Монгол Улс бол манж хэл, бичгээр уламжлан ирсэн арвин баялаг сан хөмрөгийг хадгалан хамгаалж буй Дэлхийн Манж судлалын томоохон төвийн нэг билээ. МУИС манж сурвалж, архив, албан бичгийн өвийг судлах дотоод, гадаадын олон мэргэжилтнийг бэлтгэж ирсний 80 жилийн ойг тохиолдуулан “Манж судлал-2024” олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг 2024 оны наймдугаар сарын 23-25-нд МУИС-ийн Хичээлийн нэгдүгээр байрны Эрдмийн танхим-д зохион байгуулж, цахимаар шууд дамжуулна.
Тус хурал нь манж хэл, бичиг, соёл, түүхийн чиглэлээр судалгаа хийдэг гадаад, дотоодын судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, манж судлалын тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, шинэ сэргэг судалгаа шинжилгээний үр дүнгээ хуваалцаж, сурталчлан таниулах юм. Энэ хуралд Монгол Улс, Япон Улс, БНХАУ, БНСУ, БНТУ, ОХУ, Унгар Улс, БНЧУ, ХБНГУ, БНПУ, ИБУИНХУ, АНУ зэрэг 12 улсын 50 гаруй судлаачид оролцох болно.
Тус хурал нь олон орны манж судлаачдад холбоо харилцаа тогтоож, хамтран ажиллах гүүр болохын зэрэгцээ Монгол Улсад хадгалагдаж буй манж ном судрын хөмрөгтэй танилцах боломж олгож, манж судлалын хүрээ царааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах билээ.
Хурлын хөтөлбөрийг энд дарж үзнэ үү!
Хурлын илтгэлийн хураангуйг энд дарж үзнэ үү!