тэгэхээр энэ тоо гэдэг үг илүү. Яг үүнтэй адил монгол хүн шарангуй царайтай гэдэг болохоос царайн өнгө шаравтар, үсний өнгө хар гэх мэтээр ярих уу?
– Та зөв юм ярьж байна. Эрүүл ухаантай монгол хүн яалаа гэж тийм хачин үг хэлж байх вэ. Энэ мэтийн буруу зөрүү, этгээд хачин, солиу гажуу үг хэллэгийг өнөөгийн монгол хүний яриа, ялангуяа, биеэ улстөрч гэж сагсуураад байдаг зэрэмдэг боловсролтой дарга нар, хамгийн гол зэвсэг болох монгол хэлээ эзэмшээгүй мөртлөө Монголын сэтгүүлч хэмээн зурагтаар гарч, сонин хэвлэлд нэрээ гаргаж, ард олны сэтгэлгээг зогсоо чөлөөгүй буртаглан, үндэсний хэлийг хайр найргүй эвдлэн сүйтгэж байгаа нэлээд хүний хэл яриа, бичсэн нийтлүүлсэн зүйлээс олж ядах юмгүй. Авах танаггүй заримаас нь дурдвал, “Хорт хавдраар өвчлөгсдийн нас залуужиж байна”, “Архинд донтогсдын нас залуужиж байна”, “Өнгөний өвчнөөр өвчлөгсдийн нас залуужиж байна” гэж ярьдаг, бичдэг хүн олон болоод байна. Тэднийхээр бол, хорт хавдар, архи, өнгөний өвчин зэрэг нь амь насыг авдаг, аюул хөнөөл биш, харин өтөлснийг залуужуулж, үхэлгүй мөнхийн хутаг хайрладаг ачтан авралтан юм байна л даа.
– Энэ байдал нь ужгираад, буруу яриад байх нь монгол сэтгэлгээг хэрхэн гажуудуулдаг талаар дүгнэн хэлнэ үү. “Эрлийзжсэн сэтгэлгээтэй хүүхэд эх орондоо илүүддэг, эсвэл, бусдын элэг доог болдог” хэмээн таныг хэлсэн гээд бичсэн байна билээ?
– Энэ миний үг биш ээ. Оросын аугаа их эрдэмтэн К.Д. Ушинский анх иймэрхүү утгатай үг хэлснийг би монголоор найруулж буулгасан ухаантай юм. Хэл яриа гажна гэдэг сэтгэлгээ гажиж буйн тэмдэг. Сэтгэлгээ гажвал үндэстний оршихуйн ухаан гажна. Оршихуйн ухаан гажин гажсаар өөр үндэстний оршихуйн ухаанаар солигдон уусч шингэнэ. Тэгээд, үндэстэн ч солигдон мөхнө. Ер нь л орчлон ертөнцөөс үүрд арчигдана.