Боловсрол судлалын тэнхим нь 2023 онд шинээр байгуулагдсан бөгөөд байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр багш бэлтгэх бакалаврын зэргийн хөтөлбөрүүдийг бусад тэнхимүүдтэй хамтран хэрэгжүүлж, боловсрол судлалын хөтөлбөрөөр магистр, докторын түвшний сургалтыг зохион байгуулж байна.
Тус тэнхим нь бусад мэргэжлийн тэнхимүүд, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнтэй хамтран боловсрол судлалын тодорхой чиглэлүүдээр судалгааны ажлууд хийж байна. Түүнчлэн Боловсрол судлалын тэнхим нь гадаадын их сургуулиудын тухайн чиглэлийн тэнхим, эрдэмтэдтэй хамтран харьцуулсан боловсрол судлалын болон боловсролын шинэчлэлийн чиглэлээр хамтарсан судалгаа, төсөл хэрэгжүүлэх ажлыг эхэлж байна. Манай тэнхимийн хамт олон нь Монгол улсын боловсролын сургалт, судалгааны тэргүүлэх төв болох зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.
Хаяг: 226 тоот, МУИС-н хичээлийн II байр, Их сургуулийн гудамж – 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар
Утас: 7575 4400 – 2331
Цахим шуудан: uyanga.ts@num.edu.mn
All rights reserved © Department of Education Study
МУБИС-ийг 1995 онд Англи хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн. 1997 онд ХИС-д боловсрол судлалаар магистрын зэрэг, 2006 онд БНХАУ-ийн Зүүн Хойдын Багшийн Их Сургуульд “Монгол-Хятадын дээд боловсролын удирдлагын харьцуулсан судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. 1997 оноос МУБИС-ийн харьяа Сурган Хүмүүжүүлэх Ухааны Коллеж, ХҮИС, МУИС-ийн Гадаад хэлний төвд англи хэлний багш, тэнхимийн эрхлэгчээр, 2016-2018 онд МУИС-д Оюутны албаны даргаар ажилласан. 2021 оноос МУИС-ийн ШУС-НУС-ын Боловсрол, сэтгэл судлалын тэнхимд багшаар, 2023 оноос Боловсрол судлалын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна. Бакалавр болон магистр, докторын түвшинд “Сурган хүмүүжүүлэх зүй”, ”Боловсролын харилцаа” “Боловсролын менежмент”, “Харьцуулсан боловсрол судлал”, “Дээд боловсролын технологи” хичээлүүдийг зааж байна. “Харьцуулсан боловсрол судлал”-ын чиглэлээр судалгаа хийхийн зэрэгцээ 2021-2022 оны хичээлийн жилд “Дээд боловсролын харьцуулсан судалгаа” төслийг удирдан хэрэгжүүлсэн. Хөндлөнгийн үнэлгээ бүхий олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд 6, Spocus санд бүртгэлтэй судалгааны сэтгүүлд 3 өгүүлэл бичиж хэвлүүлсэн. 2013 онд “Business Studies” гарын авлага, 2019 онд “Дээд боловсролын менежмент гарын авлага, 2022 онд “Дээд боловсролын тогтолцооны харьцуулсан судалгаа” ном бичиж сургалтын хэрэглээнд оруулсан. 2009 онд БСШУЯ-ны “Жуух бичиг”, 2012 онд Монголын Улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан”, 2019 онд “Алтан гадас” одонгоор шагнагдсан болно.
МУИС-ийн Нийгмийн Ухааны Салбарын Боловсрол Судлалын тэнхимд багшаар дэд профессорын зэрэглэл дээр ажиллаж байна. Тэрээр 2001 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг Англи-Орос хэлний багшаар суралцаж төгссөн. Улмаар 2003 онд МУИС-ийн НШУС-д цагийн багшаар ажиллаж байгаад 2006 онд МУИС-ын Гадаад хэл соёлын сургуульд Хэл шинжлэлийн ухаанаар магистрын зэрэг хамгаалсан. 2004 онд НШУС-д Англи хэлний тэнхим байгуулагдсанаар багшаар ажиллаж эхэлсэн. 2010 онд БНСУ-ын Корей Их сургуульд Боловсрол судлалын чиглэлээр докторантурт элсэн суралцаж 2015 онд докторын зэргийг “Гадаад оюутнуудын туршлага суралцахуй болох нь: Өмнөд Солонгос Улсын нэгэн их сургуулийн жишээн дээр” сэдвээр хамгаалсан. Тэрээр 2015 оноос МУИС-ийн Гадаад хэлний төвд багшаар ажиллаж 2023 оноос Нийгмийн Ухааны салбарын Боловсрол Судлалын Тэнхимд багшаар шилжин ажиллаж байна. Боловсрол судлалын чиглэлээр нийт 12 эрдэм шинжилгээний өгүүллийг олон улсын болон дотоодын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн байна. Олон улсын хуралд эрдэм шинжилгээний 14 ажил хэлэлцүүлсэн байна. Мөн Studies in Higher Education, Sage Open сэтгүүлүүдэд хянан магадлал хийн олон улсын эрдмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Тэрээр боловсролын чанар, боловсролын судалгааны арга зүй, grounded theory, цахим сургалт, хиймэл оюун ухааны боловсролын оролцоо, олон улсын оюутнуудын туршлага, их дээд сургуулийн оюутнуудын суралцахуй талаарх асуудлыг судалдаг. 2010 онд МУИС-ын баярын бичиг, 2016 онд МУИС-ын жуух бичиг, 2018 онд БШУЯ-ны жуух бичиг, 2022 онд БШУЯ-ны Боловсролын тэргүүний ажилтан тэмдгээр тус тус шагнуулж байв.
англи-орос хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. Монгол улсын дээд боловсролын салбарт 1998 оноос ажилласан. Монгол улсын их сургуульд 1998 онд Боловсрол судлалын магистрын зэрэг, ОХУ-ын Москвагийн Багшийн их сургуульд 2004 онд “Багш бэлтгэх их дээд сургуулийн сургалтын процессын технологичлол” сэдвээр Боловсрол судлалын докторын зэрэг хамгаалсан.
2004-2007 онд МУИС-ийн МХСС-ийн Гадаад хэлний тэнхимд ахлах багш, 2007-2010 онд НШУС-ийн Англи хэлний тэнхимийн эрхлэгч, 2010-2011 онд Гадаад хэлний сургалтын төвийн эрхлэгч, 2011-2023 онд Гадаад хэлний сургалтын төвд дэд профессор, 2023 оноос Боловсрол судлалын тэнхимд дэд профессороор ажиллаж байна. Энэ хугацаанд МУИС-ийн бакалавр, магистрын түвшинд англи хэл, магистр, докторын түвшинд “Суралцахуйн сэтгэл зүйн үндэс”, “Боловсролын хөгжлийн онол арга зүй”, “Боловсролын харилцаа” хичээлийг зааж байна.
Боловсрол судлал, Монгол судлал, хэл шинжлэлийн салбарт судалгаа хийж, эрдэм шинжилгээний 40 өгүүлэл; гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хуралд 60 гаруй илтгэл хэлэлцүүлсэн; нэг сэдэвт бүтээл 7, толь бичиг, гарын авлага, сурах бичиг 7, орчуулгын бүтээл 10, хянан тохиолдуулсан ном 11, дотоод, гадаадын хамтарсан 7 төсөл, гэрээт ажилд гүйцэтгэгчээр оролцсон; магистрын 2 ажил удирдаж хамгаалуулсан; 2022 онд Springer индекстэй “Насанд хүрэгсдэд англи хэл заах нь: Насан туршийн боловсролоор өөрчлөлтийг авчрах нь” номын “Насан туршийн гадаад хэлний боловсрол: Алслагдмал бүс нутгийн дуу хоолой” 5-р бүлгийг 2-р зохиогчоор бичиж хэвлүүлсэн. 2020 онд “Якут/Саха/ хэлний монгол гаралтай, ижил үгийн толь бичиг” бүтээлдээ Монгол улсын Оюуны өмчийн гэрчилгээ авсан. 2012 онд Монгол Улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан болно.
1999 онд МУИС-ийн ОУХДС-ийг орос хэлний багш орчуулагч, англи хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн. 2000 онд МУИС-ийн ГХСС-д “Хэлний хэлэхүйн бус хэрэглүүр- дохио зангаа” сэдвээр хэл шинжлэлийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. 2021 онд БНХАУ-ын Бээжингийн Багшийн Их Сургуульд “Их дээд сургуулийн англи хэлний багшийн мэргэжлийн хөгжил, үр дүнгийн хандлага” сэдвээр боловсрол судлалын докторын зэрэг хамгаалсан. 1999 оноос ҮБТДС-д орос, англи хэлний багшаар ажиллаж байгаад 2005 оноос МУИС-ийн ОУХС-ийн Дипломат Орчуулгын Тэнхимд, 2014 оноос МУИС-ийн ШУС, ХУС-ын ГХТ-д, 2023 оноос тус сургуулийн НУС-ын Боловсрол Судлалын Тэнхимд багшаар ажиллаж байна. Одоогоор магистр, докторын түвшинд Харьцуулсан боловсрол судлал, Бага дунд боловсролын менежмент хичээлүүдийг зааж байна. “Багшийн мэргэжлийн хөгжил”, “Дагах ба синхрон орчуулга”, “Харьцуулсан боловсрол судлал”, “Нийгэм хэл шинжлэл” чиглэлээр судалгааны ажлууд хийхийн зэрэгцээ англи, монгол хэл дээр судалгааны ажлууд хэвлүүлсэн. Мөн олон улсын харилцааны чиглэлээр суралцдаг оюутнуудад зориулсан “Дипломатын англи хэл” гарын авлага хэвлүүлж сургалтад ашиглаж байна. 2010 онд МУИС-ийн “Баярын бичиг”, 2012 онд МУИС-ийн “Жуух Бичиг”, 2014 онд БСШУЯ-ны “Жуух Бичиг”, 2021 онд МУ-ын Засгийн Газрын шагнал “Боловсролын Тэргүүний ажилтан” тэмдгээр тус тус шагнагдсан болно.
2001-2004 онд Улаанбаатар хотын ХҮДС-ийг Худалдааны менежмент мэргэжлээр бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг, 2007-2009 онд бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалж, ОХУ-ийн БГУ-д боловсролын удирдлага чиглэлээр докторантад суралцаад 2021 онд Боловсрол судлалын докторын зэрэг хамгаалсан. Мөн 2009 онд Мэдээллийн технологи ашиглах чадварыг дээшлүүлэх сургалт, 2009 онд Хяналт, шинжилгээ, үнэлгээний онол арга зүй сургалт, 2008 онд багшлах эрхийн сургалтад сууж мэргэжил дээшлүүлсэн. Ж.Үржинсүрэн нь 1998-2004 онд “Дүүхээ” ХХК хүний нөөцийн менежер, 2004-2008 онд Santis боловсролын төвд хүний нөөцийн удирдлагын багш, 2008-2011онд Чингис Хаан дээд сургуульд Бизнесийн Удирдлагын тэнхимийн эрхлэгч, нягтлан бодох бүртгэлийн багшаар, 2011-2012 онд Цэцээ гүн дээд сургуульд Бизнесийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, хүний нөөцийн багш, 2012-2013 онд Энх-Орчлон дээд сургуулийн Менежмент-Мэдээллийн технологийн тэнхимийн эрхлэгч, 2012 оноос одоог хүртэл өөрийн үүсгэн байгуулсан Удирдлага Хөгжлийн Менежментийн академийн захирлаар, 2018 оноос эхлэн одоог хүртэл МУИС-д багшаар ажиллаж байна. 2023 оноос МУИС-ийн ШУС-НУС-ын Боловсрол судлалын тэнхимд ахлах багшаар ажиллаж байна.
2003 онд Сэрүүлэг дээд сургуулийг төгссөн. 2009 онд МУИС-ийн Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны тэнхимд “6 настай хүүхдийн сургуульд бэлэн байдлын судалгаа” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. МУБИС-ийн СӨБС-д багшилж байгаад 2012-2023 онд Боловсрол, сэтгэл судлалын тэнхимд багшаар, 2023 оноос Боловсрол судлалын тэнхимд багшаар ажиллаж байна. Бакалаврын түвшинд Сурган хүмүүжүүлэх зүй, Сургалтын технологи, Хүүхдийн сэтгэл судлал, Хүүхэд судлах арга зүй хичээлүүдийг заахын зэрэгцээ Багш боловсролын хөтөлбөрийн танилцах, дагалдах, багшлах дадлага, Ажил мэргэжил судлал хөтөлбөрийн мэргэших дадлагуудыг удирддаг. Бага насны хүүхдийн цогц хөгжил, 0-18 насны хүүхдийн сэтгэл хөдлөл, нийгэмшлийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн сэтгэл зүйн нөлөө, Монгол хичээлийн соёлын онцлог зэрэг чиглэлээр судалгаа хийдэг. Дотоодын төрийн болон төрийн бус байгууллагууд, ОУ-ын донор байгууллагуудтай амжилттай хамтран ажилладгийн дотор НҮБ-ын Хүүхдийн сантай Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих чиглэлээрх судалгааны ажлаар хамгийн удаан хугацаанд тогтвортой хамтран ажиллаж байна. АНУ-ын Баруун Вашингтоны ИС-тай хамтарч нүүдэлчин малчдын сэтгэл зүйд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөөллийн судалгаа, АНУ-ын Эморигийн ИС-тай хамтарч хүүхдийн нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хөгжлийн судалгаа хийхийн зэрэгцээ Япон улсын Нагояа ИС-тай хамтарч Монгол хичээлийн соёлын харьцуулсан судалгааг докторын зэрэг горилох ажлын хүрээнд хийж байна.
2006 онд МУИС-ийн ОХУС-ийг олон улсын харилцааны бакалавр зэрэг, 2013 онд Швед улсын Стокхолмын их сургуулийг олон улсын харилцаа/эдийн засгийн түүхийн ШУ-ны магистрын зэрэгтэй төгссөн. 2020 онд Япон улсын Васеда их сургуулийн олон улс судлалын докторын хөтөлбөрийг дүүргэсэн. 2014 оноос МУИС-д ажиллаж байгаа бөгөөд 2023 оноос Боловсрол судлалын тэнхимд туслах ажилтнаар ажиллаж байна.