Руни бичгийг уншиж тайлсны 129 жилийн ойд зориулсан “Түрэг судлал” сэдэвт уламжлалт оюутны эрдэм шинжилгээний хурал

МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхим, Түрэг судлалын салбар, түүний дэргэдэх Нүүдэлчдийн утга соёлын “Таван Ухаан” клуб хамтран Руни бичгийг уншиж тайлсны 129 жилийн ойд зориулсан “Түрэг судлал” сэдэвт уламжлалт оюутны эрдэм шинжилгээний хурал 2022.12.15-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Тус эрдэм шинжилгээний хурлын нээлтийн үйл ажиллагаанд МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхимийн Түрэг судлалын салбарын профессор Ц.Баттулга цахимаар оролцож мэндчилгээ дэвшүүлснээс гадна урилгаар тус тэнхимийн магистрант Э.Саранболор, “Түрэг судлал – оюутны эрдэм шинжилгээ, судалгаа” сэдвийн хүрээнд уг хурлын зохион байгуулагдаж ирсэн түүх, уламжлалаас танилцууллаа.

Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь 2003 оноос хойш Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа явуулж буй бүх их, дээд сургуулийн оюутан залуусын дунд тасралтгүй 19 жил амжилттай зохион байгуулагдаж байна.

Энэ жилийн хуралд гадаад хэл, орон судлал, түрэг судлал, харьцуулсан хэл шинжлэл, түүх археологи, утга зохиол урлаг судлал, газар зохион байгуулалт хот төлөвлөлт зэрэг олон салбар чиглэлээр оюутнууд илтгэлээ хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлсэн илтгэлүүдээс тэргүүн байрт Б.Бархассүрэн /Гадаад хэл, орон судлал (Турк) III/ “Монгол, Түрэг угсаатны ууль шувууны бэлгэдэл”, дэд байрт Г.Үржинханд /Хот төлөвлөлт IV/ “Түргэний голын хөндийн Түрэгийн үеийн дурсгалуудын орон зайн дүн шинжилгээ”, гутгаар байрт П.Сийлэгмаа /Утга зохиол судлал III/ “Турк, Монгол шүлгийн уран сайхны харьцуулалт”, тусгай байрт М.Мөнх-Учрал /Археологи III/ “Түрэгийн үеийн хүн чулуун дахь дүрсэлбэрийн бусад үеэс ялгарах онцлог” нарын илтгэл шалгарав.

“Түрэг судлал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын эрхэм шүүгч, эрдэмтэн судлаач, багш нар, дэмжин ажилласан “Оюут” урлангийн хамт олонд талархал илэрхийлье. Нийт оюутан суралцагч нартаа цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.

“Таван Ухаан” оюутны клуб