Оюутны хээрийн дадлага, судалгааны ажил амжилттай боллоо.

МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхимийн Орон судлал (турк) хөтөлбөрийн III түвшний оюутнууд 2024 оны 06-р сард хээрийн дадлага, судалгааны ажилдаа амжилтай яваад ирлээ. Уг дадлага судалгааны ажлыг тус тэнхимийн Доктор (Ph.D), Дэд профессор Н.Гэрэлмаа, дадлагажигч багш Т.Загарпэрэнлэй нар удирдсан бөгөөд Монгол улсын төвийн бүсийн аймгууд дахь Монгол, Түрэг, Уйгурын үед хамаарах хэл бичиг, түүх соёл, археологи хайгуул, хот суурингуудын дурсгалт газруудтай танилцлаа.

Тухайлбал тус хээрийн дадлага, судалгааны ажлын хүрээнд Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Күли Чурын гэрэлт хөшөө, Цогтын хадны бичээс, Лүн сумын нутагт орших Тарнын голын хүн чулуу, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт орших Эрдэнэзуу хийд, Хархорин музей, Архангай аймгийн Цэцэрлэг хотын төв музей, Бугатын гэрэлт хөшөө, Хашаат сумын нутагт орших Хөшөө Цайдам музей, Хотонт сумын нутагт орших Уйгурын хар балгас буюу Орду Балык хотын туурь мөн Ихтамир сумын нутагт орших Тайхир чулууны бичээс, Бага хайрханы бичээсээс гадна Баян цагааны хөндий дэх буган чулуун хөшөөд, түрэгийн үеийн тахилын онгон зэрэгтэй танилцаж дадлага судалгааны ажлыг өргөн хүрээнд хийж гүйцэтгэлээ.

Төв аймаг, Дэлгэрхаан сум, Их хөшөөт, Күли Чурын гэрэлт хөшөө

Төв аймаг, Дэлгэрхаан сум, Цогтын хадны бичээс

Өвөрхангай аймаг, Хархорин сум, Эрдэнэзуу хийд

Өвөрхангай аймаг, Хархорин сум, Хархорин музей

Архангай аймаг, Ихтамир сум, Бага хайрханы бичээс

Өвөрхангай аймаг, Хархорин сум, Археологийн малтлага судалгаатай танилцав

Архангай аймаг, Хашаат сум, Орхоны хөндий, Хөшөө цайдам музей. Күл тигиний гэрэлт хөшөө байрлаж байсан газар

Оюутны хээрийн дадлага, судалгааны ажил нь тухайн чиглэлээр сурч буй залуу боловсон хүчнийг мэргэжилдээ улам дур сонирхолтой болгох, судалгааны бодит орчинтой танилцуулах, судалгааны арга зүй, арга барилд сургах, хамт олноо улам танин мэдэх, хээрийн судалгааны ажлын үнэ цэн, давуу талыг ойлгох зэрэг шинэ мэдлэг, чадвар олгодогоороо онцлогтой.

Энэхүү дадлага, судалгааны ажлыг жил бүр дэмжин ажилладаг МУИС, ШУС, ХУС-ын захиргаа, Ази судлалын тэнхим болон багш нар мөн судалгааны ажилдаа идэвх санаачлагатай оролцсон Орон судлал (турк) хөтөлбөрийн III түвшний оюутнууддаа баярлалаа.

Та бүхний цаашдын сурлага болон судалгааны ажилд амжилт хүсье.

МУИС, ШУС, ХУС
Ази судлалын тэнхим
Түрэг судлалын салбар