МУИС, Орон судлал (Турк) салбарын дэргэдэх “Таван Ухаан” клубийн зүгээс #дийддийд цуврал уулзалт ярилцлагын эхний дугаараа 2024.04.17-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Энэхүү уулзалт ярилцлагад нийгэмд зөв үлгэр дуурайлал, нөлөө үзүүлж буй манлайлагч залуусыг онцлон урьж оролцуулж байгаа билээ.
Эхний дугаарт бидний урилгаар МСБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Үндэсний Дээд Лигийн техникийн менежер, 3х3 олон улсын шүүгч Ө.Мөнхчулуун болон Сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин, 3х3 сагсан бөмбөгийн Азийн чансааны №1 тоглогч Д.Дэлгэрням нар оролцож “Тууштай байдал, дадал зуршил яагаад чухал вэ?” сэдвээр оюутан залуустай сонирхолтой яриаг өрнүүллээ.
Сэдвийн хүрээнд зөв хандлага, дадлага туршлага, тууштай байдал нь хөгжин дэвшихэд ямар чухал болохыг өөрсдийн амьдралын бодит туршлага дээр тулгуурлан ярьсан нь оюутан залуучуудад урам зориг өгч, цаашид улам хичээн суралцахад нь нэгэн хөшүүргэ болсон гэж бодож байна.
Мөн Д.Дэлгэрням өөрийн хүүхэд ахуй наснаас эхлээд хэрхэн сагсан бөмбөгтэй холбогдсон түүхээ сонирхолтой, хөгжилтэй байдлаар өгүүлсний зэрэгцээ “тууштай байдал, шаргуу хөдөлмөр нь хүний амьдралын замыг засдаг. Тийм учраас та бүхэн аливаа зүйлд тууштай, хичээл зүтгэлтэй байгаарай” гэж захиснаас гадна “хичээл сургуульдаа улам шамдан суралцах нь маш чухал” болохыг онцлон дурдсан юм.
Харин Ө.Мөнхчулуун өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн хэрхэн англи хэлийг багшгүйгээр сурсан тухайгаа мөн хичээл зүтгэлийн үнэ цэн юу болох тухай өгүүлсэн бөгөөд “зөв дадал зуршлыг өөртөө төлөвшүүлснээр хүн амжилтад хүрнэ” гэдгийг оюутан залууст санууллаа.
Эхний удаагийн лекц ярилцлагын урилгыг найрсагаар хүлээн авч залуучуудтай халуун дулаан яриа өрнүүлсэн Ө.Мөнхчулуун болон Д.Дэлгэрням нартаа цаашдын ажил, спортын замналд нь улам их амжилт хүсье.
Мөн уулзалт ярилцлагад хүрэлцэн ирсэн нийт оюутан залуус, Р.Гантулга эрхлэгчтэй МУИС-ийн биеийн тамирын тэнхимийн хамт олон төдийгүй “МУИС Шонхорууд” багийн дасгалжуулагч Л.Эрдэнэпүрэв багшдаа, “МУИС Шонхорууд” багийн тамирчдадаа маш их баярлалаа.
Цаашдынх нь ажил үйлс, тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.
Зөв нийгмийг сонсъё #дийддийд…
МУИС, АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ
ТУРК ОРОН СУДЛАЛЫН САЛБАР