МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн Турк орон судлалын хөтөлбөрийг Ататуркийн нэрэмжит Нийслэлийн Ерөнхий Боловсролын тавдугаар сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.
Өдөрлөгийг эхлүүлж тус сургуулийн 11а ангийн сурагч Э.Хонгорзул “Hayat Bayram Olsa”, 11г ангийн сурагч Г.Мишээл “What A Wonderful World” дуугаар мэндчилгээ дэвшүүллээ.
Хөтөлбөрийн танилцуулгад БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Зафер Атеш оролцож, БНТУ-ын Засгийн газрын тэтгэлэг болон МУИС-ийн орон судлал (турк) хөтөлбөр, мөн хоёр улсын найрсаг хамтын ажиллагааны тухай товч танилцууллаа. МУИС-ийн Ази судлалын тэнхимийн багш Т.Загарпэрэнлэй хөтөлбөрийн зорилго, чиглэл, давуу талын тухай танилцуулсан бол IV дамжааны оюутан Б.Бархассүрэн төгсөгчдийн ажлын байр болон хээрийн дадлага судалгааны тухай, III дамжааны оюутан А.Пүрэвсүрэн БНТУ-ын Измир Катип Чэлэби Их Сургуулийн нэг жилийн хэлний бэлтгэлийн бүрэн тэтгэлэгт хөтөлбөрийн тухай, Б.Мядагсүрэн МУИС-ийн элсэлт болоод тухайн хөтөлбөрт элсэхэд шаардлагатай шалгалт /ЭЕШ/-ын тухай тус тус дэлгэрэнгүй танилцуулав.
Мөн III дамжааны оюутан Б.Амарбаяр тус үйл ажиллагааны зохион байгуулалтыг хариуцан ажиллаж, нийт сурагчдын сонирхсон асуултад хариуллаа.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд МУИС-ийн хүндэт доктор Анита Фарни-Миниэрийн хамгийн сүүлд гаргасан бүтээлийг нийт сурагчдад бэлэглэж, мөн сургуулийн номын санд 10 ширхэг хандивласныг сургуулийн захирал Н.Гэндэнсүрэнд гардуулав. Тэрбээр хүүхэд залуусын хэлний мэдлэгийг хөгжүүлэх, байгалиа хайрлан хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор өөрийн зохиосон номоо үнэ төлбөргүй хандивладаг билээ.
БНТУ-ын хэл, түүх, соёл, уламжлалын талаар анхааралтай сонсож, сонирхсон асуултаа нээлттэй асуусан 11, 12-р ангийн нийт сурагчдадаа төдийгүй энэхүү үйл ажиллагааг дэмжин ажилласан тус сургуулийн захиргаа, багш нарт талархал илэрхийлье.
МУИС, ШУС, ХУС
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ
ТУРК ОРОН СУДЛАЛ