ТАНИЛЦУУЛГА
МУИС-д Азийн хэлний мэргэжлээр хамгийн анх хятад, манж, төвөд хэлний ангид 1957 оноос оюутан элсүүлж эхэлжээ. МУИС-ийн Хэл бичгийн факультетийн харьяа ‘Гадаад хэлний тэнхим’ бол Монгол улсын гадаад руу чиглэсэн бодлогын илрэл болж ази, европын тодорхой хэдэн хэлний мэргэжилтэн бэлдэж ирсэн түүхтэй. 1991 онд МУИС-д ‘Олон Улсын Харилцааны Дээд Сургууль’ тус тэнхимийн суурин дээр байгуулагдаж, бүтцэд нь ‘Дорно дахины судлалын тэнхим’ байгуулагдаж байсан юм. Улмаар энэ сургуулиас ‘Гадаад хэл, соёлын сургууль’ салбарлан байгуулагдаж, азийн хятад, япон, солонгос, турк, араб хэлний тэнхимийн зохион байгуулалттай ажиллаж байв. 2014 онд МУИС-д бүтцийн өөрчлөлтийг хийж, ШУС-ийн ХУС-ын харьяанд ‘Ази судлалын тэнхим’ байгуулагдсан билээ. Эдүгээ МУИС дахь Ази судлалын тэнхим нь өөрийн үүрэг бүтцийн хүрээнд Ази тивд чиглэсэн судалгааны төвлөрсөн түшиц газар болох зорилготой. Бид “Монгол дахь Ази судлал” сэтгүүлийг санаачлан, олон улсын түвшинд гаргахаар ажиллаж байна.