МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Боловсрол судлалын тэнхимээс багш боловсролын хөтөлбөрийн оюутны дунд Багшлах ур чадварын тэмцээн 2023 оны 12 дугаар сарын 04-09-ний өдрүүдэд хоёр шаттайгаар амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд МУИС-ийн Байгаль, Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны салбаруудаас гадна Дорнод, Ховд салбар сургуулиуд оролцож өргөжсөнөөрөө онцлог боллоо.
Тэмцээний хоёрдугаар шатанд нийт 13 багийн 60 орчим оюутан, үүнд Ховд сургуулийн хоёр баг онлайнаар, Дорнод сургуулийн хоёр баг биечлэн оролцож хичээлийн судалгааны үр дүнгээр илтгэл тавьж, хичээлийн үзэсгэлэнгээ дэлгэн танилцуулав.
МУИС-ийн багш нарын хийсэн судалгааны дүнд тэмцээнээс оюутны эзэмших мэдлэг, чадвар, хандлага нь багш боловсролын хөтөлбөрийн суралцахуйн зорилтуудтай 75 хувийн нийцэлтэй байна гэсэн үр дүн гарсан. Цаашлаад оюутнууд хөтөлбөрийн суралцахуйн зорилтод тусгагдаагүй ч амжилттай багшлахад чухал хэрэгтэй чадварууд, тэр дундаа зөөлөн чадваруудыг багаар ажиллах явцдаа эзэмшиж, хөгжүүлж байна. Ийнхүү ур чадварын тэмцээн нь багш боловсролын хөтөлбөрийн хичээлүүдийг нэгтгэн интеграцчилж төгсөгчид ажлын байранд гарахад хэрэг болох мэдлэг, чадварыг цогцоор олгож байгаа юм.
Тэмцээнээс байгаль, нийгэм-хүмүүнлэгийн ухааны салбар тус бүр гурван байр шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа. Үүнд:
Байгалийн ухааны нэгдүгээр байр: Багш, Байгалийн ухааны боловсрол (Хими) хөтөлбөрийн оюутан Ш.Нарангэрэл, Б.Буянт, Б.Лхагважаргал, Б.Хонгорзул, А.Халиун нар “Анион катионыг таних арга” сэдэвт хичээлийн судалгаагаар
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны нэгдүгээр байр: Багш, Монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн оюутан Ц.Ариунаа, Б.Отгончимэг, Г.Мөнхзул, Д.Мөнхцэцэг, Н.Номин-Эрдэнэ нар “Шалтгааны утгатай нийлмэл өгүүлбэрийн бүтцийг тодорхойлох” сэдэвт хичээлийн судалгаагаар
Байгалийн ухааны хоёрдугаар байр: Багш, Байгалийн ухааны боловсрол (Физик) хөтөлбөрийн оюутан Б.Солонго, Н.Нямдаваа, О.Мөнхцэцэг, Д.Уянга, Б.Одгэрэл нар “Цахилгаан зайн холболт” сэдэвт хичээлийн судалгаагаар
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны хоёрдугаар байр: Багш, гадаад хэлний боловсрол (Англи) хөтөлбөрийн оюутан А.Мөнх-Ундрал, Ш.Батбаяр, Б.Хулан, М.Нурерке нар “Family and People” сэдэвт хичээлийн судалгаагаар
Байгалийн ухааны гуравдугаар байр: Дорнод ИС-ийн Багш, Бага ангийн боловсрол хөтөлбөрийн оюутан Б.Отгончимэг, А.Ариунтунгалаг, Э.Нандинцэцэг нар “Соронз юунд татагддаг вэ?” сэдэвт хичээлийн судалгаагаар
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны гуравдугаар байр: Багш, Монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн оюутан З.Анужин, Э.Дэлгэрцэцэг, М.Хонгорзул, Б.Цэндмаа, Э.Хашболор нар “Шинжлэх ухааны хялбаршуулсан эхэд байгаа дүгнэлт, баримт нотолгоонд дүн шинжилгээ хийх” сэдэвт хичээлийн судалгаагаар тус тус шалгарав.
Цаашид үйл ажиллагааг улам бүр чанаржуулахын тулд орон нутгийн салбар сургуулиудыг илүү өргөнөөр оролцуулах, өмнөх жилүүдийн хичээлийн судалгааны мэдээллийг дараагийн шатны судалгааны эргэлтэд оруулах, сургалтад ашиглах зэрэг ажлууд хүлээгдэж байгаа юм. Багшлах ур чадварын тэмцээнийг чанаржуулж үр дүнтэй болгохын тулд хамтран ажиллаж байгаа заах арга зүйн багш нарын хамтлаг, тэмцээнийг бүх талаар дэмжиж ажилладаг ШУС, Дорнод, Ховд сургуулиудад багш боловсролын хөтөлбөрийн нийт оюутнуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.
Тэмцээний үеэр оюутнуудаас багш мэргэжлийг сонгох болсон шалтгааныг тодруулахад Монгол хэл, уран зохиолын багшийн ангийн оюутан н.Анужин “Монгол хэл, уран зохиолын хичээлдээ сонирхолтой байсан ба хүүхдүүдэд монгол хэл заах сайхан санагддаг” гэлээ. Харин англи хэлний багшийн ангийн оюутан н.Мөнх-Ундрал “Мэддэг зүйлээ бусдад зааж өгөх сайхан байдаг болохоор багш болохоор шийдсэн” хэмээв.
Тэмцээнд оролцогчид болон тэднийг дэмжихээр ирсэн оюутнууд МУИС-д суралцахын зэрэгцээ ЕБС-иудад багшаар ажиллаж байгаа ба ирээдүйн залуу багш нарт үр өгөөжтэй тэмцээн зохион байгуулсанд талархлаа илэрхийлэв.
Боловсрол судлалын тэнхим