
Язгуурын монголчуудын онцгойлон бэлгэдэж тэмдэглэдэг байсан хэмээн Монголын нууц товчоонд гурвантаа өгүүлэгддэг зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр энэ жил 2026 оны 6-р сарын 1-ний өдөр тохиов. Чингис хааны мэндэлсэн өдөр хэмээн эртнээс үзсээр ирсэн энэ өдөр МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, оюутнууд Эзэн богдын төрсөн нутаг, угаасан ус Хэнтий аймгийн Биндэр сумд очиж малчин ард, сурагч хүүхдүүдэд Монголын эзэнт гүрний түүхтэй холбогдох сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлэн түүхийн ухааны мэргэжил сурталчлах арга хэмжээ зохион байгуулав.
“Монгол төрийн гал голомт 2026” хурал бол долоо дахь удаа зохион байгуулагдаж буй хурлын үйл ажиллагааны нэг юм. Энэ хуралд 6 илтгэл хэлэлцэгдлээ.
Хуралд дэд профессор Б.Батсүрэн судалгааныхаа сүүлийн үр дүнгээс “Чингис хааны төрсөн өдрийн тухайд”, профессор П.Дэлгэржаргал “Их Хуралдай”-н учир утгын талаар илтгэл хэлэлцүүллээ.
Мөн энэ хуралд түүхийн төгсөх түвшний оюутан Б.Нандинзаяа “Чингис хааны отгон хөвгүүн Тулуй”, М.Үүрцайх “Чингис хааны дүү Тэмүгэ отчигин”, П.Хонгорзул “Зүүн Цагадай улус”, Б.Дэлгэрмаа “Монголын төр, Чингис хаанд зүтгэсэн хятан түшмэд (Елюй Ахайн жишээгээр)” илтгэлүүдийг тавив. Тус хуралд оюутнуудын тавьсан илтгэлийн сэдэв тэдний бакалаврын судалгааны ажлын үр дүн байсан бөгөөд цөм шинэлэг үр дүнгээр дүүрэн, онц сонирхолтой байв. Энэ бол тэдний хувьд анх удаа олон нийтийн өмнө илтгэл хэлэлцүүлсэн явдал болсон билээ.
Төгсөгч оюутан та бүгдийн эрдэм бүтээлийн зам мөрийг Онон-Хурхын тунгалаг ариун ус үргэлж ивээн тэтгэх болтугай!
Тус хурлын арга хэмжээнд МУИС-ийн ШУС-ийн захирал Б.Болд-Эрдэнэ, МУБИС-ийн Түүхийн тэнхимийн профессор Ц.Гантулга, доктор Б.Нанжид нар, мөн тус арга хэмжээг анхлан санаачлагч Хэнтий аймгийн Биндэр сумын иргэн Г.Мөнхбилэг, засаг дарга асан Н.Алтангэрэл нар оролцож, засаг дарга Ц.Дэмбэрэлсайхан нар дэмжлэг үзүүлэв. Мөн МУИС-ийн багш, оюутнуудыг Биндэр нутагт “Биндэр резорт” амралтын газар халуун дотно хүлээн авч туслалцаа үзүүлсэнд тус амралтын газрын эзэн, Биндэр сумын иргэн, МУИС-ийн археологи, антропологийн ангийн 2001 оны төгсөгч Г.Эрдэнэтөгсөд гүнээ талархаж байна.





