
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий МУИС-ийн багш нарт төрийн дээд цол, одонг 7-р сарын 8-ны хур бороотой өдөр хүртээв. Энэ удаад Монгол улсын Ардын багш цолыг МУИС-ийн гурван ахмад багшид гардуулсны дотор Түүхийн тэнхимээс МУИС-ийн профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ж.Урангуа багш хүртсэн юм. Төрийн өндөр дээд цолыг хүртсэн багшдаа олон мянган шавь нарынх нь өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэе!
Багш маань 1982 оноос хойш МУИС-д 43 жил багшлахдаа Шинжлэх ухааны доктор 1, доктор (Ph.D) 10, магистр 25, баклавар 42 удирдсан, үе үеийн түүхийн багш, судлаачдыг бэлтгэхэд бүх хүчээ зориулан ажилсан гавьяатан билээ. Та бол бидний амьдралд гэрэлтэх нарны гэрэл мэт үргэлж гийгүүлж, мэдлэг ухааны далай болсон эрдэмтэн хүн мөн.
МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг, МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Д.Заяабаатар, МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар, МУИС-ийн Төлөвлөлт, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор Б.Даваасүрэн нар төрийн дээд цол, одон хүртсэн багш нарыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв.


