Танилцуулга

МУИС-ийн ууган тэнхимийн нэг болох ТҮҮХИЙН ТЭНХИМ нь 1947 онд байгуулагдаж, үндэсний түүхч мэргэжилтэн төгсгөж эхэлснээс хойш эдүгээ хүртэл 2000 орчим мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэн төгсгөжээ. Эдүгээ МУИС-ийн Түүхийн тэнхим нь үндэсний түүхийн сургалтын суурь, Монголын түүхийн судалгааны гол цөм болж байна. Тус тэнхимээс монгол улсын нийт түүхч эрдэмтдийн 60% төрөн гарсан бөгөөд төгсөгчдөөс Монгол улсын хөдөлмөрийн баатар 2, ардын багш 3, гавьяат цолтон 21, академич 7, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) 23, боловсролын доктор (Ph.D) 150 орчим болжээ. Манай хөтөлбөрийг дүүргэсэн төгсөгчид судалгааны хүрээлэн, боловсролын байгууллагууд (их дээд сургуулиуд, дунд сургуулиуд), музей, архив, бүртгэл мэдээллийн товчоо болон төр, хувийн хэвшлийн бусад олон салбарт ажиллаж байна.

Түүхийн тэнхим дэлхийн түвшний мэдлэг, чадвар эзэмшсэн, мэргэжлийн үүрэг, ёсзүйг ухамсарласан, шүүмжлэлт болон бүтээлч сэтгэлгээгээ тасралтгүй хөгжүүлэх чадвартай түүхч, судлаачдыг бэлтгэх зорилгоор бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдийг санал болгож байна.