МУИС-ийг 2014-2015 оны хичээлийн жилд 2531 бакалавр, 450 магистр, 20 доктор амжилттай дүүргэж, өнөөдөр нийслэл хотын төв цэг Чингисийн талбайд МУИС-ийн удирдлага, эрдэмтэн профессоруудаас ромбо дипломоо хүндэтгэлтэйгээр гардан авлаа.
Эрдмийн баяр нь зөвхөн төгсөгчдийн төдийгүй өндөр мэдлэг ур чадвартай дээд боловсролтой иргэдтэй болж буй нийт ард олны бахархлын өдөр бөгөөд өнөөдөр төгсөгчид, тэдний ар гэр, МУИС-ийн хамт олон нийлсэн 7000 орчим хүн хуран цугларч өргөн дэлгэр болж тэмдэглэж байна.
Ёслолын ажиллагаанд БСШУ-ны Дэд сайд Б.Тулга, БСШУЯамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, МУИС-ийн төгсөгч “Эрдэнэс Монгол” ТӨК-ийн захирал Б.Бямбасайхан тэргүүтэй хүндэт зочид морилон ирж Үндэсний тэргүүлэх их сургуулийн төгсөгчидтэй баярыг нь хуваалцаж, тэдэнд диплом гардуулав.
Төгсөгчдийн баярын парадаар үүдээ нээсэн ёслолд зөвхөн төгсөгчид төдийгүй МУИС-ийн захирал, Эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш нар хүндэт докторын өмсгөлөөрөө гоёж ирсэн нь Эрдмийн баярыг улам тодотгож байлаа.
Амьдралдаа нэгэн шинэ хуудсыг эхлүүлэхээр зэхэж байгаа төгсөгчид та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье.