Монгол Улсын их сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн ахлах багш, доктор М.Жавхлантай ярилцлаа.
-“Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр “Монгол хэл судлал” олон улсын нийгэмлэгийг эрдэмтэн судлаачид хамтран байгуулахаар шийдвэрлэлээ. Энэ талаар яриагаа эхэлье.
-“Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Улаанбаатар хотод гурван өдөр зохион байгуулагдсан. Энэхүү арга хэмжээнд 14 улсын монголч судлаач оролцож, таван салбар хуралдаанаар 155 илтгэлийг танилцуулсан юм. Тус арга хэмжээнд миний бие мөн илтгэл хэлэлцүүлж, оролцсон. “Монгол хэл судлал” олон улсын нийгэмлэгийг эрдэмтэн, судлаачид хамтран байгуулахаар шийдвэрлэлээ. Үүнд зөвхөн монголын хэл, шинжлэлийн асуудлыг судлахаас гадна дэлхий дахинд тархан суурьшсан монгол угсаатан, монгол судлалыг судалж буй эрдэмтэн судлаачид хамтарч монгол хэлний судалгааг дэлхий дахинд илүү олон хэл дээр, өөр өөрийн онол арга зүйгээр судалж таниулах, хэлээ сурталчлах нийгэмлэгийг байгуулсан юм.
-Тус эрдэм шинжилгээний хуралд ямар сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлсэн бэ?
-“Монголын нууц товчоон”-ыг галигласан зарим хятад үсгийн тухай” илтгэл хэлэлцүүлж тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцлоо. Миний мэргэжил Эх бичиг судлаач. Монголчуудын хэлний кодыг тайлах, бичиг үсгийн эх сурвалжуудыг уншиж, үгийн утга, санааг түүхэн хэлзүйн үүднээс тайлбарладаг юм. Монгол хэлийг судлахад монголчуудын түүхэнд үлдээсэн 10 гаруй бичиг үсгүүдээр тэмдэглэсэн сурвалж бичгүүдээс гадна Араб, Хятад зэрэг олон хэл дээр монгол хэлийг тэмдэглэн үлдээсэн байдаг. Тухайн үед монгол хэлийг сурахыг дэлхийн улс, үндэстэн бүр хүсдэг байсан нь өдгөөгийн англи хэлтэй адил байсан гэсэн үг.
Тэр үедээ бол улс, үндэстнүүд өөрсдийн хэл дээр монгол хэлийг авиалан тэмдэглэж байсан юм. Түүний нэг жишээ бол “Монголын нууц товчоон” юм. Уг бүтээлийг хятадын ордны хаад, ноёд монголын түүх соёлыг тэр тусмаа алтан ургийн үйл явдал, байлдан дагууллын зам мөрийг тодруулан мэдэхийн тулд хятад үсгээр монгол хэлийг авиалан тэмдэглэж барлан тараасан байна. Ингэж олон төрлийн бар хэвлэлээр хувилан ихэс дээдэстээ “Монголын нууц түүх” нэртэй сурах бичиг болгон хятад үсгээр монгол үгийг авиалан тэмдэглэж, ард талд нь тохирох утгатай хятад үгийг хадаж, хажуу талд нь нийт утгыг хятадаар утгачлан орчуулсан байдаг. Үндсэндээ бол хятад хүнд зориулаад монголын түүхийг мэдэх, монгол хэлийг сурах зорилготой хөрвүүлсэн гэсэн үг. 1260-1368 онд Хубилай хааны байгуулсан Юань гүрний үед дөрвөлжин бичгээр “Монголын нууц товчоон” байсан гэж эрдэмтэд үздэг. Түүнээс хойш XVI, XVII зууны үеэс монголчуудын бүтээсэн түүхэн таван сурвалж бичиг бол өмнөх түүхийн сурвалжуудыг харьцуулан судлахад нэгнийгээ нөхвөрлөх ач холбогдолтой. Монголын эрдэмтэн Лувсанданзаны “Алтан товч” бол “Монголын нууц товчоон”-ы 80 гаруй хувьтай дүйцдэг. Монгол бичгээр алтан ургийн үйл явдлыг тэмдэглэсэн нууц товчоо байсан гэдгийн баталгаа нь энэ юм. Сүүлд Төвдөөс монгол бичгээр бичигдсэн нууц товчоо 18 хуудас олдсон байдаг.
-Тухайн үед монгол хэл сурахыг дэлхийн улс, үндэстэн бүр хүсдэг байсан гэлээ шүү дээ. Хятад улсын сурвалж бичгүүдэд хэр нөлөөлсөн бол?
-Монгол Улс түүхэндээ том гүрэн байсан учраас хөрш зэргэлдээ улс, үндэстнийхээ соёлд нөлөөлж байсан. Тэр нөлөөлж байсан асуудал бол хятадын бичиг, үсгийн түүх, сурвалж бичгүүдэд байдаг. Иймд тэдгээр сурвалж бичгүүдээс түүхийнхээ дутуу хэсгийг нөхөх, бичиг соёлын зарим асуудлыг судалгааны зөв талаас нь харж, ярихын тулд магистрт суралцсан. Суралцаж ирээд Шинжлэх Ухааны Академи, Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол судлалыг дэмжих санд ажиллаж байгаад буцаад Бээжин хотод докторт сурахаар явсан. Монголчуудын дунд орхигдоод байдаг аман бичгийн хэлний судалгааг тэндээс хайсан. Аман зохиолын хэлний судалгааг монголчууд аман зохиолын талаас нь хардгаас биш бичгийн хэлний талаас нь харж, судлах нь ховор байдаг. Б.Ренчин гуай аман бичгийн хэлийг анхааран судалдаг байсан. Өвөр Монголын зүүн талаар нутагладаг Хорчин монголчуудын дунд алдаршсан “бэнсний үлгэр” хэмээх үлгэр, домгууд байдаг. XVIII зууны сүүлч, XIX зууны эхэн үед Хятадын эртний үлгэр, домгийг монгол хэлээр орчуулаад, түүнийгээ хуучир гэх хөгжмөөр хэлж, дуулж өөрсдийнхөө соёлыг түгээж монгол хэл аялгуугаа хадгалан авч үлдсэн. Үүнийг өдгөөг хүртэл уламжлан хэлж, дуулж байгаа хүмүүсийн аман текстийг бичгийн хэл, үгийн сангийн талаас нь судалж эрдмийн зэрэг хамгаалсан билээ. Миний сонирхон судалж буй чиглэл бол эх бичиг, сурвалж судлалын талаас нь анхаарч “Монголын нууц товчоон”, монголчуудын түүхэнд үлдээсэн сурвалж бичгүүд юм. Үүнтэй холбоотой нэлээд хэдэн өгүүлэл бичсэн билээ. Жишээ нь гэвэл “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр илтгэсэн “Монголын нууц товчоон”-ыг галигласан хятад үсгийг бүртгэн гаргах, түүнийг хэрхэн галигласан системийн тогтолцоог тогтоох зорилготой байсан юм. Бидэнд олдоод байгаа “Монголын нууц товчоон”-ыг монгол эхээс нь хятад үсгээр галигласан тодорхой бөгөөд буулгасан хүмүүс бол монгол хүн байх боломжтой гэдэг дүгнэлтийг гаргасан. Мин Улсын үед монголын эрдэмтдийг олзолсон эсвэл тэнд зүтгэдэг монгол түшмэлүүд байсан ч байж болох юм. Ямар ч л байсан хятад хүнд монголын түүх, соёлыг сургах зорилгоор монгол хэлнээс хятад хэлэнд буулгасан “Монголын нууц товчоон”-ыг үйлдэхэд монгол хүн тусалсан байна гэдэг дүгнэлтэд хүрсэн билээ.
-Цаашдаа ямар судалгааны ажил хийхээр эхлүүлээд байна вэ?
-Цаашдаа миний судлах судалгааны чиглэл бол түүхэн хэл зүй, монголчуудын үсэг зүйн талаар, эртний үг хэллэг, сурвалж бичгийн судалгаагаа тулгуурлан дэлгэрүүлнэ. Зөвхөн “Монголын нууц товчоон”-ыг судлаад түүхэн хэлний асуудлыг гаргаж ирэхэд хомс. Тиймээс монголчуудын түүхэнд хэрэглэж байсан бүх үсэг бичигтэй холбоотой судалгаануудыг илүү гүнзгийрүүлж судлах чиглэл рүү орж байгаа. Мөн аман бичгийн хэлний сурвалжийн асуудалд илүү ач холбогдол өгч судална.
-Монгол судлал нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын гол тулгуур гэдэг шүү дээ. Аливаа ажлыг явуулахад санхүүгийн бэрхшээл нэлээд тулгардаг. Энэхүү асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг вэ?
-Монгол Улсын эрдэмтэд тэр тусмаа эх хэлний судалгааны эрдэмтэд өөрсдийн бор зүрхээрээ л явж байгаа шүү дээ. Нэгдүгээрт, цалин багатай байдаг. Хоёрдугаарт, судалгааг хийхэд цаг хугацаа, хөрөнгө их зарцуулах хэрэгтэй байдаг. Улсаас зорилтот томоохон төслүүдийг явуулж буй хэдий ч эрдэмтэн болгонд хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт очдоггүй. Үүнд хувийн хэвшлийн тусламж, дэмжлэг бидэнд маш их хэрэгтэй байдаг. Түүний нэгэн тод жишээ бол Болор софт ХХК-ийн “Тунгаамал” алдаа шалгах апплейкшн программ, хөрвүүлэг зэргийг хийж байна. Хувийн хэвшил, эрдэмтэд хэрхэн хамтарч ажиллаж болохын тод жишээ энэ байгаа юм. Хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллаж чадах юм бол монгол хүний оюун санаа, сэтгэлгээний хэлний кодын асуудал дээр хоорондоо нэвтрэлцэх зүйлийг энэ цаг үеийн технологийн эрин зуунтай хослуулаад хийх боломжтой. Монголчуудын түүхэнд хэрэглэж байсан бүх сурвалж бичгүүдийн санг бүрдүүлэх, цаашдаа залуучууддаа сурталчлах, боловсрол сургалтын хэрэглэгдэхүүндээ ашиглах гэх мэт олон талын ач холбогдолтой. Манайхан Кембрижийн боловсрол гэж яриад л байдаг гэтэл монгол хүн гэж хэн бэ гэдэгт хэлний боловсрол хамгийн том тулгуур багана болж байдгийг ойлгодоггүй. Хүн бүр монгол хэлийг бүрэн хэмжээнд мэддэг юм шиг үл тоодог. Гэвч үндэснийхээ хэлээрээ зөв цэгцтэй ярьж, найруулж, бичиж чадахгүй асуудал байсаар байдаг. Эцэг, эхчүүд хүүхдүүддээ багаас нь гадаад хэл сургадаг нөгөө талдаа цаг үеэ дагаад хүүхдүүд өөрсдөө гадны улс орны соёлын нөлөөнд автаж байна. Үүнд үндэсний аюулгүй байдлын зүгээс авч хэрэгжүүлэх зүйлүүд байх ёстой гэж боддог. Гэхдээ үүнийг социалист гэж харж болохгүй. Манайх шиг цөөхөн хүн амтай улс олон орны хэл, соёлд автах боломжтой. Одоо үед хөрш улс байна уу, үгүй юу гэдгээс үл хамаарч интернэтээр дамжуулаад хүүхдүүд хэлний боловсролоо алдаад эхэлж байна.
-Тэгвэл хүүхдээ гаднын улс орны хэл, соёлын нөлөөнд автуулахгүйн тулд эцэг, эхчүүдийн зүгээс хэрхэн анхаарах вэ?
-Хэлний боловсролын асуудал эцэг эхчүүдээс гадна бага ангийн сурах бичигтэй холбоотой байна. МУИС-ийн доктор, профессор Д.Заяабаатарын хэрэгжүүлж буй монгол хэлний түвшин тогтоох шалгалт төсөл хэрэгжиж байгаа. Энэ төсөл хэрэгжсэнээр монгол хэлний боловсролын асуудал бага ангиасаа цэгцрэх боломжтой болно. Тухайлбал, бага, дунд, ахлах ангийн хүүхдийн түвшинд цээжлэх ёстой үг, мэдлэгийн сангийн үг зэргээр толь бичгүүд гаргаж байна. Түүнийгээ дагаад гадаадаас ирж буй хүмүүст монгол хэлний шалгалтын асуудал цэгцтэй болж эхэлнэ. Мөн төрийн албаны шалгалтын асуудлууд ч цэгцтэй болж эхлэх юм. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас захиалгаар хийгдэж байгаа монгол хэлний түвшин тогтоох шалгалтын стандарт батлагдах юм бол улсын хэмжээнд хэлний томоохон хувьсал болно.
-2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжихэд монгол бичгийн сургалт, судалгаа, хэрэглээний орчныг бүрдүүлж, бэлтгэлийг бүрэн хангах зорилготой хөтөлбөр хэрэгжиж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Монгол бичгийг төрийн бичиг болгож, 2025 оноос хос бичигтэн болгох энэ асуудлыг дэмжиж байгаа. Гэхдээ үүнийг хийхэд олон бэрхшээлүүд тулгарна. Жишээлбэл, төрийн байгууллагуудад хэлний чиглэлийн мэргэжилтэн очиж таарна. Тэгэхээр боловсон хүчний асуудал тулгарна. Иймд хуулийн зөв гарцыг харах хэрэгтэй. Тэгэхгүй бол ард түмний эсрэг үзэлтэй тулгарч магадгүй. Хамгийн түрүүнд цогц хийх ёстой асуудал бол монгол бичгийн журамласан толь, оноосон нэрийн толь хоёрыг хийх юм. Үүнийг БШУЯ-ны төслөөр манай эрдэмтэд хийж байна. Хос бичигтэн болгохын тулд дүрэм журам, сурах бичиг, цахим орчинтой нь сууриар нь л шийдэж өгөхгүй бол хэцүү л дээ.
-Монгол судлалын сэтгүүл, цувралууд хэд орчим байдаг вэ?
-Миний судалж байснаар 2016 онд монгол судлалын сэтгүүл 21 байсан. Түүнээс хойш нэлээдгүй сэтгүүл нэмэгдсэн. Шинжлэх ухааны академи, Олон улсын монгол судлалын холбоо, МУИС, МУБИС гэх мэт байгууллагаас сэтгүүлүүд гарч байна. Мөн гадна, дотны монгол судлалын төвүүдээс сэтгүүл гардаг. “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр “Монгол хэл судлал” Олон улсын нийгэмлэгийг байгуулдгийн бас нэг шалтгаан нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хэлний чиглэлийн сэтгүүлийг дангаар нь гаргах зорилгыг мөн агуулж буй.
-Монгол судлал маш олон жилийн түүхтэй. Анх байгуулагдсан түүхэн цаг үе буюу 1818 онд юу өрнөсөн талаар ярихгүй юу?
-Монгол судлал гэж яривал 1818 оноос эхлэхгүй л дээ. Монголчууд хөрш зэргэлдээ байгаа улс, үндэстнийхээ хэл, соёлыг судлах, хоорондоо харилцаа тогтоох, тэднээс суралцах, дипломат харилцааны орчуулга, албан бичиг, худалдаа наймаа гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалаад судалгаа явуулж эхэлсэн байдаг. Тэгэхээр XIII зууны Их Монгол Улсын үед монгол судлал үүссэн гэж хэлнэ. Энэ үед монголчууд дэлхий дахинд өөрсдийнхөө соёлыг түгээж, дэлгэрүүлж байсан. Тэр үед одоогийн англи хэлтэй адилхан монгол хэл дэлхийн хэл байлаа шүү дээ. Тийм ч учраас дэлхийн улс, үндэстэн бүр өөрсдийнхөө хэл дээр монгол хэлийг тайлбарласан толь бичгүүд, монголын түүх соёлыг бичсэн сурвалж бичгүүд олон олддог. Орчин цагийн монгол судлал болох бичвэр, судлал, шинжлэх ухааны онол, арга зүй гэх мэт зүйлүүд нь Унгар Улсаас үүссэн. Монгол судлалд хамгийн их ач холбогдол өгсөн цаг үе гэвэл 1959 онд Монголч эрдэмтний анхдугаар их хурал байсан юм. Үүнд Олон улсын эрдэмтэд чуулж, “Олон улсын Монгол Судлалын Холбоо” байгуулагдсан байдаг. Монголч эрдэмтдийн их хурал 2020 онд болох байсан ч цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшлогдсон. Харин дараа жилийн наймдугаар сард зохион байгуулагдана гэж төлөвлөсөн байгаа.
-Олон улсын монгол судлалыг хариуцах төв нь Монгол Улсад байгаагийн ач холбогдол юу вэ?
-Дэлхийн монгол судлалын төв нь Монгол Улс өөрөө юм. Монгол судлалын төвөө монголдоо байлгана гэдэг бол оршихуйн дархлааны асуудлаа хамгаалж байна гэсэн үг. Тусгаар тогтносон улсын хувьд гадны улс орнуудад өөрсдийн хэлээ заадаг, хэлний стандартын дагуу монгол хэлний оноо гэж авдаг, үүгээрээ дамжуулан түүх, соёл сурталчилж, аялал жуулчлал, сургалт, сурталчилгааг явуулдаг болох нь зөв. Энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг хувь болон хувьсгалын ч үүднээсээ хийх хэрэгтэй гэж боддог.
-Монгол судлалыг цаашид хэрхэн хөгжүүлэх хэрэгтэй вэ?
-Бид бүгд төрөлх хэлээ сайн сурч, язгуурын соёлоо зөв зохистой тээн авч үлдэж, эх орон, байгаль дэлхийгээ хайрлаж чадах юм бол энэ монгол судлалын хамгийн том хөгжүүлэлт юм. Мэдээж төсөл хөтөлбөрүүд байлгүй л яахав. Цаашдаа бид монгол хэлний стандартыг баталж, хүн бүрд эх хэлний боловсролыг жигд эзэмшүүлэх хэрэгтэй. Монгол хэлний хамгийн гол зорилго нь бол дэлхийн боловсролыг эх хэлээрээ авах юм. Кембрижийн сургалтыг бид монгол хэл дээрээ орчуулахад болно. Монгол хэл өөрөө академик, олон нийтэд хүрдэг хэл. Үүнийг хүн бүрд хүртээхийн тулд л ажиллана гэсэн үг юм.