
МУИС-ийн Түүхийн тэнхим Японы Шова эмэгтэйчүүдийн их сургуулийн Олон улсын хүмүүнлэгийн ухааны факультетийн Олон улс судлалын тэнхимтэй хамтран Улаанбаатар хотын 18 дахь удаагийн Монгол-Японы эрдэмтдийн симпозиумыг “XXI зууны Торгоны замын судалгаа: Монголын чиг хандлага” сэдвээр 2025 оны 9-р сарын 1-нд амжилттай зохион байгууллаа. Тус симпозиумын үйл ажиллагааг МУИС-ийн захирал Б.Очирхуяг, Японы элчин сайд Масару Игавахара нар мэндчилж нээв.
Хуралд Монгол, Япон, Хятад гурван улсын эрдэм шинжилгээний 9 байгууллагын 13 эрдэмтэн судлаач судалгааны үр дүнгээс хуваалцан илтгэл тавьсан бөгөөд илтгэгчид Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутагт орших Дугшихын балгаст 2024-2025 онд хийсэн археологийн малтлага судалгаанд гол анхаарлаа хандуулсан юм. Малтлага судалгаа болон газрын газаргууг агаараас тандан судалж 3D загвар гаргасны үндсэн дээр Монгол-Японы Дугшихын балгасыг XIV зууны хоёрдугаар хагаст байгуулагдсан өртөө зам байсныг судлаачид тодорхой болгоод байна. Уг балгас Монголын ээнт гүрний дараа ч өртөө замын зориулалтаар ашиглагдаж байсан ул мөр илэрснийг тэд онцолж байв.
Мөн тус хуралд Футаки Хироши ХVII-XVIII зуунд Ойрадын эзэмшилд байсан Зүүнгарын хаалганы орчмын Торгоны замд холбогдох газар усны нэрүүдийн тухай, Кацутоши Охори Квантуны армийн бүтээсэн Манжго, Өвөр Монголын газрын зургийн тухай, Кунио Минато Олон сүмийн япон судалгааны тухай, Д.Идэрхангай Өмнөговь аймгийн нутагт орших Монголын эзэнт гүрний үеийн язгууртнуудын дүрслэл бүхий хадны зургуудын тухай, Б.Батсүрэн Торгоны эртний нэгэн замын тухай тус тус сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв.
Link: https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/ubsymposium_20250901_mgl.html




