“Дуутын хадны бичээс буюу Сэтгэшгүй чандмань сүмийн үсгийн урлаг” сэдвээр уран бичээч Т.Жамъянсүрэн Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байдаг Дуутын хадны монгол бичээсийг үсгийн урлагийн талаас нь ажигласан шинэлэг судалгаагаа танилцууллаа.
Уг дурсгал нь Монголын түүх, хэл, уран зохиолын хосгүй дурсгал төдийгүй, үсгийн урлагийн түүхийг өгүүлэхэд онцгой ач холбогдол бүхий дурсгал болохыг онцолж үзсэн байна. Тэр бээр тус бичээсийн зохиогч хийгээд бүтээсэн эзэд, он цаг нь тодорхой тул түүнийг тухайн нутаг орон, хад чулууны байр байц, бичээсийн онцлог, үсэг сийлсэн арга барил зэрэгийг анхааран шинжилж, энэхүү дурсгалд шингэсэн олон далд өгүүлэмжийг нээн илрүүлэх боломжтой талаар өөрийн ажиглалтыг дэвшүүлэв. Үүнд, дурсгалыг бүтээхэд Дайчин хиа, Гүен баатар, Амар хиа гурав хамт байсан бөгөөд чухам хаврын эхэн сард жавартай сэрүүн цагаар Дуутын хаднаа гэрэлт хөшөө сийлэх болсон учрыг барс сарын арван таванд багтааж бичих Цогт тайжийн зарлигтай холбож үзлээ. Тэд Хутагт хааны учираа хэмээх гэрэлт хөшөө болон Хунтайжийн санаашрал шүлгийг хаднаа сийлэхээр төлөвлөж очсон боловч, сийлбэрийн багаж сул байснаас арван зургааны өдөр Амар хиа өндөр дээр гарч гурав дахь бичээсийг сийлсэн тухай таамгийг дэвшүүллээ. Илтгэгч монументаль урлагт үсэг бичвэрийг хэрхэн боловсруулах талаар Албрехт Дюрерийн трактатаас эш татан тайлбарлаад, Цогтын цагаан балгасны гэрэлт хөшөө, Хутагт хааны учир гэрэлт хөшөөний бичээсийн эхний хэдэн мөрийн бичээс том хэмжээтэй байснаа тэр хэвээр сийлбэл, талбайд бүхэл бичвэрийн дүрсийг багтаах боломжгүй болсноос жижгирүүлсэн байна хэмээн үзэв.
Судалгааны эхний үр дүнд “Дайчин хиа, Гүен баатар нар Хутагт хааны учираа гэрэлт хөшөөний бичээст хоёр өдрийг зарцуулсан гэж үзсэн бөгөөд эхний өдөр нэг хоёрдугаар мөрийг тод томруун гүн нарийн чамбай сийлсэн байна. Чингэхдээ талбайдаа дүрсээ бүрэн буулгалгүйгээр судар ном хэрхэн бичдэг аргаар багш цаасан дээрээ мөрөө тааруулж бичсэнийг дагаж, хадан дээр шугам татаад шууд сийлээд эхэлжээ. Хадны цуурхайгаас болж хоёр дахь мөрний хөл доголдож төгсгөхөд хүрсэн ба үсгийн тэр хэмжээгээр цааш үргэлжлүүлбэл талбайд багтахааргүй болсноор тэр өдрийн ажлаа өндөрлөжээ. Маргааш нь хугацаа заасан арван тавны өдөр тул утгат хэсгээр нь гурав дахь мөрний эхний хэсгийг томоор, цааших хэсгийг үсгийн хэмжээг жижгирүүлж гүехэн сийлсээр төгсгөсөн байна. Бичээсийн төгсгөлд үг андуу давуулж харж засаж боломгүй алдаатай мөн учирчээ. Үүнээс сургамж авч маргааш өдөр нь сонгосон хадны төв дунд Хунтайжийн санаашрал шүлгийн мөр бүрийн хөл толгойг тэнцүүлэн үсэг нэг бүрийг бүрэн бичиж, Дайчин хиа, Гүен баатар завгүй байх зуур Амар хиа сул байсан багаж цоолтуурыг авч гурав дахь бичээсийг сийлжээ. Чингэхдээ өмнө байсан хадны сүг зургийн гүехэн сийлсэн байгаа байдлыг даган туршиж ажиллажээ. Дайчин хиа Гүен баатар нар Хунтайжийн санаашрал шүлгийг тэр мэт гүехэн сийлж арван наймны өдөр төгөлдөр дүүргэсэн ба бичээсийн үсэг нэг бүр жигд мөн гаргацтай үзэмжтэй болсон байна” гэж судлаач саналаа дэвшүүлжээ. Тэрээр үсгийн зурмын онцлог, сийлсэн ур чадвараар нь хоёр хүний бичгийг ялгах боломжтой болохыг дурдаад, дунд бичээсийн эхний гурван мөрийн бичээсийн жишээгээр харьцуулан танилцуулав. Мөн тэдгээр санскрит, төвөд, монгол бичээст байгаа саран дэвсгэртэй зурам болон өвөрмөц хэлбэртэй эгчим бярга тэмдгийг сайтар сурвалжлан нягталснаа дурдсан бөгөөд цаашдын судалгаандаа энэ талаар дэлгэрэнгүй өгүүлэхээ хэлэв.
Илтгэлийг хэл шинжлэлээс гадна философи, биологи, хууль, анагаах ухаан, уран барилга, гэрэл зураг, уран зураг, каллиграфи зэрэг салбар салбарын дотоод гадаадын эрдэмтэн, багш, судлаач, уран бүтээлч, оюутан нар байлаа. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн багш түүхийн ухааны доктор Ю.Болдбаатар уг судалгаа эх бичиг судлалыг шинэ шатанд гаргаж байгааг онцлон тэмдэглээд “Дуутын хадны бичээсийг цаашид хэрхэн хамгаалах вэ” гэдэгт санал бодлоо илэрхийлэв. Тус семинарын удирдагч профессор Т.Отгонтуул, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, дэд профессор М.Жавхлан, Философи шашин судлалын тэнхимийн докторант Ц.Мөнхцэцэг нар уг судалгааны талаар тодруулан асуухаас гадна уг дурсгалын ирээдүй хэт болон шинэ бүтээн байгуулалт, ландшафтын зохицлын талаарх шийдэл эрэлхийлсэн үнэтэй саналууд гаргаж хэлэлцүүлэг сонирхолтой өрнөв.