-Олон улсын эх хэлний өдөрт-
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. МУИС-ийн зөвлөх багш, СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийн судалгааны багийн тэргүүлэх профессор, Монгол Улсын гавьяат багш, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Журын Баянсантай монгол хэл, хэлний үүрэг, түүний онцлог, хэлийг сурах, судлахад тулгамдаж буй зарим асуудлын талаар ярилцлаа.
Тэрбээр монгол хэлийг танин мэдэхүй, сэтгэл судлал, соёл судлал, хэл шинжлэл зэрэг хүнийг судалдаг ухаануудын уулзвар зааг дээр шинжлэн тайлбарлах чиглэлээр мэргэшин, арав гаруй ном, сурах бичиг, 50 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлжээ. Ийнхүү Монгол Улсад шинжлэх ухааны шинэ дэг сургуулийг үүсгэн, хөгжүүлэгч, нэр хүндтэй эрдэмтэн судлаачийнх нь хувиар Олон улсын эх хэлний өдрийг тохиолдуулан зочноор урьсан юм.
-Дэлхий дээр монгол хэлээр хэчнээн хүн ярьж байна вэ, Дэлхийн олон хэлтэй харьцуулахад хэр хэрэглээтэй хэл гэж үзэж болох вэ?
-Баримжаагаар 10 орчим сая хүн монголоор ярьдаг гэсэн мэдээ бий. Энэ бол манай улсын уугуул хүн амаас гадна БНХАУ, ОХУ дахь монгол угсааны, ямар нэг түвшинд монголоор ярьдаг хүмүүсийг хамруулсан тоо гэж ойлгож болно. Тэгэхээр англи, хятад, испани зэрэг хэлээр ярьдаг хүний тоотой харьцуулбал өчүүхэн санагдаж болох юм. Гэхдээ би нэг сонирхолтой баримт дурдъя. Дэлхий дээрх 8 тэрбум орчим хүн 7000 гаруй хэлээр ярьдаг. Өнгөцхөн хуваарилбал, нэг хэлээр дунджаар 850 мянган хүн ярьж байгаа мэт боловч, 2.5 тэрбум буюу дэлхийн хүн амын 40.5 хувь нь 8-хан хэлээр ярьдаг. Дөрвөн мянган хэлээр зөвхөн наймхан сая хүн, 2000 хэлээр хагас сая хүн ярьдаг бол 1000 гаруйхан хүн ярьдаг 1700 хэл, 100 хүрэхгүй хүн ярьдаг 600 хэл байдаг ажээ.
Тэгэхээр нэг хэлээр ярьдаг хүний тоо гэхэд л их харьцангуй юм. Жишээлбэл, өнөөгийн 8 тэрбум хүний 1,4 тэрбум нь хятдаар ярьдаг байх нь ээ. Гэтэл Энэтхэгийн хүн амын хэдэн хувь нь англиар ярьдаг юм бол, түүн дээр төрөлх англи хэлтэй уугуул англичууд, дээр нь өөр өөр тивд оршин суудаг, төрөлх англи хэлтнүүдийг нь нэмбэл бас л их тоо гарна даа. Ингэхээр 7000 хэлнээс үлдсэн 6998 хэл хаачаа вэ гэсэн асуулт гармаар байгаа биз.
Тэгэхээр тухайн хэлний хэрэглээ гэвэл уг хэлээр харилцдаг хүний тооноос гадна орчин үеийн боловсрол, шинжлэх ухаан, техник, технологийн үр дүн буюу бүтээлийн тоо хэмжээ, үр өгөөж болгоныг уг хэлээр маш хурдан түргэн илэрхийлж, түгээх арга боломжтой ихээхэн холбоотой. Ингэж үзвэл монгол хэлний хэрэглээний байдал ямар байгаа вэ гэдэг асуултын хариу бараг төсөөлөгдөх болов уу.
-Буриад, халимаг хэлийг бие даасан хэл гэж үзэх үү, эсвэл монгол хэлний нэг аялга юм уу?
-Ойрад, халх, буриад гэхээр Монгол Улсынхаа хувьд монгол хэлний нутгийн томоохон аялга болдог. Тэдгээр нь дотроо хэд хэдэн салбар аман аялгатай байдаг. Жишээлбэл, ойрад аялга дотроо дөрвөд, баяд, захчин торгууд, мянгад салбар аялгатай. Халх гэхэд л төв, умард, өрнөд, дорнод салбар аялгатай, буриад нь дотроо барга, баарин, үзэмчин гэх мэт аялгатай.
Харин буриад хэл, халимаг хэл гээд байгаа нь Монголоос өөр улсын талаас үүсэж буй нэршил гэж ойлговол зохино. Өөрөөр хэлбэл, өөр өөрийн гэсэн хэлээр ярьдаг олон үндэстэн буюу олон угсаатны холбооны улсын тухайд, жишээлбэл, ОХУ-ын хувьд буриад хэл, халимаг хэл гэж нэрлэдэг гэсэн үг. Энэ нь орос хэл гэхийн зэрэгцээ тажик хэл, узбек хэл гэдэгтэй нэг төрлийн нэршил юм.
– “Монгол хэл шинжлэх ухаанч хэл мөн үү” гэсэн асуудлыг хөндөх нь бий. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Аливаа шинжлэх ухааны аль ч асуудлыг тухайн хэлээр илэрхийлж чадаж л байгаа бол тэр хэлийг шинжлэх ухааны хэл гэж үзнэ. Тэгэхлээр монгол хэл бол яах аргагүй шинжлэх ухааны хэл мөн. Түүний ачаар бид орчин үеийн шинжлэх ухааныг монгол хэлээрээ л, ямар ч саадгүй хүлээн авч ирсэн шүү дээ. Харин үүнд нэмж хэлэх нэг зүйл бий. Орчин үеийн шинжлэх ухаан, техник, технологийн шинэ шинэ арга зүй, нээлт, үр дүн, бүтээлийг монгол хэлээр цаг алдалгүй үнэн зөв орчуулж, нийтийн хүртээл болгож байх хэрэгтэй юм. Энэ бол их чухал асуудал гэж боддог. Ингэхгүй бол шинжлэх ухаанаас хэл нь хоцроход хүрнэ гэсэн үг болно.
Нөгөө нэг асуудал бол, ямар учраас манай хүүхэд залуус Харвард, Масачусетс, Оксфорд, Иель, Бостон, Пенсилвани, Токио зэрэг шилдэг их сургуульд элсэж суралцахыг хүсэж мөрөөдөөд байна вэ. Гэтэл ийм сургуульд элсэж суралцахын тулд англи хэлээр саадгүй ярьж, сонсож, бичих чадвартай байх ёстой болдог. За, тэгээд сурах боллоо гэхэд асар их зардал, зоос мөнгө хэрэгтэй болно оо доо. Тэгвэл миний бодож байгаа, мулгуудуу байж магадгүй, нэг арга бол тэдгээр сургуулийн хөтөлбөрийг монгол хэлээр эх орондоо авах боломжтой болгож болохгүй юм уу гэдэг асуудал юм. Чингэж байх аваас нөгөө төрөлх монгол хэл маань одоо жинхэнэ шинжлэх ухаанч хэл болж байгаагийн бас гэрч болно биз дээ.
-Тухайн хэлээр ярьж байгаа хүн хэдий чинээ олон байх тусам уг хэл хүчтэй байдаг гэж үзэх хандлага байдаг. Тэгэхээр монгол хэл хэр хүчтэй хэл вэ?
-Хэл бол нэгэнт харилцааны хэрэглүүр учраас тухайн хэлээр ярих хэрэгцээтэй нь л ярьж, хэрэгцээ байхгүй бол уг хэлээр хэчнээн хүн ярьдаг байлаа гээд түүнийг бусад хүн зайлшгүй сурах шаардлагатай биш шүү дээ.
Харин монгол хэлний маань хүч, чадамжийн тухайд, Эртнээс нааш 4,5 зүйлийн бичиг үсэг зохион хэрэглэж, аль 18-р зуунд л “Мэргэд гарахын орон хэмээх Төвөд-монгол дохионы бичиг” зэрэг орчуулгын толь зохиож, хэдэн мянган зохиолыг монголоор орчуулсан. Мөн Энэтхэг, Хятадын олон зуун үлгэр туульсыг монголоор орчуулж, барлан хэвлэсэн. Сүүлд 20 дугаар зуунаас Англи, Америк, Франц зэрэг Европын олон орны сонгодог бүтээлийг орчуулан хэвлэсэн. Орос хэлнээс гэхэд л уран зохиол төдийгүй, шинжлэх ухаан, соёл боловсрол, урлаг, бүхий л салбарын бүтээлийг хэдэн түмээр нь орчуулан хэвлэж ирсэн. Өөрийн орны бичгийн дурсгал, зохиолчдын монгол, кирилл бичгээр бичиж хэвлүүлсэн ном зохиол гэхэд тоймгүй.
Тэгээд монгол ардын үлгэр тууль, дуу, ерөөл магтаал, сургаал үг, оньсого таавар тэргүүт ардын уламжлалт зан үйлийн бүх төрлийг хуугаар нь цуглуулж, соронзон хальс, цаасан хэлбэрээр баталгаажуулан хадгалж, судалгааны эргэлтэд оруулж ирсэн мэт нь монгол хэлний хэрэглээ, чадамжийг батлах найдвартай баримт гэж үзэх ёстой.
-Дэлхийн олон хэлний дунд монгол хэл ер нь ямар онцлогтой вэ, хэр баян бэ гэдэгт хариулт өгч болох уу. Монгол хэлний үгийн сангийн нийт үгийг гаргах боломж бий юу?
-Маш товч хариулбал, баян хэл, ядуу хэл, дунд зэргийн хэл гэх мэт ойлголт байж огт болохгүй. Ялангуяа, хэл шинжлэлч хүнээс ийм үг гарах учиргүй.
-Уучлаарай, гэхдээ монгол хүн бүрийн сонирхдог асуулт болохоор танаас асуусан юм. Гэхдээ хэл шинжлэлийн эрдэмтэд л үүнийг гаргах ёстой гэж үздэг нь нууц биш шүү дээ?
-Тийм ээ, би таны асуусныг ойлгож байна. Хэлний илэрхийлэх чадвар нь үгийн тоондоо байдаггүй. Ямар нэг юм үзэгдэл, үйл явдлыг нэг хэлэнд маш олон үгээр, маш олон янзаар илэрхийлдэг байхад нөгөө хэлэнд түүнийг арай цөөн үг хэллэгээр илэрхийлдэг зэрэг нь үг хомсдох, илүүдэж, дутах, баян ядуу гэдэгтэй ямар ч хамааралгүй асуудал юм.
Монгол хэлэнд малын зүс, ялангуяа адууны зүсийг заасан 400 гаруй үг хэллэг бий гэж нэг судлаач тогтоон тодорхойлсон нь бий.
Мал аж ахуйг эрхлэхтэй холбоотой үг хэллэг монгол хэлэнд арвин бий. Энэ бол монгол хүний амьдарлагын үндэс нь мал маллах арга ухаан байж ирсэнтэй нь холбоотой. Гэтэл Скандиновын улсуудын хэлэнд цас, түүний орох, газарт тогтох байдлыг маш олон янзаар илэрхийлдэг гэж өрнийн хэл шинжлэлч нар бичдэг.
Тэнд манайхыг бодоход цас маш их ордог. Цас тогтох байдал нь ч олон янз байна гэж тэд тусгаж ойлгодог болохоор тийм олон янзын үг байдаг байх нь шүү дээ. Гэтэл манай хэлэнд цас орох хэлбэрийг “хаялах, малгайлах, ингэн туйлаадас, манарах, бургих, савсах гэх буюу хөрлөх, хунгарлах, суух, сэвсийх” гэх мэт олон хэллэг бий ч Скандиновынход хүрэхгүй байж болно.
– Хагас сар тутамд нэг хэл устаж байна гэсэн мэдээлэл их явах юм. Ер нь ямар хэл устдаг юм бэ?
-Хүн төрөлхтний хөгжил хувьслын түүхийн аль нэг цаг үед янз бүрийн ноцтой учир шалтгаан, их эргэлт өөрчлөлтийн улмаас зарим хэл мөхөж алга болох, зарим нь саармагшин бүдгэрэх, бас зарим нь дэлгэрч тархах учир шалтгаантай байдаг.
Хэл устах үзэгдэл хурдсаж байгаа тухай мэдээлэл бий. Гэхдээ ганц нэг зүйл энд нэмж хэлье. Орчин үеийн нэрт хэл шинжлэлчийн нэг Д.Кристал “Англи, испани, хятад зэрэг хэл яриа, бичиг, дохио-тэмдгийн аль ч хэлбэрээрээ хэвийн байдал төлөвтөө хэрэглэгдэж байгаа бол, бараг 6000 орчим хэл тийм ч “эрүүл саруул” төлөвт байхгүй байна. Эдгээр хэлээр ярих хүн цөөрсөөр байна. Хүүхдүүд нь эх хэлээ өвөг дээдсээсээ уламжилж байгаа ч юм алга. Ийм байдал үргэлжилбэл тухайн хэл мөхнө шүү дээ. Ийм хэлийг мөхөх аюулд орсон хэл гэдэг. Эквадор, зүүн өмнөд Азийн хэдэн зуун хэл, Папуа Шинэ Гвиней, мөн Энэтхэг, Африкийн хөндлөн гулд байдаг олон хэл, Өмнөд Америкийн хэд хэдэн хэл, Хойд Америкийн индиан омгийн хэл бүхэлдээ, Англи, Ирланд, Франц дахь кельт хэл ч гэсэн ийм байдалд орчхоод байна. Энэ янзаар бол дэлхийн бүх хэлний бараг тал нь буюу 3000 хэл 100 жил буюу 1200 сарын дараа нэгэнт мөхөх байдалтай байна” гэж тэмдэглэсэн байна билээ.
Хэл хэдийд мөхөх вэ гэхээр тэр хэлээр ярьдаг хүн байхгүй болсон цагт л мөхнө гэж үздэг. Тэгэхээр уг хэлээр ярьдаг хүн олон цөөн байхтай төдий л холбогдолгүй байгаа биз дээ.
-Найман зууны тэртээ бичигдсэн “Монголын нууц товчоон”-ы үг хэл, найруулга ямар тансаг сайхан билээ. Гэтэл өдгөө цөөхөн үгээр ярьж бичиж хэлээ мохоож байна хэмээн ихээхэн шүүмжилдэг. Монгол хэлэнд нэн тулгамдсан ямар асуудал байна гэж та үздэг вэ?
– Цөөхөн үгэнд эргэлдэж байна гэдэг чинь үг хэллэгийн цаана байгаа утга санааг тайлж чадахгүй байгаатай нь холбоотой. Ингэж хэлбэл, хэлийг хүний танин мэдэхүйн ерөнхий хөгжлөөс нь ангид авч ярих ямар ч боломжгүй юм байна гэдэг асуудал одоо нэгэнт тодорхой болоод байна. Тиймээс хамгийн чухал асуудал бол монгол хэлний утга зүйн судалгааг маш сайн хийх шаардлага, хэрэгцээ тулгамдаж байна. Дэлхийн бусад хэлэнд ч гэсэн бүтэц, хэлбэрийн судалгааг 100 гаруй жил хийсний үр дүнд их олон асуудлын учрыг олсон, их ч амжилт гаргасан. Хэлний илэрхийллийн утга нь үгэнд биш, хэлийг хэрэглэж буй хүний тархинд бий болдог гэдгийг нээсэн гэсэн үг л дээ. Үүнтэй уялдаад хэл бол тухайн хэлийг эх хэлээ болгосон улс үндэстэн, угсаатны бүлгийн ертөнцийг үзэх үзэл, ертөнцийг таньсан байдлын тусгал юм гэж үздэг болж байна.
Үүнээс үүдээд үндэсний сэтгэлгээ гэдгийг хэлний тогтвортой хэллэг буюу бидний хэлж заншсанаар зүйр цэцэн үг, өвөрмөц хэллэгийн утгаас эрж олоод тогтоон тодорхойлох асуудал маш сонирхолтой, бас маш ээдрээтэй. Гэхдээ зайлшгүй судлан шинжлэх тайлан тайлбарлах асуудлын нэг болоод байна.
-Та монгол хэлийг утга зүйн талаас нарийвчлан судалсан. “Танихуйн хэл шинжлэл” номдоо энэ тухай асуудлыг хөндсөн, тийм үү?
-Миний бие энэ тухайд сүүлийн 30-аад жил судалгаа хийж, зарим үр дүнг нь номондоо бичсэн. “Танихуйн хэл шинжлэл, Хэлний соёл судлал” гэдэг энэ хоёр чиглэл бол одоо манайд дуулдах төдий байна. Гэтэл монгол хэлийг дэлхийн олон хэлний адил “Монгол” гэгч хүний танин мэдэхүйн үйл ажиллагааг хэлнийх нь баримтаар нотлох зайлшгүй шаардлагатай нөхцөлдсөн учраас тэр юм.
Хэлний бус зүйлийг таних, мөн урьдаас таньсан зүйлийг тухайн хэлний тухайн тэмдэгт харгуулан оноож тэмдэглэсэн зүйлийг таних үйл явц нь тархин дахь, мэдээллийг холбох, нэгтгэх, салгах, зөөх, хадгалах үүрэг бүхий нейрон хэмээх хэдэн тэрбум эсийн үйл, үйлчлэлээр бий болж байдгийг судлан тогтоож байгаа нь цаашид машинаар уран сайхны орчуулга хийх, орчин үеийн супер цахим төхөөрөмжүүдийг хэлний илэрхийллийн утгыг тайлах, тайлбарлахад дуулгавартай болгон програмчлах, загварчлахад асар их түлхэц, дөхөм болно гэж төсөөлж байна.
Метафор гэдэг нь зүйр цэцэн үг, өвөрмөц хэллэг, оньсого таавар, амьдчилал, амьгүйчлэл, хүншүүлэл, ёгтлол, егөөдөл зэрэг дүрслэх ур маягийн бүх төрлийг ерөнхийд нь багталцуулан авч үзэж болох асар өргөн талбар бөгөөд түүний утга санаа бол давхар давхар хийсвэрлэлээс бүтдэг учраас үнэхээр гайхалтай үзэгдэл юм. Монгол хэлний эдгээр үзэгдэл баримтыг энэ арга зүйгээр судлахгүйгээр бид хол явахгүй. Энэ бол хэлний сургалт, орчуулгын асуудлыг ч цоо шинэ шатанд гаргах ажлын үүтгэл, үр дүн болох юм.
-Нэгдүгээр гадаад хэл гэсэн нэр томьёо хэрэглэгдэх болж байна. Гадаад хэл, монгол хэлний хэрэглээг хэрхэн, ямар бодлогоор зангидах ёстой гэж та үзэж байна вэ?
-Энэ бол бас л ээдрээтэй асуудал л даа. Нэг үгээр тийм, үгүй гээд шуудхан хариулчих асуулт биш ээ. Ер нь онолын үүднээс, хэрэв гадаад хэлийг маш сайн сургах, сурах гэж байгаа бол аль болох бага балчраас нь эхэлбэл үр дүнтэй гэдэг нь нэгэнт нотолчихсон асуудал байдаг юм. Хос хэлтэн, олон хэлтнүүд гэхэд л бараг төлөв энэ аргаар сурсан хүмүүс байдаг. Тэгэхээр нэг хандлага нь, аль болох багаас нь эхэлж сургах нь зөв гэсэн байр суурь гарна. Бас үүний сөрөг тал гэж бий. Юу вэ гэвэл, тухайн суралцагч тухайн гадаад хэлийг төрөлх нутаг, төрөлх хэлний орчиндоо ийнхүү багаасаа сурч байгаа бол нэг бол төрөлх хэл нь орхигдоно, эсвэл аажмаар суларна, үгүй бол саармагшина. Зарим нөхцөлд аль ч хэлээ сайн эзэмшиж чадахгүйд хүрч ч болно. Үндэсний хэл, үндэсний соёл, үндэсний сэтгэлгээ нь устаж алга болно гэж яриад байгаагийн цаана ийм учир байгаа юм л даа. Үүнийг аврах гол арга бол хос хэлтэн-билингуал болох арга гэдэг. Тухайлбал, Америк, Англид ийм хос хэлтэн, олон хэлтэн болох хандлага улам эрчимжиж байна гэнэ.
Гэтэл амьдралын хос орчин, олон янзын хэв маягийг тухайлсан нэг газар оронд зэрэгцүүлэн хэрэгжүүлэх боломж байдаггүйгээс энэ нь зөвхөн хэлний асуудал биш гэдэг нь тодорхой болдог.
Тэгэхээр гадаад хэлийг ч гэсэн ямар зорилгоор буюу ямар хэрэгцээ шаардлагын тулгамдлаар, ямар түвшинд сурах вэ гэдэг асуудлыг эхлээд улсын хэмжээнд маш тодорхой чиг баримжаатай болж, олон нийтээрээ нэг зүг харсан ойлголттой болох ёстой гэж санагддаг.
Ингэвэл бүх хүүхдийг англи хэлтэй болгох хэрэгцээ шаардлага байх уу, үгүй юу гэсэн нэг асуудал гарна. Тэгвэл сонгож үздэг, сонгож суралцдаг, түвшний ялгаатай үзэж судалдаг боломжтой болгож, өөрөөр хэлбэл либералчлах шаардлагатай байж болох юм.
Эх сурвалжийг энд дарж үзнэ үү!