
МУИС-ийн Түүхийн тэнхимд Шанхайн Хуадун Багшийн их сургуулийн Түүхийн тэнхимийн дэд профессор Гү Жикунь зочилж байна. Тэр бээр 2025 оны 5-р сарын 25-нд “БНМАУ-БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосон нь, дипломат харилцааны хөгжлийн эхний жилүүд (1949-1952 он)” сэдэвт лекц тавив. Хоёр цаг үргэлжилсэн лекцийг Н.Алтантөгс удирдан зохион байгуулав. Лекцэд хятад, монголын түүх сонирхон судалдаг судлаач, түүхчид оролцон олон сонирхолтой асуулт тависан юм.
Дэд профессор Гү Жикунь нь орчин үеийн түүх, олон улсын харилцаа сонирхон судалдаг судлаач агаад Шанхайн Хуадун багшийн их сургуулийн Социализмын түүх, баримт судлалын хүрээлэнгийн судлаач юм. Гү Жикунь нь 2024 онд “Атгалцсан гараас хөлдсөн мөс хүртэл. Хүйтэн дайны эхэн үеийн Хятад-Монголын харилцааны түүхийн судалгаа (1949-1968)” ном хэвлүүлсэн бөгөөд тус бүтээлд БНХАУ-ын Гадаад харилцааны яамны архив, Бээжин хотын архив, Шанхай хотын архив, ОХУ, БНМАУ-ын архивын баримтуудыг өргөнөөр ашиглажээ.




