Түүнээс яриа авах тухайгаа хэлтэл “Сэтгүүлчид хэл найруулгын хувьд маш тааруу болсон. Хэцүү л байна” хэмээн тун дурамжхан байв. Гэсэн ч бид түүний 40 гаруй жил амьдралаа холбосон Их сургуулийн хоёрдугаар байранд уулзахаар цаг товлож, хоёр цаг гаруй хөөрөлдсөн юм. “Бидний яриа өрнүүлсэн эл газар Хэрэйдийн Ван хан, дараа нь их Эзэн Чингис хааны өргөө байрлаж байсан газар. Их Монгол Улсын голомтод хоёул ярилцаж байна” хэмээн хэдэнтээ дурдсан энэ хүн бол Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын багш Шаравын Чоймаа байлаа.
Харь хэлний хуулбар орчуулгын нөлөөнд монголчууд маш их автаж байна
Сэтгүүлчид найруулан бичих чадвар муу тухай та хэлж байна. Нийгэм хувьсан өөрчлөгдөхийн хэрээр хүмүүсийн амьдралд янз бүрийн л өөрчлөлт гарч байгаа байх. Үүнийг дагаад сэтгэлгээ, хандлага ч өөрчлөгдөх боллоо. Үүсээд буй асуудлыг том зургаар нь харвал энэ үйл явцтай холбоотой юу?
Нийгэм хувьсан өөрчлөгдөж, дэлхийн янз бүрийн улс орны эд бараанаас эхлээд үзэл суртал ч их орж ирэх боллоо. Бүр харийн шашны 20 гаруй урсгал нэвтэрчээ. Түүнийг дагаад хүмүүсийн үзэл бодол өөрчлөгдөж байгаа нь үнэн. Гэхдээ үзэл бодлоо илэрхийлэх зэвсэг нь болсон монгол хэл өөрчлөгдөх ёсгүй. Учир юу гэвэл, аливаа ард түмний хэл гэдэг тухайн үндэстний уугуул ёс заншил, соёлтой холбогдсон нэн эртний сэтгэлгээний илэрхийлэл. Монгол хэл хэв шинжийн хувьд алтай язгуурын хэлэнд багтдаг. Энэ хэлэнд үйл үг чухал үүрэгтэй. Энэтхэг, европ язгуурын хэлэнд нэр үг голлодог. Европ хэлний нэр үгийг туслах үйл үг дагалдаж утга илэрхийлдэг. Түүнийг нь монгол хэлэнд ганц үгээр хэлэх боломжтой байтал үгчлэн буулгаж хоёр үг болгодог. Жишээ нь, туслав гэхийг тусламж үзүүлэв гэж хэлж бичих боллоо. Сэтгүүлч хүн найруулж бичихдээ эхлээд гол санаагаа гаргаж, дараа нь үүнийг монгол найруулгаар юу гэж илэрхийлэх ёстой билээ гэж засаж байвал аяндаа сайжирна. Та нар эх монгол хэлний үгийн сан ялангуяа холбоо хоршоо үг, хэлц үг, зүйр цэцэн үгийг тун оновчтой хэрэглэж сурвал их сайн. Хэлц үгийн тухай ганц жишээ хэлэхэд, “Миний хүү нас биенд хүрлээ дээ” гэхийн оронд “Миний хүү гар нь ганзаганд хөл нь дөрөөнд хүрлээ дээ” гэхэд монгол сэтгэлгээнд ойртож байна гэсэн үг. Бас эрийн цээнд хүрлээ ч гэж хэлдэг. Сэтгүүлч хүнд өдөр тутам тохиолдох нэг зовлон бол харь хэлний үг, нэр томъёо. Тухайн сурвалжилж байгаа хүн өдий төдий гадаад үг хэрэглэж байж мэднэ. Тэгвэл яах билээ гэдгийг бодох ёстой. Эсвэл тухайн сурвалжилж байгаа хүнээсээ “Таны энэ үгийг монголоор юу гэдэг билээ” гэж асуух, эсвэл тэр чигээр нь тавиад хаалтан дотор монгол үгийг бичиж байвал тун сайн юм даа. Энэ нь сэтгүүлчдэд таалагдахгүй байж мэднэ. Гэхдээ эх хэлээ цэвэр ариун байлгахад тус нэмэртэй зүйл шүү дээ.
Гадаад хэлийг 12-13 наснаас нь заахад хамгийн тохиромжтой. Энэ үедээ хүн эх хэлээрээ сэтгэж, бодож, ухаарах сэтгэлгээ бүрдсэн байдаг. Өөрөө ч гадаад хэлийг сонирхож эхэлдэг. Монгол хэлнийхээ сайхныг мэдэрч, ухаарч, дархлаа сууж амжаагүй байтал гадаад хэл зааж эхэлбэл эх хэлээрээ сэтгэх сэтгэлгээ нь царцанги байдалд орно. Цаашлаад гадаад хэлээрээ ч сэтгэж чадахгүй.
Хувь, хувьсгалын олон л хэвлэл мэдээллийн байгууллага байна. Цахим орчинд асар их мэдээлэл явж байх шиг. Тэр болгоныг би хардаггүй. Телевиз ч үздэггүй. Тэд бүгдийг харах зав ч алга, бас бухимдахын нэмэр. Ер нь, ганц сэтгүүлч бус Төрийн ордонд байгаа хүмүүс хүртэл манайхан нийтээрээ монгол хэлээрээ нэг хуудас бичвэр төгс найруулаад бичих чадваргүй болжээ. Энэ бол ард түмний эх хэлний үгийн сан, монгол хэлний зүй тогтол, найруулан бичих арга ухаанд согог сууж байгаагийн шинж.
Эх хэлнийхээ дархлааг хамгаалж чадахгүй байна гэсэн үг үү?
Монгол хэлний дархлаа суларч байгаад санаа зовсондоо ийм зүйл ярьж байна. Гадаад үг хэллэгийг “махчлаад” хэл яриандаа ч, бичихдээ ч хэрэглэх боллоо. Хамгийн гол нь түүндээ ичихгүй, санаа зовохгүй юм. Монголоор бичсэн эхийг нь ойлгохгүй англи дээрх хувилбарыг нь авч харж байж ойлголоо гэж ярьж байсан хүнтэй ч би таарч байлаа. Эзэн Чингисийн гал голомтыг сахисан энэ улс үндэстэн өөрийнхөө удам судар, эх орноо сайн сайхан байлгая гэвэл юуны өмнө эх хэлээ эзэн нь шиг эзэмших ёстой. Монгол хэлийг эзэмшинэ гэж юу яриад байна вэ, би монголоор л ярьж байна шүү дээ гэх хүн гарч магадгүй. Харь хэлний хуулбар орчуулгын үгийг хонины морь шиг болгочихсон, тулга тойрсон жижүүрийн хэлц үгтэй холбоод бичих юм. Үндсэндээ харь хэлний хуулбар орчуулгын нөлөөнд монголчууд маш их автаж байна. Түүнийгээ бичгийн хэл мэт ухаардаг болчихжээ. Монголчууд яруу тансаг, аялгуу төгс хэлтэй, хэдэн мянган жилийн аман зохиолын баялаг уламжлалтай, өдий төдий хоногоор хайлдаг туультай, зүйр цэцэн үг, оньсого, хэлц гээд дундаршгүй их өв сантай ард түмэн. Бид 1000-аад жилийн өмнө бичиг үсэгтэй болсон. Аливаа улс олон зуун жилийн бичгийн соёлтой байна гэдэг тухайн үндэстний хэл сэтгэлгээний яндашгүй баялаг бас дархлааг харуулж байгаа хэрэг. Сонгодог бичгийн хэл, ярианы хэл хоёр ялгаатай. Хуучин цагт өргөдөл, захидал бичүүлэх гэсэн юм хэмээн бичиг үсэг сайтай нэгэндээ ханддаг байсан. Хэдийгээр өөрөө бичиг үсэгтэй ч онцолж бичгийн хүнд ханддаг байсан нь тухайн хүн уг санааг нь төгс гаргаж, хэнд бичиж байгаа билээ гэдгийг бодож найруулдаг байжээ. Би ганц жишээ хэлье. Д.Сүхбаатар жанжны эхнэртээ, нэгэн хувилгаанд, журмын нөхөр Х.Чойбалсан болон өөрөө цэрэгт нь хүчин зүтгэж асан Хатанбаатар Магсаржавт бичсэн дөрвөн төрлийн захидал бий. Хэрэглэсэн үг, найруулга бүр нь бүгд өөр. “Ялгаа заагийг нь сайн хар” гэж би шавь нартаа үзүүлдэг. Жанжин Д.Сүхбаатар ШУА- ны анхны ерөнхийлөгч О.Жамъян гуайн шавь юм шүү дээ. Үгээр хүний зүрхийг дулаацуулж, хөлдөөж, хөргөж, сэв суулгаж бас баярлуулж, бахдуулж болно. Ер нь монгол хэлэнд үгийн өнгөөр хүний сэтгэлийг хөдөлгөдөг.
Тэгэхээр “Би монгол хүн. Эх хэлээрээ ярьж байна” гэж цээжээ дэлдээд амнаас гарч байгаа бүхнээ хэлж, бичнэ гэдэг байж боломгүй зүйл байх нь ээ?
Сэтгүүлчийн анги төгсөж байгаа оюутнуудад монгол хэлний хичээлийг үнэндээ муу заадаг, бараг ордоггүй юм билээ. Монгол бичиг ч адил. Сэтгүүлчийн анги олон их, дээд сургуульд бий. Онолоо заалгүй яах вэ. Гэтэл сэтгүүлч хүний ганц зэвсэг монгол хэл. Монгол Улсад ажиллаж байгаа сэтгүүлчид эх хэлээ туйлд нь хүртэл эзэмшиж, яруу тансаг найруулга, үг хэллэг, ончтой сайхан бичиж найруулж, нэвтрүүлж, хөтөлж чадвал түүндээ баясдаг байх ёстой. Нэгэнт төгсөөд ажиллаж байгаа сэтгүүлчдийг давтан мэргэшүүлэх боломжгүй учир өөрсдөө маш их мэрийх хэрэгтэй. Сүүлийн үеийн сэтгүүлчид монгол хэлний тайлбар толь эргүүлэхээ больжээ. Наад зах нь, Я.Цэвэл гуайн монгол хэлний товч тайлбар толийг байнга эргүүлж байвал тус дэмтэй, ширээний ном болгох хэрэгтэй. Толь эргүүлж байхад нэг үг хэдэн янзын утгатай байдгийг харж, эх хэлний мэдлэг нь баяжина шүү дээ. Монгол хэл өөрийн зүй тогтлоороо явдаг. Гэтэл үг бүтэх зүй тогтлыг зөрчөөд үг бүтээж байна. Үүнээс гадна сүүлийн үеийн хүүхдүүд сонгодог зохиол, яруу тансаг үг хэлээр бичсэн уран зохиолын номоо уншихаа больчихсон. Нэлээд хэдэн жилийн өмнө би тэтгэвэрт гарахаасаа өмнө Их сургуулийн хэл, уран зохиолын ангид элсэхээр ирж байгаа хүүхдүүдээс “Та нар дунд сургуульдаа ямар роман уншив” гэж асуухад дуугардаггүй. Ядаж та нар зууны шилдэг роман “Тунгалаг Тамир”-ыг уншсан биз дээ гэхэд цөөхөн хүүхэд “Киног нь л үзсэн” гэж байсан юм. “Цаг төрийн үймээн”, “Тунгалаг Тамир”, “Үүрийн туяа” зэрэг романыг уншвал үг хэллэг, тэр үеийн ёс заншлыг ч хүртэл мэдээд авна шүү дээ.
Техник технологийн хурдтай хөгжил цаасан хэвлэл бус цахим орчин руу хүссэн хүсээгүй хөтөлж эхэлжээ. Гар утас, компьютерийн дэлгэцнээс бус гарт баригдах цаасан дээрээс унших нь илүү гэдгийг шинэ үеийнхэн ойлгохгүй байна. Хор нөлөө нь түрүүчээсээ гарч байх шиг?
Нийтээрээ гар утсаа “маажиж”, компьютерийн дэлгэц ширтэх болжээ. Цаасан дээр хэвлэсэн ном зохиолыг хэр олон хүн уншдаг юм бол. Их хэмжээтэй ярилцлага, нийтлэл, бичвэрийг уншихаасаа төвөгшөөдөг. Радио, телевизийнхэн уртхан яриаг хэрэггүй гээд өнөөгийн хүний сонирхол татах элдэв чимэг, хачир хийх болжээ. Монгол хэл хэдхэн үгэнд асар их утгыг хураачихсан байдаг. Зүйр цэцэн үг гэхэд монголчуудын хэдэн мянган жилийн гүн ухааны товчилсон хэлбэр. Үүнийг ухаж, ухаарч хэрэглэж сурна гэдэг бол монгол сэтгэлгээ өөрт нь бий болно гэсэн үг. Хэлний тухай олон зуун тодорхойлолт бий. Хэл бол сэтгэхүйн зэвсэг, мэдээллийн хамгийн чухал хэрэгсэл. Монгол хүн монгол хэлээ төгс эзэмшиж байж түүгээрээ сэтгэж, бодож, ухаарч чаддаг болно. Дараа нь мэдлэгээ тэлэх, мэдээллийг нэмж олж авахад гадаад хэл хэрэг болох учиртай. Сэтгэхүйн зэвсэг болсон эх хэлээ төгс эзэмших дөр суугаагүй байхад нь цэцэрлэг, бага ангиас нь гадаад хэл заадаг боллоо. Энэ маш аюултай.
Нийгэм хувьсан өөрчлөгдөхийн хэрээр монгол хэл ч өөрчлөгдөнө гэж зарим хүн ярих юм. Энэ бол дэндүү гэнэн хэрэг. Их Монгол Улсын үеэс өдгөө хүртэл 800 гаруй жил өнгөрлөө ч гэсэн тэр үеийн бичиг зохиол тухайлбал, дэлхийд алдартай МНТ-г жинхэнэ эхээр нь уншихад өнөөгийн монгол хүн ойлгож чадна. Аливаа хэл хувьсан өөрчлөгдөнө гэдэг маш удаан явцтай. Хувьсан өөрчлөгдөнө гэдэг үгийн сан түүний утгын хувьд ярихаас бус үг бүтэх ёс, найруулгын тухай хэлсэн зүйл биш шүү.
Хэлгүй бол хөлгүй гэдэг үг бий. Даяаршсан эрин зуунд амьдарч байгаа хүн бүр л хүүхдээ багаас нь хоёрдогч хэлтэй болгохоор хичээж байна. Та гадаад хэлийг багаас нь заах муу гэлээ. Сөрөг үр дагавар нь юу байна?
Гадаад хэлийг 12-13 наснаас нь заахад хамгийн тохиромжтой. Энэ үедээ хүн эх хэлээрээ сэтгэж, бодож, ухаарах сэтгэлгээ бүрдсэн байдаг. Өөрөө ч гадаад хэлийг сонирхож эхэлдэг. Монгол хэлнийхээ сайхныг мэдэрч, ухаарч, дархлаа сууж амжаагүй байтал гадаад хэл зааж эхэлбэл эх хэлээрээ сэтгэх сэтгэлгээ нь царцанги байдалд орно. Цаашлаад гадаад хэлээрээ ч сэтгэж чадахгүй. Яах вэ, гадаад хэлээрээ аялгагүй цэвэрхэн ярьдаг болох л байх. Гадаад хэлээр тоть шиг давтаж яриад байх нь дээр үү, эсвэл бодож, ухаарч, сэтгэдэг хүн хэрэгтэй юу. Хүн аливааг олон талаас нь бодож сэтгэх чадварыг өөртөө суулгах хэрэгтэй биз дээ. Эх хэлээрээ аливааг бодож, ухаарч, сэтгэж чаддаг болох хамгийн чухал.
Боловсролын тогтолцоо маань олон зүйлийн цуглуулга болчихоод байна
Ингээд ярихаар яриа маань боловсролын тогтолцоо руу орох гээд байна. Ерөнхий боловсролыг системтэйгээр, их, дээд сургуульд академик түвшний боловсрол олгож чадахгүй байгаатай холбоотой юм биш үү. Мэдээж уншихгүй бол сэтгэхгүй…?
Санал нэг байна. Хуучин цагт хүмүүсийн хэл найруулга сайн байсны шалтгаан боловсролын суурь тогтолцоотой холбоотой. Багш нар нь ч сургахын төлөө нойр хоолгүй зүтгэдэг байжээ. Үүнээс гадна хамгийн чухал нь, хэлд, хөлд ороход гардаж авдаг эцэг, эх, эмээ, өвөө нар нь зааж сургадаг байлаа. Болох, болохгүй үг хэллэгийг аав ээж нь засч хэлж, орой үдэш зүйр цэцэн үг, үлгэр, тууль ярьж өгдөг байсан. Одоогийнх шиг телевиз асаагаад өгчихдөггүй байсан учраас хуучин цагийн хүүхдүүд эх хэлний тухайд ноён нуруутай өссөн. Гэрийн орчин нь хүүхдийг эх сайхан хэлээрээ яруу, зөв сайхан ярьдаг болгож байжээ. Өнөөдрийн боловсролын тогтолцоог харахаар ерөнхийд нь чиглүүлээд, хажуугаар нь байнга үймүүлж байх юм. Хуучин цагт манай улс Европын тогтолцоог хуулж авч хэрэгжүүлсэн. Одоо боловсролын тогтолцоо гэдэг маань олон зүйлийн цуглуулга боллоо. АНУ, Япон, Солонгост ийм, тийм гээд баахан болсон болоогүй зүйлийг шууд хуулан хэрэгжүүлэх гэсээр байтал элдэв зүйлийн цуглуулга боллоо. Түүнийгээ Монгол хөрсөнд, монгол хүний онцлогт тааруулахгүйгээр шууд орчуулаад “мөрд” гээд тулгах маягтай. Олон арван жил үр дүнгээ өгсөн хуучин тогтолцоог сайжруулаад явж болно. Мэдээж хэрэг бусад улсаас авах, сурах зүйл байлгүй яахав. Гэхдээ хүчээр дуурайх, дуурайлгах зүйл байж боломгүй. Нөгөө талаас багш бэлтгэж байгаа дээд боловсролын тогтолцоонд учир дутагдал бий.
Тухайлбал?
Би жишээ нь, таван жил сурч багш болсон. Үүнийг дөрвөн жилийн сургалтын системтэй болгож дордуулсан. Одоо дөрвөн жил нэртэй ч нэг жилийг нь чөлөөтэй явуулж байна. Барууны л тогтолцоо юм гэнэ лээ. Монгол хэлний ангид суралцаж байгаа хүүхдүүд нэгдүгээр ангидаа математик, эдийн засаг гэх мэт хаа хамаагүй хичээл үзэж кредит цуглуулдаг. Хоёрдугаар ангиас мэргэжлийн хичээл үзнэ. Үндсэндээ гурван жилд дээд мэргэжилтэн бэлтгэнэ гэсэн үг. Намайг багш байх үед өдөрт 6-8 цагийн хичээлтэй, хагас сайн буюу бямба гаригт ч хичээл хийдэг байсан. Одоо долоо хоногт дунд нь нэг өдөр бие даалт нэрээр амрааж байна. Чөлөөт цагтаа сурч боловсроод зузаан ном, дэвтэр сөхөөд уншиж байгаа бол өөр хэрэг. Үнэнийг хэлэхэд, тэр хүүхдүүд чөлөөт цагаараа хаана байгааг чи, бид хоёр хоёул мэдэж байгаа шүү дээ.
Нэн түрүүнд авах ёстой арга хэмжээ нь юу байна вэ?
Төр засаг маань Монголын хойч ирээдүй үеийг ялангуяа цэцэрлэг, ерөнхий боловсрол, их, дээд сургуулийн хөтөлбөрт анхаарах ёстой. Олон зүйл болохгүй байна. Тиймээс юу нь болохгүй байгааг олж эмчлэх хэрэгтэй. Манайхан болохгүй байна гэхээр хөрөнгө мөнгө нэхдэг. Хөрөнгө мөнгө нэхэхгүйгээр анхаарч болох зүйлүүд бий. Хүн үр хүүхдээ боддог юм бол анхаарахаас өөр аргагүй. Гэр бүлийн болоод хүрээлэн байгаа орчин, сургууль гурав ямар байгаагаас шалтгаалж тухайн хүүхдийн хүмүүжил төлөвшил харагдана. Тэгэхээр эцэг эхэд үүрэг хариуцлага хүлээлгэх ёстой. Орчныг зөв сайхан болгохыг цаг үе шаардаж байна шүү дээ.
Ганц боловсролын гэлтгүй бүх салбарт сайд нар жил гаруй болоод солигддог. Энэ нь төрийн ажлын залгамж чанарт их, бага хэмжээгээр уршигтай байх. Шинэ сайд хуучныхаа бодлогыг үргэлжлүүлдэггүй, дахиад л шинэ хөтөлбөр, төлөвлөгөө. Энэ дампуу байдал боловсролын салбарт хамгийн их сүүдрээ тусгаж байгаа харагддаг л даа. Таны бодлыг сонсмоор байна?
Боловсролын салбарын удирдлагыг тогтвортой найман жил ажиллуулдаг баймаар байна. Сонгуулийн үр дүнгээр ялсан нам нь бусад салбарын удирдлагыг солиод явна биз. Боловсролын салбар өөр шүү. Ирээдүйн Монгол гэсэн үг. Энэ салбарт шинэ хүн сайд болж ирээд өмнөх ажилтайгаа танилцах гэж бараг жилийн хугацаа зарцуулна. Энэ үедээ өмнөх үеийн ажлын ихэнхийг үгүйсгэнэ.
Шинэ зүйл туршина. Ингэсээр байтал 2-3 жил өнгөрөөд сонгууль дөхдөг. Энэ байдал явж явж Монголын боловсролын тогтолцоог ядууруулж, доройтуулж байна. Боловсролын яам нэр нь ч ядмаг. Хуучин цагт Гэгээрлийн яам нэртэй байсан. Гэгээрэл дотор боловсрох, хүмүүжих, дотоод сэтгэлийн асуудал бүгд багтана. Мартсанаас, манай Боловсролын хуульд хүмүүжил гэдэг үгийг гээчихсэн.
Саяхан багш нарын их хурал болж өнгөрлөө. Шинэ үеийн багш нар ямархуу янзтай байх шиг байна. Та мэдээж ажигласан л байлгүй?
Тэр хуралд би төлөөлөгчөөр оролцсон. Харж байхад, ахуй амьдралын аахар шаахар зүйл шаардаж байна. Бодлого ярихгүй юм. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын “Багш” найраглалыг уншиж байсан биз дээ. Хуучин цагт багш хүн тийм л байсан. Багш хүн соён гэгээрүүлэгч байх ёстой. Энэ зарчмыг одоогийн багш нарын ой тойнд шингээж өгвөл тэд өөрсдөө хичээнэ. Багш хүн насан туршдаа суралцаж явдаг. Өвгөн би ч гэсэн өнөө хэр нь сурч л байна. Нэг үгний шинэ утга мэдчихвэл хавь ойрынхондоо хэлээд хөөрөлдөнө.
Багш нар ахуйн шинж чанартай зүйл их ярьж байна гэж та хэллээ. Үүнийг буруутгах арга алга. Анхдагч хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа хүн илүүг давж сэтгэх учир дутагдалтай. Хүн л болсон хойно тав тухтай орон байранд амьдрахыг хүснэ. Авдаг хэд гурван төгрөг нь амьдралд нь хүрэлцдэггүй. Монголын дийлэнх сэхээтнүүд ийм л байдалтай байна шүү дээ?
Нэг талаараа чиний хэлдэг үнэн. Багш хүн өдөрт хэдэн цагийн хичээл заачихаад бусад үед нь өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой шүү дээ. Гэтэл яг ижил түвшний цалинтай ч цаг наргүй ажилладаг эмч, эмнэлгийн ажилтнуудыг яах вэ. Тэгэхээр өнөөдрийн нийгэм бодит байдал ийм л байна. Монголын ирээдүй, үндэсний эрх ашгийн төлөө зүтгэх сэтгэл багш хүнд байх ёстой юм. Багш гэдэг алдрыг хүлээсэн учраас юм шүү дээ. Хуучин цагийн багш нар оюун санааны охь уурхай байжээ. Үнэхээр сэтгэл, зүтгэлтэй хичээлийн хоцрогдолгүй сургаж чаддаг байсан. Өнөө цагийн дунд сургуулийн зарим багш 45 минутыг аргацаах байдлаар зарим тохиолдолд өнгөрүүлдэг бололтой. Уг нь бол тэр багш өөрийн мэргэжил, тухайн шинжлэх ухаантай холбоотой ямар л ном товхимол гарна бүгдийг нь унших ёстой. Багш нарыг орон сууцжуулах тав тухтай амьдрахад нь хөшүүрэг болох нэг талаараа зөв. Гэтэл сая болж өнгөрсөн багш нарын хуралд зүйл зүйлийн хангамж шаардсан юм ярьсан. Арай ингэж болохгүй. Бүх багшийг компьютертэй болгоно гэсэн. Энэ хэрэгжээд явах биз. Гэхдээ бүгдийг цахим хэлбэрт оруулж байгаа нь эцсийн эцэст “Цахилгаан үүсгүүргүй бол юу ч хийж чадахгүй шүү дээ” гэж би өөрийн үгээ хэлсэн. Хэвлэмэл ном хүнд маш их зүйл өгнө. Мөн мөнхөд үлдэнэ.
Аавынхаа захиасыг биелүүлж, эрдэм номыг сурахыг хичээсэн, мэрийсэн. Эргээд харахад чамгүй зүйлийг бүтээжээ. Миний ажил гурван чигтэй. Эхнийх нь эрдэм ном заах, багшлах, хоёрт, эрдэм шинжилгээ судалгаа. Элж шарласан судрыг олон жил эргүүлж тэндээс сувд таныг шүүрдэж ирлээ.
Ганц багш гэлтгүй ихэнх салбарт оюун санааны хувьд ахиж дэвжсэн, харах өнцөг нь тэлсэн том зургаар харж сэтгэх байдал улам бүр л хумигдах боллоо. Ингээд ярихаар нөгөө л гар утас, интернэт, цахим орчин руу яриа маань хазайх гээд байна. Гэтэл ухамсарт хүн сэтгэл зүйгээ удирдаад өөрийгөө чиглүүлээд явчихаж уг нь болмоор доо гэх бодол ч дотроос хатгах. Яамаар ч юм бэ дээ.
Санал нийлж байна. Монгол гэдэг чинь юу билээ, дэлхий хаашаа явж байна вэ гэдгээ том зургаар нь харах чадвар дутагдаж байна. Хүн төрөлхтөн, хүний мөс чанар ч алдагдах боллоо. Би 1990-иэд онд герман найзаасаа “Герман хүний мөс чанар юу болж байна вэ” гэхэд өөдөөс “Үүнийг март. Толь бичигт үлдсэн гэж бод” хэмээн халаглаж байсан. Монголд ч ялгаагүй хүний мөс, ёс жудаг хүн хүндээ итгэх итгэл улам хэцүү болж байна. Санаа зовох юм энэ. Эцсийн эцэст бүхнийг ашиг, мөнгөөр хэмжихээр хүнд хайрлах, үнэлэх зүйл алга болчихдог юм шив дээ. Шунал, мөнгө хоёр бүгдийг арчаад явчихаж байна. Бурхны сургаалд шуналыг ойн түймэртэй зүйрлэдэг. Мунхаг, шунал, атаа, омог, хорсол өнөөгийн нийгэмд бүгд байна. Хойч үеийнхнээ ийм болгохгүйн тулд сэтгэлгээ хандлагыг зөв болгохыг цаг алдалгүй хийх нь чухал.
Та ач, зээдээ боловсрол, хандлагыг зааж байна уу?
Бага залуу байхдаа хүүхдүүддээ хэлж сургадаг, загнадаг байсан. Өвөө болчихсон хойно ач, зээг чинь эрхлүүлэх нь их болдог юм байна. Гэхдээ буруу эрхлүүлэхгүй. Зөв монгол хүн болгохыг зорьдог. Хүүхдэд зориулсан телевизийн сувгаар янз бүрийн хүүхэлдэйн кино гарах юм. Тэр улсын амьдрал ахуй нөхцөл, соёл уламжлалд нь таарсан л кино байдаг биз. Хурга ишгэн дотроо тоглож өссөн, өнөөдөр ч гэсэн таван хошуу малынхаа буянаар амьдарч байгаа Монголын үрсэд монгол ахуй, үлгэр, түүхээрээ бахархах бүтээл алга. Энэ тухай саяхан болж өнгөрсөн багш нарын их хурлын үеэр би хэлсэн. Манайд ийм бүтээл хийх чадвартай залуус бий. Зураачид ч байна. Ийм бүтээл байхгүйгээс эцэг эхчүүд хүүхдэдээ гар утас харуулж харааг нь муутгаснаас нүдэнд хоргүй гээд зурагт асааж өгдөг. Эцэг, эх, эмээ, өвөө нар үр хүүхдийн төлөө маш том хариуцлага хүлээж, үүргээ ухамсарлах ёстой. Хүүхдээ “Зөв монгол хүн” болгох нь чиний үүрэг. Бид олон арван жил эрх гэж их ярилаа. Эрх байвал үүрэг байна. Үүргээ биелүүлэхгүй бол хариуцлага хүлээдэг. Эрх, үүрэг, хариуцлагын тогтолцоо тэгш хэрэгжвэл хувь хүн, байгууллага, улс орны ажил ч урагшилна.
Тэгэхээр хүн байх ёсны хэм хэмжүүр, шалгуур яригдаж таарах нь ээ..?
Тэгэлгүй яах вэ. Миний өмнө яриад байгаа энэ зүйлүүд эхлээд хүн болох ёстой гэдгийг энд тэндээс нь дурдаад байгаа хэрэг шүү дээ. Хүмүүжил гэдэг үгийн гарал нь хүмүүнд тулж очно. Хүмүүжил хүнийг хүн шиг болгодог. Монголчуудын эртний сэтгэлгээнд эхээс төрсөн улаан нялзрай амьтныг хүн болгож хүмүүжүүлэх нарийн ухаан байсан. Ёс зүйгүй үйлдэл гаргасан хэн нэгнээ “Энэ бүр хүнээ байжээ, хүнээ гээсэн амьтан” гэж ярьдаг шүү дээ. Хүүхдээ хүн болгож төлөвшүүлсний дараа боловсрол эзэмшүүлэх нь зөв. Манай Их сургуулийн нэртэй эрдэмтэн, миний багштан Чой. Лувсанжав “Хүн болж төлөвшөөгүй хүнд эрдэм мэдлэг боловсрол олговол босоо ороолонд алтан шүд хийгээд босгосонтой адил” гэж 1990-ээд онд МУИС-ийн нийт багш нарын хурал дээр хэлж байсан. Энэ үнэн үг. Хүн болж төлөвшөөгүй, Монголоо эх орноо гэх сэтгэлгүй хүн нарийн мэргэжил эзэмшвэл дийлдэхгүй залилан мэхлэгч болно. Даяаршил нэг их сайхан юм шиг зайлшгүй зүй тогтол мэтээр яриад байна. Даян дэлхийд болж байгаа үзэгдлийн л нэг. Манайх шиг цөөн хүн амтай, уудам нутагтай, байгалийн баялаг ихтэй улсад гай тарихаас биш гавьяа байгуулах зүйл биш. Ялангуяа монгол үндэстний тусгаар тогтнолын тухайд тун аюултай. Их гүрнүүдийн эрх ашигт нийцдэг. Тийм учраас яаж тэсч үлдэх вэ, юуг нь авч, алийг нь гээж Монголоороо үлдэх вэ гэдгийг бодож болгоох учиртай. Үүнд санаа зовж сэтгэлээ чилээх байтал өөдөөс харин даяаршил, глобальчлал учраас ингэж, тэгэлгүй яах вэ гээд алга ташиж дэмжих маягтай. Даяаршил гэдгийг хүүхэд залууст тун зөв ойлгуулах нь ирээдүйн Монгол Улсад ач тусаа өгөх хэрэг. Энэ олон телевизийн суваг, цахим орчин хүүхдийг хэлд орохоос нь даяаршуулж байна.
Гарц, гаргалгаа нь юу болж таарч байна вэ?
Би дээр дурдсанчлан даяаршлын өнөө үед яавал монгол хүн монголоороо үлдэх вэ, хэрхэн дасан зохицож, хэл соёл, үндэсний бичиг, түүх соёлоо авч явах вэ гэдэгт төр засаг, хувь хүн ч ухаанаа уралдуулах цаг тулж иржээ. Манайд гадаад хэлний дугуйлан, түвшин тогтоох шалгалт авч харагддаг. Үүний цаана тухайн улсад суралцаж, ажиллаж амьдрах хүсэл бий болов уу. Миний сонссоноор 300 гаруй мянган хүн гадаадад ажиллаж амьдарч байна гэх юм. Гурван сая хүн амтай улсын 300 мянга нь гадаадад байгаа бол үндэсний аюулгүй байдалд их хэмжээний аюул гэж үздэг юм билээ. Энэ хүмүүсээс гадна гарах боломж олдвол явна гэсэн хүн өч төчнөөн бий. Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа учраас сэтгэл зовних юм даа. Дөрвөн уулын дунд эрт цагт Хүн чулууны хонхор гэж байсан Туулын хөндийд чи бид хоёр ярилцаад сууж байна. Чингис хааныг хүүхэд байх үед Хэрэйдийн Тоорил хан, дараа нь эзэн Чингис хаан нутаглаж байсан газар. 1219 онд Чингис хаан Хорезмыг дайлаар мордоод Индү (Энэтхэг) мөрөн хүрч, буцахдаа Эрчис (Иртыш) мөрний хөвөөнд зусаад 1225 оны тахиа жил Туулын хар түнэд (шугуйд) буй Ордостоо буув гэж Монголын нууц товчооны 264 дүгээр зүйлд бичсэн байдаг. Өрнө, дорно хоёрыг бодитоор холбож, хоёр талд том гүрнийг хүртэл байгуулсан агуу их эзэн Чингис хааны гал голомтыг сахиад сууж байгаа хүмүүс бол бидний монголчууд шүү дээ. Дэлхий дахинаа тархсан 10-аад сая монгол угсаатан бий. Тэд Монгол Улсыг өнгөтэй өөдтэй яваасай гэж ихэнх нь дотроо сүсэглэдэг. Дэлхийд тархан суугаа монголчуудын цөм болж, Их Монгол Улсын буурийг сахисан ард түмнийг Монголоор нь яаж авч үлдэх вэ гэдэг маш чухал асуудал шүү. Ингээд ярихаар, хэл, бичиг хоёр зайлшгүй хөндөгдөнө. Монгол бичгийг 1204 онд Эзэн Чингис хаан төрийн бичиг болгох зарлиг гаргаснаас хойш 1950 оны дунд үе хүртэл мөн ч арвин ном зохиол бүтээл үлдээж дээ.
Төрийн албан хэргийг давхар монгол бичгээр хөтлөхөөр болсон. Энэ ажил хэрэгжиж байгаа юу?
Монгол хэлний тухай хуулийг өнгөрсөн парламентын үед баталсан. Би ажлын хэсэгт нь орж ажилласан. Энэ хуульд монгол бичгийнхээ тухай зохих заалтуудыг оруулж өгсөн. Хуулийн хүрээнд ЕБС-ын VI-XII ангид монгол бичгийн хичээл орж байгаа. Би VI, VII, IX, XII ангийн сурах бичгийг ахалж зохиосон. VI-XII ангид монгол бичиг муу заалаа гэхэд ямар ч байсан монгол бичигтэй болж төгсөнө. Гэхдээ энд нэг зүйл бий. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн дунд сургуулиуд яамнаас гаргасан хөтөлбөрийг баримталдаггүй. Монгол бичгийг ч огт заадаггүй. Энэ байж боломгүй зүйл. Зөвшөөрлийг нь олгож байгаа юм чинь “Монгол иргэн учраас ийм цагт тийм хичээл үзэх ёстой. Бусад цагаа та бүхэн өөрсдөө зохицуулж болно” гэж шаардаж болмоор доо. Үүнийг мэдэж байгаа хэр нь сургууль байгуулж байгаа хүмүүс тоодоггүй бололтой. Өөрсдөө бүгд гадаадад гараад амьдарна гэвэл хамаа алга. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор монгол хүн монгол бичгээрээ туурвисан Монголынхоо түүхийн зохиолуудыг Монголын нууц товчооноос авахуулаад XX зууны эхэн хүртэлхийг 30 ботиор шигшиж шинэ үсгээр буулгаж, дэлгэрэнгүй үгийн тайлбар хийж хэвлүүлсэн. Шавь нартайгаа хамт олон шөнө нойргүй хоносон доо. Дараа энэ ботиуддаа 3 дэвтэр нэмсэн. Үүнийг нэг уншчихвал одоо үеийнхний хэл, сэтгэлгээ, сонгодог бичгийн хэлний найруулга, өмнөх үеийн зуу зуун мэргэдийн захиас үг тэргүүтнийг олж үзэж, ухаарах юм шүү.
Ном уншихын сайхныг та ач, зээ нартаа хэр үлгэрлэж байна вэ?
Насных нь онцлогт таарсан үлгэр уншиж өгдөг. Манайхны хүүхдэд зориулан хэвлэсэн үлгэрүүд хүүхдийн сонирхлыг татаж бас зөв бурууг таниулах агуулгаар ядмаг байх юм. Өнөө үеийн хүүхдүүд хүүхэлдэйн кино л үзэх хүсэлтэй. Монгол хүн болгох монголчуудын ахуй амьдрал, уламжлалт соёлыг бие, хэл, сэтгэлийн зөв бурууг таниулсан хүүхэлдэйн киног БСШУСЯ гардан хариуцаж хийлгэмээр байна. Агуулга чухал. Үлгэрээр дамжуулж зөв хүн болгох бүрэн боломжтой. Гаднын улс орнууд хүүхэлдэйн киног төрөл бүрээр хийж байна. Монголчууд хүүхэлдэйн киног өөрийн түүх болон үлгэр домгоос сэдэвлээд сайн хийгээд дэлхийд цацвал тэднээс илүү гарна уу гэхээс дутахгүй. Хүүхдийг зөв монгол хүн болгоё гэвэл орчны нэг хэсэг болсон телевизээр гарч байгаа бүтээлийн агуулгад хяналт тавих чухал.
Телевиз соён гэгээрүүлэх үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэсэн үг үү?
Чадахгүй байна. Телевиз гаднын мэдээг нэвтрүүлэхдээ юуг мэдээлэх вэ, алийг нь мэдээлэхгүй байх вэ гэдгээ зааглаж ялгаж салгах ёстой. Нэлээд хэдэн жилийн өмнө би МҮОНТВ рүү утасдаж байсан. Олон улсын аахар шаахар мэдээн дунд “70 гаруй настай хүн насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн” тухай мэдээ гаргасан юм. Энэ ямар хэрэгтэй юм бэ, хэнд, яаж үр ашиг өгөх мэдээ вэ. Тухайн улсад болсон улс төрийн томоохон үйл явдал, осол аваар гарсан бол мэдээлэлгүй яах вэ. Гэтэл Монголд ч мөн адил ийм төрлийн гэмт хэрэг мэр сэр гарсаар байхад олон нийтийн телевизээр тийм мэдээ цацаж л байдаг. Хүн ийм мэдээ сонсоод ямар бодол санаа төрөх билээ. Хүүхдийн нэвтрүүлгийн цаг телевизэд алга. Хуучин цагт “Боролдойн цаг” гээд хүүхдийн нэвтрүүлэг байсан. Үүнийг сэргээмээр байна. Бүх телевизээр нэг зэрэг тогтсон цагт 60 минутын хүүхдийг танин мэдүүлэх, сурган хүмүүжүүлэх, эх оронч үзэл суулгах гэх мэт сэдвийг багтаасан нэвтрүүлэгтэй болох юмсан. Орой бүр нэг цагийг телевизүүд зөв монгол хүүхдийн хөтөлбөрт зориулчихвал мөн ч их өөрчлөлт гарна даа. Ийм зүйл дээр төр засаг хүч хэрэглэж болно. Үүнийг хэрэгжүүлээгүй телевизийн эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авч болно шүү дээ.
Манайх нийтээрээ сэдвийн хомсдолд орчихжээ. Сүүлийн үеийн нэршлээр контент гэж нэрлээд байгаа сайн бүтээл нүдний гэм болсон цаг үед бид амьдарч байна. Сэтгэхүй хумигдсанаа цаг үе рүүгээ чихэж буруутгах маягтай.
Манайхан сэдвийн хомсдолд орчихлоо гэдэг уншихгүй байна гэсэн үг. Уншихаараа зөвхөн гадаадыг сонирхоно. Санаагаа дэвшүүлээд бүх телевизээр адил биш өөр өөрсдийнхөөрөө сэтгээд хий гэвэл маш олон бүтээл гарна. Агуулгыг нь тодорхойлоод өгчихөд шүү дээ. Нэг удаа амьтныг хайрлаж, энэрэх тухай, нөгөө өдөр нь малчны хотонд малаа хүүхдүүд хэрхэн хайрлаж өсгөж байгаа тухай хөөрхөн сурвалжлага хийх маягаар хөгжүүлээд явахад болохгүй гэх газаргүй. Биднийг багад томчууд заримдаа даарахгүй гээд хурга, ишгэн дотор оруулж уячихаад явдаг байсан. Одоо ч малчны хотонд тийм зүйл байхгүй болов уу. Гэхдээ телевизүүд нэгнийгээ давтахгүйгээр өдөрт нэг цагийн нэвтрүүлэг хийгээд байх бүрэн боломжтой. Ингээд ирэхээр өрсөлдөөн бий болно. Өнөө цагийн аав, ээжүүд хүүхдүүдтэйгээ харилцан ярилцдаггүй юм байна. Мэдээллийн технологи гээд олон хүчин зүйл нөлөөлж байх шиг. Гэр бүлээрээ замын түгжрээнд ороод зогсоход хүүхэд нь учиргүй их баярлаж гэнэ. Учир шалтгааныг нь асуухад “Зам түгжрээд зогсохоор аав ээж надтай ярьдаг юм” гэжээ. Түгжрээгүй үед гэртээ авчраад хооллож ундлаад зурагт асааж өгөөд өөрсдөө утсаа бариад суучихдаг нийтлэг дүр төрх харагдаж байгаа биз. Гэтэл хүүхдүүд хүн л юм болсон хойно эцэг, эхтэйгээ харилцахыг, ярилцахыг хүсч байна шүү дээ. Энэ мэтчлэн учир шалтгаанаас хүүхдийн нэвтрүүлгийн цаг нэхээд байгаа юм. Ийм нэвтрүүлгийг тогтмол болгочихвол Монголын хойч ирээдүйд хийж байгаа том буян болно доо.
“Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг БСШУС-ын яам хэрэгжүүлж байсан. Энэ хөтөлбөрт ийм агуулга байгаагүй юу?
Надаар бэлдүүлж аваад хэрэгжүүлээгүй хаячихсан. Залуу үеийг ухаж, ухаарч, сэхээрээсэй гэж бодох юм.
Аав тань танд эрдэм номыг туйлд нь хүртэл сур, шамд гэж захьсан гэдэг. Тэр сургаалиас гажилгүй хүмүүний амьдралыг нэгэн жарныг та туулжээ. Эргээд юу бодогдож байх юм.
Аавынхаа захиасыг биелүүлж, эрдэм номыг сурахыг хичээсэн, мэрийсэн. Эргээд харахад чамгүй зүйлийг бүтээжээ. Миний ажил гурван чигтэй. Эхнийх нь эрдэм ном заах, багшлах, хоёрт, эрдэм шинжилгээ судалгаа. Элж шарласан судрыг олон жил эргүүлж тэндээс сувд таныг шүүрдэж ирлээ. Монголын нууц товчоог чамгүй судалж жинхэнэ эхээр нь залуу үеийнхэнд хүргэсэн бүтээлүүд бий. Гуравт нь, нийт ард түмэнд ухааруулах, гэгээрүүлэх талын ажлыг мөн ч олон жил хийж дээ. 1980-аад оны төгсгөлөөс эхлэн одоо хүртэл үндэсний монгол бичиг, түүгээр туурвисан судар шастирыг таниулах, мэдүүлэх, сургах ажлыг хийж л явна. Залуу үедээ бүхнийг мэдэхийг хүсч Монгол судлалын олон чиглэлийн ном судар цуглуулж уншиж явлаа. Түүний хэрээр хэл, соёл, түүх, шашин, сурвалж, судлалын гэх зэргээр нэлээд бүтээл гаргажээ. Их сургуулийн босгыг 45 жил элээсэн хүн тэтгэвэрт суучихсан хэр нь тогтмол ажилтай хүн шиг эндээ ирээд суучих юм. Хүүхдүүдээ бүгдийг нь дээд боловсролтой болгож, эрдэм номын мөр хөөлгөсөн. Хувийн хэвшлийг би анхнаасаа ойлгодоггүй байсан. Тиймээс хүүхдүүддээ “Та нар улсдаа л зүтгээрэй” гэсэн. Бүгд энэ шугамаас гажаагүй. Багш, эмч гээд цөмөөрөө төрдөө зүтгэж байна. Гурван охин, нэг хүүтэй. Хүү маань МУИС-д 20-иод жил багшилж байна. Электроникийн инженер мэргэжилтэй ч монгол хэл, бичиг, түүхээ сайн мэднэ. Аавын нөлөө байдаг биз.
Ойрд Шаргын говьдоо очив уу?
Сүүлийн 3-4 жил явсангүй. Манай нутаг руу онгоц тэр бүр нисдэггүй. Аймгийн төвөөс сум зайтай учраас явж чадахгүй байна.
Хүн гэдэг амьтан бие, хэл, сэтгэл гурваас бүрддэг тухай та ярьж байсан. Сайн сайхныг түгээвэл эргээд үр шим нь ирдэг тухай юм болов уу?
Уламжлалт гүн ухаан юм. Арван цагаан буян, арван хар нүгэл гэхээр үүнийг л хэлдэг. Бие, хэл, сэтгэл гурав нь зөв төлөвшсөн иргэнийг хүмүүжилтэй хүн гэж хэлнэ. Амь таслах, эс өгснийг авах (хулгай, дээрэм), хүслээр буруу хурьцах нь биеэр үйлдэж байгаа нүгэл. Хэлний нүгэл гэдэгт, худал хэлэх, хов хэлэх, үгээр дайрч доромжлох дэмий чалчих ордог. Дэмий чалчих нь өөрийгөө хорлоод зогсохгүй өрөөлийн цагийг ч гарзаддаг. Сэтгэл гэдэгт, шунах, хорлох, буруу үзэл орно. Эдгээрийг тэвчвэл арван цагаан буян. Хүн гэдэг амьтан бие, хэл, сэтгэлийнхээ үйлийг зөв болгож төвшитгөж чадвал зөв хүн болж байгаа нь тэр. Хамгийн гол нь сэтгэл. Монголчууд биеийн хирээс сэтгэлийн хир бузар гэдэг. Энэ үнэн. Би өнөөдөр хиртэй хувцастай байж болох ч сэтгэл хиртэй байвал амьтанд гай болно. Сэлмээр цавчваас бие өвдөнө, ширүүн үгээр дайрвал сэтгэл өвдөнө. Тиймээс сэтгэл гэдэг биеэсээ эрхэм зүйл. Биеийн шарх хэд хоноод эдгэрнэ, сэтгэлийн шарх насан туршийнх.
Та бид хоёрын яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцлагын турш бидэнд юу чухал, чухал бусыг зааглаж харах их ухаан үгүйлэгдэж байгааг та нэг бус удаа хэллээ. Хамгийн чухлыг нь дахиад тодотгож асуумаар байна. Магад энэ яриа өрнөсний утга учир ч тэр биз ээ?
Монголчуудад одоо эв, эе юу юунаас илүү чухал байна. Энэ тэр нам, чи дөрвөд, халх, буриад гэж талцах огт хэрэггүй. Бас шашны олон урсгалд хуваагдвал бүр ч дэмий. Монголчуудад эх монгол хэл, үндэсний босоо бичиг, олон ястны өв соёл, онгон дагшин байгалиа хамгаалах, залуу үеэ эрүүл биетэй саруул ухаантай эх оронч хүн болгох гэх мэт ирээдүйг харсан Монголоо бодсон бодлого л нэн эрхэм байна даа. Үүний цөм язгуур нь үндэсний үзэл л юм даа. Монголчууд 30 сая байсан бол би чамд үүнийг ярихгүй. Архинд орох нь ороод гарах нь гарна биз. 30 сая монголын 20 сая нь үлдээд улсаа залаад аваад явна гэхсэн. Гэтэл гуравхан сая хүний хэд нь над шиг хөгшид, хэчнээн нь хүүхэд байгаа билээ. Саяхан би нэг хөгшнөөс яриа өдөөд “Байдал ямар байна” гэхэд “Яах вэ дээ, дээврээ даах нь гадагшаа яваад дээлээ даах нь архинд согтоод байж байх шив дээ” гэсэн. Хуучны хөгшчүүд цөөхөн үгээр голыг нь олж онож багцалж хэлдэг. Энэ ухаан одоо цаг үед дутагдаад байна. Уул уурхайгаа ухалгүй ухаан оюунаа цэнэглэвэл Монголд их ирээдүй бий. Гэхдээ оюун ухаанаа зөв залж, зөв зарвал шүү дээ.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл №405 дугаар
Эх сурвалжийг энд дарж үзнэ үү!